-Барак Обамагийн гадаад бодлогын хамгийн том алдааны нэг нь барьцааны хүмүүсийг $1,7 тэрбум доллараар худалдан авахыг зөвшөөрсөн явдал болж магадгүй-
Цагаан ордон их хэмжээний мөнгө барьцаалагчдад төлсөн тухай өнгөрсөн зун The Wall Street Journal сонин бичиж байв. Энэ нь америкчуудыг барьцаалах шинэ давалгааг өдөөлөө гэж Ерөнхийлөгчийг буруутгаж байсан юм.
Барьцаалагчдад их хэмжээний валют төлдөггүй гэж Вашингтон мэдэгдсэн ч хэн ч итгээгүй билээ. 2016 оны зун Америкийн хэвлэлд мэдээлснээр, эрх баригчид 400 сая доллар ачсан онгоцыг нууцаар Иранд илээсэн байв. Цагаан ордон түүнийг барьцааны мөнгө биш харин 35 жилийн өмнө Иранд зэвсэг нийлүүлэхээ зогсоосны төлөөх 1,7 тэрбум долларын хэсэг нь хэмээн тайлбарлаж байв. Гэвч Ираны хэвлэл барьцааны хүмүүсийн төлөө мөнгө төлсөн, тэрхүү мөнгийг Батлан хамгаалах яамны төлөөлөгч хүлээн авсан гэдгийг бичсэн болохоор Цагаан ордны тайлбар үнэмшилтэй болж чадаагүй юм.
БАРЬЦААЛАГДСАН ЭЦЭГ ХҮҮ БАС НЭГЭН ЖИШЭЭ БОЛОВ УУ?
Барьцааны хүмүүсийн төлөө мөнгө төлсөн нь тухайн үед батлагдаагүй учир Иран руу илгээсэн мөнгөний дуулиан түр зуур унтарсан ч дахин дурсахад хүрчээ.
Иран-Америкийн бизнесмен, түүний хөгшин эцэг хоёрыг Ираны шүүх АНУ-тай хамтран ажилласан гэх хэргээр 10 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. 2015 оны аравдугаар сард Иран ба АНУ-ын давхар харъяалалтай Сиамак Намазийг Тегеран дахь гэртээ ирэхэд нь Исламын хувьсгалын манаа корпусаас баривчилжээ. Түүний 80 настай эцгийг өнгөрсөн хоёрдугаар сард баривчилсан байв. Эцэг нь мужийн захирагч байсан бөгөөд ЮНИСЕФ-ийн төлөөлөгч ажээ. АНУ-ын төрийн департаментын албан ёсны төлөөлөгчийн орлогч Марк Тонер “Эцэг, хүү хоёрыг шударга бусаар баривчилсан” гээд тэднийг нэн даруй суллахыг уриалсан юм.
Ираны орон нутгийн хэвлэлд бичсэнээр Иран хэрэв “олон тэрбум доллар” төлбөл тэднийг суллахад бэлэн байгаа гэнэ. Тегеран тэр мөнгийг хүлээж байгааг Исламын хувьсгалын манаа корпустай ойр байдаг эх сурвалжууд бичиж байна.
Есдүгээр сарын сүүлчээр, Ираны Ерөнхийлөгч Рухани NBC News телевизид ярихдаа түүний Засгийн газар нь ирээдүйн төлбөрийн талаар АНУ-тай хэлэлцээр хийж байгаа гэсэн юм. Үүний зэрэгцээ, саяхан Цагаан ордон Иранд төлбөр хийхийг хориглосон хуулийн төсөлд хориг тавьсан байна.
Нөгөөтэйгүүр сүүлийн саруудад Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Зариф нарын албаны хүмүүс Вашингтоныг илүү төлбөр хийлгэхээр шахаж буйгаа нэг биш удаа ярьсан байдаг. Тиймээс Тегеран барьцааны хүмүүсийн асуудлаар Цагаан ордонд шахалт дарамт үзүүлж байж болох талтай.
Free Beacon байгууллагын илтгэлд төлбөр хийсэн деталиудыг ишлэсэн мөн өөр баримтууд байгаа ажээ. Бэлэн мөнгийг Тегеранд онгоцоор хүргэмэгц барьцааны хүмүүсийг хэдхэн цагийн дараа суллаж байгааг тэнд дурджээ.
Иран нь АНУ-ын удирдлагын сул талыг тандан, байнга өдөөн хатгасан цуврал үйлдэл хийж засаг захиргааных нь бат бэхийг туршин шалгаж байна хэмээн шинжээчид дүгнэжээ. Гэтэл Цагаан ордон албаны үгээр ам хааж, “Ираныг сахилгагүйтсэнийх нь төлөө шагнаж байна” гэж Ардчиллыг хамгаалах сангийн ажилтан Саид Гассеминежад хэлжээ. “Барьцаалах хөтөлбөрт” оролцсон хүмүүст болон хуулийн этгээдэд хориг тавих нь зүйтэй гэж тэр хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР