“Ажнай” Д.Бат-Эрдэнэ боксын холбоог орхих уу?

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ боксын холбоог орхих уу?

“Женко” Х.Баттулгын удирддаг жүдогийн холбоо дөрвөн жилийн сонгуульт Их хурлаа явуулж, Токио-2020 олимпод ямар удирдлагатайгаар, ямар системээр бэлтгэхээ шийдсэн бол Асашёорюүгийн тэргүүлдэг Чөлөөт бөхийн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн удирддаг Боксын холбооны Их хурлын хүлээлт спортын ертөнцийн анхаарлын төвд байна.

Дөрөв, магадгүй түүнээс ч удаан хугацаанд тогоон дотроо эв зүй, хэл амаа ололцож чадахгүй яваа Чөлөөт бөхийн холбоо арваннэгдүгээр сарын 19-нд Их хурлаа товлосон ч хэвлэл мэдээлэлд нээлттэй байх эсэх хурлын дэгийг тогтоогүй байгаа аж.

Ойрын хугацаанд нам жим байсан боксынхон спорт холбоодын жишгээр олимпиос хойшхи 90 хоногт багтаан Их хурлаа зарлан хуралдуулахаар өдөр судар товлож байгаа бололтой. Эх сурвалжийн ярьснаар Монголын боксын холбооны ээлжит хурал арваннэгдүгээр сарын 11-нд хуралдах чиг барьж байгаа гэв.

Өнгөрсөн долоо хоногт AIBA-гийн хуваарьт тэмцээнийг амжилттай зохион байгуулсан тэднийг одоо Шигшээ багийн сонгон шалгаруулалтаас өмнө холбооны дотоод асуудлаа цэгцлэх том ажил хүлээж байна. Мэдээж Их хурлаас холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч зэргээр удирдлагууд тодорно.

Риогийн олимпийн циклд ширэн бээлийтнүүдийг удирдсан УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтэй байгаа гэх яриа бий. Гэхдээ Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж гээд топ төрлийн холбоодын тэргүүнүүд олимпийн дараа “Ажлаа өгнө” гэсэн албан бус мэдэгдэл хийж байсан ч Х.Баттулга ерөнхийлөгчийн хувьд холбоо, тамирчдынхаа хүсэлтээр албандаа үлдээд байгаа. Харин Асашёорюү, “Ажнай” нарын спортын сонгуульт ажлын карьер, холбоог ерөнхийлөх хугацаа хэр удаан үргэлжлэхийг тэдний Их хурлын эрх мэдэл шийднэ.

Монголын жүдо бөхийн холбоо

  • Ерөнхийлөгч Х.Баттулга
  • Ерөнхий нарийн бичгийн дарга

Монголын чөлөөт бөхийн холбоо

  • Ерөнхийлөгч Д.Дагвадорж
  • Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Баянмөнх

Монголын боксын холбоо

  • Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ
  • Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж