-Зах зээл дээр газрын тосны нөөцийн илүүдэл үүсээд байна-
Хар алт хэмээгддэг газрын тосны үнэ даваа гариг /2016.10.24/-т брент баррель нь 51.59 ам.долларт хүрч 0.4 хувиар уналаа. Үнэ буурсан нь Иракийн засгийн газраас ОРЕС-ын гэрээ хэлцлүүлээс гарах хүсэлтээ илэрхийлсэнтэй холбоотой хэмээн ажиглагчид дүгнэжээ. ОРЕС буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллага нь ирэх арваннэгдүгээр сарын 30-нд Венад хуралдаж, үнийг өсгөхийн тулд олборлолтоо бууруулах эсэхийг шийдэх юм.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр гишүүн орнууд олборлолтоо өдөрт 32.5 сая баррель болгож танахаар зэхэж байгаа аж. Гэвч ОРЕС-ын хоёр дахь том олборлогч Ирак дээрх төлөвлөгөөг дэмжихгүй байгаа нь асуудал болж байна. Иракийн газрын тосны экспорт өдөрт 3.87 сая баррельд хүрсэн байгаа аж. Энэ хооронд Японы түүхий нефтийн импорт өнгөрсөн есдүгээр сард 4.6 хувиар буурсан байна.
Саудын Араб улсын зүгээс ОРЕС-ын гишүүн биш боловч газрын тосны нөөцөөр дээгүүрт ордог ОХУ-тай тохиролцсоноор үнийг тогтворжуулахыг хичээж байна. Эр-Риядад өнгөрсөн амралтын өдрөөр ОХУ-ын эрчим хүчний сайд Александр Новак, Саудын Араб болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн газрын тосны сайд нартай уулзалт хийсэн байна. Тэд газрын тосны үнийг тогтворжуулах асуудлыг хэлэлцээд зөвшилцөлд хүрсэн талаар эх сурвалжууд онцолж байна. Гэхдээ уулзалтын шийдвэр ирэх арваннэгдүгээр сард болох ОРЕС-ын хурлыг хүртэл нууц байх аж.
Газрын тосны үнийн уналт салбарын хөрөнгө оруулалтыг бууруулахын зэрэгцээ дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. 2014 оны зунаас хойш газрын тосны үнэ бараг 50 хувь унаж, одоо нэг баррель буюу 159 литр нь ойролцоогоор 40-60 ам.доллар орчимд хэлбэлзэж байна. Зах зээл дээр газрын тосны хоёр жилийн нөөцийн илүүдэл үүсээд байгаа аж. Гэвч газрын тос экспортлогч орнууд олборлолтоо бууруулах сонирхолгүй байгаа нь үнэ буурахад нөлөөлж байна. Олон улс Тегераны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалсаны дараа Иран газрын тосны экспортоо өдөрт 500 мянган баррелиар нэмэгдүүлжээ. Үнийн уналт нь Венесуэль, Иран, ОХУ, Нигери зэрэг газрын тосны орлогоосоо ихээхэн хамаардаг орнуудад төсвийн алдагдал үүсгэсэн юм.