Ч.Дулаан: Надад Д.Нацагдоржийн гар бичмэлүүд бий

Хуучирсан мэдээ: 2016.10.25-нд нийтлэгдсэн

Ч.Дулаан: Надад Д.Нацагдоржийн гар бичмэлүүд бий

Ч.Дулаан: Д.Нацагдоржид олон сонголт байсан ч тэр бичгийн хүний амьдралд үнэнч үлдсэн

Яг 10 жилийн тэртээ Бээжингийн Их Сургууль Д.Нацагдоржийн 100 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж дэлхийн Нацагдорж судлаачдыг цуглуулан өндөр хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж билээ. Герман, япон, унгарын олон алдартай эрдэмтэд ажлуудаа танилцуулан илтгэл тавьж байхыг сурвалжилсанаа эдүгээ ч би бахархан дурсдаг. Биднийг санаанаас цаашгүй суухад энэ хирийн ажил зохион байгуулж чадсан хүн бол Бээжингийн Их Сургуулийн Бэйдай харъяа Гадаад Хэлний Дээд сургуулийн Ази Африкийн хэл соёлын тэнхимийн багш Ч.Дулаан байсан юм. Саяхан Бээжин орох далимдаа түүнтэй уулзаж хөөрөлдсөнөө хүргье. Дашрамд дуулгахад ирэх арваннэгдүгээр сарын 17-ны өдөр их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ой тохиох юм.

БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛЬ МОНГОЛ СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БААЗ СУУРЬТАЙ

-Дэлхийн топ сургуулиудын эхний 30-д, Хятад улсдаа бол тэргүүлдэг Бээжингийн Их сургууль жилд хэдэн монгол судлаач бэлтгэдэг вэ?

-Жилд 10 орчим оюутан монгол хэл, соёлыг сонгон судалдаг. Саяхан болсон Монгол Улсын
Их Хурлын даргын айлчлалын үеэр Си Жин Пин, Ли Кэ Чян гээд дарга нарт орчуулж байгаа хүмүүс бол миний шавь нар. Манай сургууль голдуу хоёр талын дипломат харилцааны болон монгол судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гэсэн үг. Ер нь миний ажигласанаар 1-рт, үнэхээр монгол хэл соёлын сайхныг мэдрээд сонгон суралцдаг 2-рт, ирээдүйн ажил мэргэжлийнхээ шаардлагаар суралцдаг гэсэн хоёр бүлэг оюутнууд байдаг нь ажиглагддаг. Жишээ нь, цаад үүд хавиар чинь үсээ ургуулаад гэзэг тавьчихсан, халх аялгаар цэвэр сайхан ярьдаг, дээлтэй оюутан яваа. Тэр бол монгол, өвөрмонгол хүн биш. Харин монгол хэл соёлд дуртай болчихсон хятад оюутан байгаа  юм.

-Танай сургуулийн монгол судлалын тэнхимийн онцлог юу бол?

-Манайд энэтхэг, санскрит, перс, араб хэлний болон эртнийхээс эхлээд Юань, Чин гүрнүүдийн түүхийн гээд монголын түүх соёлтой холбоо бүхий олон тэнхимүүд бий. Монгол судлалын маш сайн бааз суурьтай гэсэн үг. Бээжингийн Их сургууль гадаад хэлний сургалтаараа үнэхээр сайн. Харин 2000 оноос дээр өгүүлсэн бааз сууриндаа түшиглэн эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийх төслүүд эхлүүлсэн нь маш амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд монгол судлалын олон төслүүд хэрэгжих болсныг энд дурдъя.

-Хятад хүмүүс монгол хэл сурахдаа хир сайн бэ?

-Өвөрмонголд ойр хил залгаа оршдог хойд нутгийнхан бол гайгүй. Умард орны хүмүүс бол монгол хэлний р гэх мэт үсгийн авиаг гаргахдаа жаахан тааруу. Гэхдээ араб, санскрит, африкийн хэлнүүдтэй харьцуулахад гайгүй санагддаг. Эндээ сууриа тавьчхаад монголд очиж элчин сайдын яаманд ажиллах, суралцах зэргээр хэлээ бодит орчинд нь сайжруулаад явдаг юм. Монгол хэлээр дүрмийн дагуу сайхан биччихдэг, халх аялгаар цэвэрхэн ярьчихдаг оюутнууд олон бий. Харин  “Хэдийнээ амраг чи одоо учирч

Миний хэнхдэгт зул барих цаг болов” гэх мэт гүн яруу утгыг ойлгуулахад амаргүй.

-Танай судалгааны ажлууд төр засгийн бодлого, үйл ажиллагаанд хэрхэн тусгалаа олдог бол?

-Бид монгол, хятадын өнөөгийн харилцааны төлөв байдал, чиг хандлагыг мөн ажиглан судлаж байдаг. Тиймээс төр засгийн холбогдох байгууллагууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар бидэнд хандан санал, зөвлөмж, мэдээлэл авах тал бий.

“Д.НАЦАГДОРЖИЙГ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД СУРТАЛЧЛАХ ЁСТОЙ”

Хэдхэн өдрийн дараа Монголын орчин цагийн утга зохиолын хэлийг үндэслэгч, зохиолч, утга зохиол судлаач, түүхч, орчуулагч, нийтлэлч, 20-р зууны Монголын уран зохиолын хамгийн тод зүтгэлтнүүдийн нэг Их Нацагийн 110 жилийн ой тохионо. Та 100 жилийнх нь ойгоор хамгийн том арга хэмжээг зохион байгуулж чадсан  хүн гэж би боддог. Харин энэ өдрүүдэд ямар сонинтой байгаа бол?

-Нацагдоржийн эх гар бичмэлээс сийрүүлсэн бүтээлүүдээ нэгтгэн "Д.Нацагдорж" ариутган шүүсэн боть хэмээх түүвэр хэвлүүлэхээр бэлдээд байна. Нацагдорж зохиолуудаа хуучин монгол бичгээр бичдэг байв. 1955 онд түүний анхны түүвэр Монгол Улсад кирилл үсгээр хэвлэгдсэн. Харин Өвөрмонголд 1957 онд кирилл хувилбараас нь хуучин монгол бичиг рүү дахин хөрвүүлж нийтэлсэн нь уг эхээсээ маш их зөрүүтэй болсон. Бид түүний зохиол бүтээлийг анх бичсэн эхээс нь зөрүүтэйгээр уншиж ойлгож ирсэн гэсэн үг. Харин энэ шинэ бүтээл маань Нацагдоржийн эх гар бичмэлийг барьж түүвэрлэсэн гэдгээрээ онцлогтой. Бас Монгол Улсын ШУА-д нэг өгүүллээ явуулсан. Хэвлэгдэх болов уу гэж найдаж байна.

-Танд их зохиолчийн гар бичмэлүүд байдаг хэрэг үү?

-Тиймээ, хуулбаруудыг нь цуглуулж цахимжуулсан юм. Нацагдорж хар бэхээр бичээд ягаан болон хар харандаагаар өөрөө хоёр удаа засвар хийдэг байж. Зохиолоо бичиж дуусаад тэмдэглэлийн дэвтэр дээр сийрүүлж хуулдаг байсан байгаа юм. Гар бичмэлүүдийг өнөөгийн дүрмээр авч үзвэл буруу бичсэн үг үсгүүд олон бий. Гэхдээ үүнийг алдаа гэхээсээ өмнө тухайн үеийн хэл бичгийн дүрэм, ярианы хэлний хэв маяг зэргийг судлах хэрэгтэй болно. Нэг үсэг, үг өөрчлөхөд л тухайн бүтээлийн утга агуулга бүхэлдээ өөрчлөгдөх тал бий. Тиймээс бид юун түрүүн Нацагдоржийнхоо бүтээлүүдийг эх бичмэлд байгаагаагаар нь зөв уншиж эхлэх явдал чухал байна.

-Хятад хүмүүс Д.Нацагдоржийн зохиол бүтээлтэй хир танилцсан байдаг бол?

-Нэг сонирхолтой баримт дэлгъе. “Учиртай гурван толгой” дуурийг Бээжингийн театр 1956-1959 онуудад Бээжин ший болгон өөрчлөөд гурван жил дараалан тавьж ирсэн түүх бий. Хятад Нансалмаагийн дүрийг тэр үеийн алдарт жүжигчин Юйн Янь Мин бүтээж байж. Улаанбаатараас Төв театрын дарга байсан Гэндэн, Цэгмид нарын хүмүүс залагдан ирж үзэн заавар зөвлөгөө өгч байсан байгаа юм. Миний хувьд “Үйлийн гурван толгой”-г Нацагдоржийн хамгийн оргил бүтээлүүдийн нэг гэж үздэг. Яах аргагүй сонгодог бүтээл. Эх бичмэлдээ бол Юндэнг үхчихээр Нансалмаа “Юндэн үхчихсэн байхад би амьдраад яах юм” гээд амиа хорлодог. Би “Үйлийн гурван толгой”-г Бээжин ший болгон тавьж байсан түүхийн баримтуудыг бүгдийг цуглуулсан. Одоо энэ түүхээр ном бичиж байна.

-Нацагдорж судлал хир түвшинд яваа гэж та боддог вэ?

-Намайг 2006 онд Монголд очиход зохиолч, судлаач гээд олон хүмүүс Нацагдорж бол агуу хүн гэж их ярьсан. Манай Нацагдорж бол Кафкатай дүйцэх зохиолч гэж ярьж болно оо. Би маргахгүй.  Гэхдээ үнэхээр дэлхийн агуу зохиолчдын нэг мөн юм бол бид батлах ажлуудыг хийх ёстой гэж би боддог. Нацагдорж орчин цагийн монгол хэлний сэтгэлгээ хийгээд яруу уянгад ямар дэвшил авчирсныг нотлох ёстой. Жишээ нь, надад нэг хятад хүн “Миний нутаг”-г сайхан шүлэг гэхээр нь унштал баахан уул усны нэр жагсаагаад биччихсэн юм биш үү гэж байсан. Гэтэл бидэнд тэр шүлэг хичнээн яруу, гүн, догдлом сонсддог билээ. Тэр бүх нарийн утгыг дэлхийн хүмүүст мэдрүүлэхэд өндөр хэмжээний орчуулга чухал. Нацагдорж судлал монгол хэл соёлын үнэ цэнтэй хэсэг учраас түүнийг маш цэгцтэй, бодлоготойгоор хөгжүүлэх хэрэгтэй. Орчин цагийн монголын утга зохиолын хэл болон сэтгэлгээнд шинэчлэл хийсэн Нацагдоржийгоо цэгцтэй судалж, сурталчлах нь нийт монгол үндэстний хэл соёлын хөгжилд чухал ач холбогдолтой гэж би үздэг. Миний хувьд Нацагдоржийн шүлгүүдээс бүрдсэн “Монгол яруу найргийн сүмбэр” нэртэй түүврийг хятад хэл дээр гаргахаар бэлтгэж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд олон сайн орчуулагч нартай нягт хамтран ажиллаж байна.

-Д.Нацагдорж судлаач хүний хувьд та түүнийг ямар хүн байж гэж боддог вэ?

-Авъяастай хүн байсан нь маргаангүй. Багаас сурч боловсорсон дорнын бичиг соёл, түүхийн мэдлэгийг өрнийн утга зохиолын нөлөөллөөр баяжуулан орчин цагийн монголын утга зохиолын суурийг тавьж чадсан хүн. Түүнд улс төрөөр замнан ахиж дэвших гэх мэт олон боломж байсан. Гэвч тэгээгүй. Харин бичгийн хүн байх замыг сонгон түүндээ үнэнч амьдарсан. Хэдийгээр маш их үргэдэл хүлээсэн ч зорилгодоо хүрч амьдарсан хүн гэж би боддог. Зохиолч төдийгүй түүхч, орчуулагч, нийтлэлч, судлаач хүн байсныг нь бид бүгдээрээ мэднэ. Хэл соёлынхоо төлөө, төр гүрний төлөө үнэхээр их юм хийжээ. Ердөө 31 насалсан хүн шүү дээ.

НҮҮДЭЛЧНИЙ СОЁЛ БОЛ ХҮМҮҮНЛЭГ СОЁЛ

-Та залууст зориулан ном бичжээ?

-“Өвөрмонголын залуучууд” сэтгүүлийн эрхлэгч Зориг надад санал тавьсан юм. “Та сайхан зөвлөмж бичээч” гэж. Надад олон залуучууд зөвлөгөө авъя гэж ханддаг. Гэтэл би тэр болгонтой уулзаж амжихгүй шүү дээ. Хариулж мэдэхгүй асуултууд ч олон таардаг. Нөгөө талаар би багш хүн. Нийгмийн хариуцлага гэж юм бий. Тиймээс өвөрмонгол залуучууддаа хандан өв соёлынхоо үнэт зүйлсийн талаар болон залуучууд биеэ дааж зорилготой амьдрах чухал болох тухай өөрийн бодлуудаа бичсэн юм. Өвөрмонгол залуучууд над дээр ирээд манай монгол соёл бол тэнгэрлэг соёл гэдэг юм. Би тэгэхээр нь  бусдаас онцгой тэнгэрлэг соёл гэж байдаггүй юм. Харин нүүдэлчин соёлын онцлог бол уул ус, байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдлагатай хүмүүнлэг соёл суртахуун юм гэж хэлдэг. Бас нүүдлийн соёл бол өвсний үзүүрт тогтсон шүүдэр лугаа хэврэг соёл юм шүү гэж номондоо бичсэн. Гэтэл нэг залуу морин дэл дээр явдаг тэнгэрлэг соёлыг та хэврэг гэж хэлж болох уу гэж асуусан. Бид өөрсдийгөө хуурч болохгүй. Тэнгэрлэг соёл гээд омогшоод сууж бүр таарахгүй. Харин газар устайгаа шүтэн барилдлагатай хөгжиж ирсэн уламжлалт нүүдэлчний соёлынхоо амин утгыг ойлгон ухаарах ёстой гэж би хариулсан юм. Энэ бүхэн номонд маань орсон.

-Тэгээд тэр хэврэг соёлыг бид яаж хөгжүүлж авч явах хэрэг вэ? Бид чинь ихэнх нь суурин амьдралд шилжчихлээ шүү дээ?

-Дээр өгүүлсэнчлэн уламжлалт соёлынхоо амин утгыг ойлгож ухаарч авах чухал. Дээр нь эрдэм боловсролтой болох хэрэгтэй. Өөрийн соёлыг таниад бусдын соёлд хүндэтгэлтэй хандаж сурах чухал гэж би боддогоо номондоо бичсэн. Өвөрмонголоос олон хүн утасдаж сураглаж байгаа. Зарим монгол дунд сургуулиуд сурагчдынхаа заавал унших номын жагсаалтад оруулсан гэнэ. Ном хэвлэгдсэн сүүлийн өдрүүдэд энэ мэт сайхан мэдээ дуулдсаар байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн мэнд хүргэе!

С.ЭНХЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж