УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй хэмээн үзлээ.
Санал хэлэх шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “”Эрдэнэт”-ийн 49 хувийн энгийн хувьцааг “Зэс монгол” компанид шилжүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой атал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрээ гаргасан нь Үндсэн хууль болоод олон улсын гэрээ конвенциудыг зөрчсөн үйлдэл болсон. Иймээс хууль бус зүйлийг буцаах ёстой. Буцаасны дараа 49 хувийг хэнд ямар байдлаар эзэмшүүлэх вэ гэдэг асуудал яригдаж таарна. Бүх зүйл хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой. Гол нь 49 хувийг худалдан авсан хувийн хэвшлээ буруутгаж болохгүй” гэх байр суурь илэрхийллээ.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд “Хувийн хэвшил нь хөрөнгөө гаргаад “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголын мэдэлд авчирахад чухал үүрэг гүйцэтгэж ажилласан байтал асуудлыг улстөржүүлэн яллах нь буруу. Эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт олон тэрбум төгрөгөөр шахаа хийж байсан асуудлаа цэгцэл. Дээр нь “Жаст” компанийн Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ийг өрөнд унагасан асуудлыг ч шалгуулах ёстой” гэх асуудлыг хөндөж тавьсан юм.
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Засгийн газрын ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар маргааш мөн хэлэлцэх юм байна.УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.
Г.ДАРЬ