Дүрмийн санг 16 тэрбумд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Дүрмийн санг 16 тэрбумд хүргэнэ

Монголбанкны ерөнхийлөгч арилжааны банкуудын эздийг хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх нэгэн чухал тушаалыг баяр наадмын өмнө гаргасныг өчигдөр олон нийтэд зарлалаа. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөгөөр тогтоосон нь өмнөхөөс хоёр дахин нэмэгдүүлсэн дүн юм. Энэ тушаал гарсантай холбогдуулан 2013 оны тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг дээрх хэмжээнд хүргэхийг тушаалд заажээ. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө гэдэг нь банкны дүрмийн сангийн мөнгө гэсэн үг юм байна. Дүрмийн сангийн хэмжээ их байна гэдэг банкны эрсдэл даах чадвар төдий чинээ их байж, хариуцлагатай байх нэг том үзүүлэлт юм.

Одоогийн мөрдөж байгаа найман тэрбум байх шаардлагыг үйл ажиллагаа явуулж буй бүх банк хангасан байгаа ба 16 тэрбум төгрөг гэсэн босгыг давсан нь ч буй гэнэ. Албаны эх сурвалжийн өгүүлснээр 6-7 банкны дүрмийн сангийн хэмжээ 2013 оноос хэрэгжих дүрмийн сангийн хэмжээнд хүрсэн байгаа ажээ.

Төв банкны зүгээс арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх энэхүү шийдвэрийг шат дараатай авч буй бөгөөд өмнө нь дөрвөн тэрбум төгрөг байсныг 2006 оны гуравдугаар сараас найман тэрбум төгрөг болгох шийдвэрийг гаргаж байсан байна. Энэ нь тухайн банкуудын болон харилцагч нарт олон талын давуу талтай бөгөөд үүнийг ирэх долоо хоногт болох хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэрэнгүй мэдээлнэ гэж Төв банкныхан хэллээ. 

Дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг нь тухайн банкийг чадваржуулж бэхжүүлэх нэг арга хэрэгсэл юм. Өдгөө Монголд үйл ажиллагаа явуулж буй банкуудын тухайд энэ хэмжээг хангаж ажиллах нь амаргүй гэлцдэг. Тиймдээ ч Монголбанк арилжааны банкуудын дүрмийн санг ийм хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргахдаа нэлээд тооцоо судалгаа хийсэн байна. Арилжааны банкуудад дүрмийн сангаа богино хугацаанд, огцом их хэмжээгээр нэмэгдүүлэх үүрэг өгвөл өндөр эрсдэлтэй аж. Тухайлбал, гаднаас их хэмжээний хөрөнгө татах, ингэснээр арилжааны банкууд гадныхны гарт орчих вий гэсэн болгоомжлол байдаг байна. Тиймдээ ч арилжааны банкуудын дүрмийн санг 16 тэрбумд хүргэх нөөц бололцоо, хугацааг харгалзсан үзэж байж 2013 оны тавдугаар гэдэг дээр тогтсон ажээ. Мөн эдийн засагт эргэлдэж буй мөнгөн хөрөнгө, тэдний хийж гүйцэтгэж буй үйлчилгээнүүдтэй харьцуулж хөрөнгийн хэмжээг тогтоосон гэнэ.

Дүрмийн санг 2006 онд нэмэгдүүлэх шийдвэр гаргахад Тээвэр хөгжлийн банк гаднаас хөрөнгө татахаар хэлэлцээ хийсэн нь сүүлийн үеийн гол дуулиан болоод буй. Тэд “Инфрастракчер” компанид 51 хувиа эзэмшүүлсэн нь өдгөөгийн гол асуудлыг үүсгэсэн байдаг. Юутай ч Төв банкныхан үндэсний банкууддаа боломж олгож, нэлээд тооцоо судалгаа хийсний эцэст дотоод нөөц бололцоогоо ашиглаж дүрмийн сангаа бүрдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа гэнэ.

Энэ дашрамд өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар арилжааны банкууд эзэд болон дүрмийн сангийн хэмжээг олон нийтэд мэдээлж байсныг сонирхуулъя. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 14 банкинд төрийн өмчийн нэг банк (Төрийн банк) байгаа бөгөөд бусад 13 банкны хувьд гадаад дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн эзэмшилд үйл ажиллагаагаа явуулж байна. Банкны дүрмийн сангийн нийт хэмжээ 252.1 тэрбум төгрөг байгаагаас хамгийн их дүрмийн сантай нь Хадгаламж банк 60.0 тэрбум төгрөгтэй байна. Харин хамгийн бага дүрмийн сантайд Улаанбаатар, Эрэл зэрэг банк Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалд заасан дүрмийн сангийн доод хэмжээ найман тэрбум төгрөгийг ханган ажиллаж байгаа ажээ.

Өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар 100 хувь гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд гурван банк (Чингис хаан, Хадгаламж, Кредит), тодорхой хувийг гадаадын байгууллага, иргэд эзэмшдэг дөрвөн банк (Худалдаа, хөгжлийн банк, ХААН, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Тээвэр хөгжлийн банк), 100 хувь дотоодын байгууллага, иргэдийн эзэмшилд байдаг зургаан банк (Голомт, Капитал, Капитрон, Улаанбаатар, Эрэл, ХАС) байсан байна.

Б.БЯМБАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж