(Цуврал тайлбар өгүүлэл – 3)
УЛС ТӨРИЙН ЛИБЕРАЛИЗМ НОМЫН ТУХАЙ
Удиртгал
Роулс Удиртгал-даа номын үндсэн агуулга, бүтцийн тухай өгүүлэв. Эхний гурав нь 1980 онд Колумбийн Их сургууль дээр уншсан лекц, эдгээр лекцийг 9 сард Философийн сэтгүүл “Ёс зүйн онол дахь Кантын конструктивизм” нэрээр нийтэлсэн тухай. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрч, шинэчлэх шаардлага гарсан талаар бичжээ: хэддүгээр бүлэг, зүйлийг ямар шалтгаанаар хэзээ бичсэн, хаана анх хэвлэгдсэн, аль аль бүлэг, зүйлүүд хоорондоо холбоотой, Онол-оос юугаараа ялгаатай, ямар өөрчлөлт орсон гэх мэтчилэн. Энэ бүхний үр дүнд ном тодорхой, ойлгомжтой болсон, гэхдээ энэ нь хялбарчлагдсан гэсэн үг биш хэмээн тэмдэглэв. Ер нь, номын үндсэн агуулга зүй ёсны онолын сэдвээр энд тэнд уншсан лекцүүд нь бөгөөд лекц тус бүрээ номынхоо бүлэг болгосон байдаг.
Зохиогч номдоо Theory, PL гэсэн товчлол маш их хэрэглэсэн бөгөөд орчуулагч тэдгээрийг Онол, УТЛ хэмээн буулгасан (эдгээр нь Зүй ёсны онол болон Улс төрийн либерализм бүтээлүүдээ хэлж байгаа нь ойлгомжтой).
Удиртгал-д ёс зүйн философид нэлээд анхаарал тавьжээ. Эртний Грек, Дундад зуун, Шинэ үеүд дэх ёс зүй, улс төрийн философи, зүй ёсны онолын холбогдох утгыг тоймлов.
Удиртгал-ынхаа төгсгөлд Дворкин, Харт гээд олон сэтгэгчидтэй өрнүүлсэн маргааныхаа тухай дурдаад, ном хэвлэн гаргахад тус дэм үзүүлсэн хүмүүст талархлаа илэрхийлсэн.
Зөөлөн хавтастай номд зориулсан Удиртгал
Роулс ер нь, нэлээд урт удиртгал бичдэг. Өмнөх Удиртгал 6-7 хуудас буюу 12-13 тал, энэ удаагийн удиртгал 8 хуудас буюу 15-16 нүүр болсон байсан. Энд УТЛ нь Онол-оосоо хүнд бүтээл болохыг бараг хүлээн зөвшөөрсөн.
Удиртгалд олон асуудлыг хөндөв. Шашин, философи, улс төр, ёс зүйн ийм өөр өөр үзэлтэй, бас тэгээд хэн нэгэн давамгайлдаггүй бүгд тэгш эрхтэй, мөн дээр нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг эрх чөлөөтэй хүмүүсээс тогтдог нийгэм хэрхэн тогтвортой байх вэ! Тогтвортой нийгэм гэдэг зүгээр нэг modus vivendi (сөргөлдөгч талууд хоорондоо тайван амгалан орших талаар хийсэн жирийн тохиролцоо) биш гэдэг Роулсын хэлэх гээд буй гол санаа юм.
Зүй ёс гэдэг бол юуны түрүүнд шударга ёс. Нийгэм ийм зүй ёсон дээр тулгуурласан гэхдээ сайн зохион байгуулалттай байх ёстой. “Сайн зохион байгуулалттай” гэсэн энэ үгэнд сэжиг төрөм утга байгаа ч Роулс үүнийгээ хангалттай дэлгэрүүлэн тайлбарласангүй. Тэрээр энэ нийгмээ зүй ёсны талаарх улс төрийн ойлголтоор журамлагддаг, мөн тэрчлэн олон ургальч шинжтэй гэв. Энэ плюралист байдлаа ухаалаг, зохист, логиктой хэмээн үзэж байлаа. Товчдоо “рациональ олон ургальч байдал” гэж тодорхойлсон.
Зүй ёсны тухай ойлголтод улс төрийн утга давамгайлдаг. Орчуулагчийн зүгээс Роулсын хэрэглэсэн зарим нэр томьёог манайд хэрэглэдэг (“манайд” гэдэг нь 1990-ээд оноос өмнөх нэр томьёог хэлж байна) зарим нэр томьёогоор илэрхийлчихэж болох санагдсан ч марксист термин хэрэглэсэн байна гээд уншигчдыг үргэхээс эмээсэн болно. Тухайлбал, “олон түмний оюун ухаан” гэдгийг нь “нийгмийн ухамсар” гээд ойлгочихож болохоор санагдсан.
Энэ Удиртгалын төгсгөл хэрд Үндсэн хуулийг хамгаалахын ач холбогдлын тухай өгүүлэв. Вэймарын БНУ унасан буюу Гитлер засгийн эрхэнд гарч ирсэн үндсэн шалтгаан бол хэн ч Үндсэн хуулиа хамгаалах гэж оролдоогүйтэй холбоотой хэмээв. Роулс бүтээлдээ түүхэн жишээ нэг их татаад байдаггүй, голчлон логик мөрдлөг хийдэг. Энд яалтгүй дээрх жишээг татахаас өөр аргагүй болж дээ хэмээн бодогдсон.
Төгсгөлд нь, хийсвэр хэлээр бичсэн, өөрийнх нь үгээр бол “үгээр илэрхийлэгдэшгүй” ойлголтуудыг хэрэглэснээр ном нь уншихад хүнд болсон боловч үүнийхээ төлөө “хүлцэл өчмөөргүй байна” гэв. Учир нь, авч үзэж буй асуудал нь өөрөө маш нарийн ээдрээтэй, гүн гүнзгий, дээр нь уг номыг мэргэжлийн нэлээд сайн бэлтгэлтэй хүмүүст зориулсан учраас унших “албагүй” хүмүүс ойлгоогүйн төлөө уучлал эрэх шаардлагагүй гэж үзсэн хэрэг болов уу.
I хэсэг. Улс төрийн либерализм
I лекц. Үндсэн (суурь) үзэл санаа
Эхний хоёр хэсэг буюу 1-6 лекц, манай номынхоор бол эхний 6 бүлгийн ерөнхий нэр “Улс төрийн либерализм”. Тэрээр юуны түрүүнд “улс төрийн” хэмээх тодотгол (тэмдэг нэр) хэрэглэх болсон шалтгаанаа тайлбарласан.
“Улс төрийн либерализм” гэдэг нь түгээмэл хэрэглэгддэг, уншигчдад их танил нэр томьёо. Энэ нь зохих хэмжээний бэрхшээл учруулдаг. Ямар нэг нэр томьёоны талаар өөр ойлголттой уншигчдад юм ярина гэдэг явдалтай. Иймд нийтэд тархсан утгаас арай өөр утгаар авч үзэх болно гэдгээ анхааруулав.
Асуудал эхлэнгүүт юу, юугүй тодорхойлолтоос эхлэх нь тийм тустай биш байж магадгүйг тэмдэглэлээ. Гэхдээ тодорхойлолт өгөхгүй бол үр дүн эс гарах тул номынхоо энэ хэсэгт “улс төрийн” гэсэн тодотголтой категори, термин, нэр томьёог тодорхойлоход их анхаарав.
Ингээд Роулс ардчилсан нийгэм дэх улс төрийн зүй ёсны суурь асуудлаас эхэллээ. Үүний тулд “бүрэн хамтран ажилладаг, эрх чөлөөт, тэгш эрхтэй иргэдийн хоорондох нийгэмжсэн хамтын ажиллагааг” тэмдэглэсэн зөв ойлголтыг онцолсон зүй ёсны тухай ухагдахууныг гаргаж ирэхийг хичээжээ. Дашрамд нь, Роулсын бичлэг их хүнд болохыг энд харуулахыг хүсэж байна. Дээрх хашилт доторх өгүүлбэр бол Роулсын номд байдаг хамгийн богино бөгөөд хамгийн энгийн хэллэгтэй жишээ шүү дээ. Энд 1-д, бүрэн хамтран ажилладаг, 2-т, эрх чөлөөтэй, 3-т, тэгш эрхтэй, 4-т, ийм гурван шинж бүхий иргэдийн, 5-д, (иргэдийн) хооронд явагддаг, 6-д, хамтын ажиллагааны (бас тэгээд энэ хамтын ажиллагаа нь нийгэмжсэн гэсэн тодотголтой шүү) тухай яригдаж байна. Номд энэ мэт жишээ даанч олон. Олон гэхэд ч багадна, ном тэр чигээрээ ийм стилиэр бичигдсэн.
Энд Роулс нөгөө хоёр алдарт зарчмынхаа (эрх чөлөөний болон ялгааны зарчим) талаар нэлээд тайлбар хийв. Үүнийг бид өмнө нь үзсэн тул нэмж тайлбарлах шаардлагагүй.
Харин цаашид авч үзсэн бусад асуудлыг товч тоочвол,
· Зүй ёсыг шударга ёс болох талаас ихэд анхаарч тайлбарлав.
· Нийгэм бол хамтын ажиллагаа гэсэн утгад ач холбогдол өглөө. Роулс олон зүйл дээр либертари үзэлтэй зөрчилддөг, Гэхдээ тэр зөрчил нь энд бүр тод харагддаг.
· Уг байрлалын тухай санаагаа тайлбарласан.
· Иргэд эрх чөлөөтэй гэдэг нь ямар, ямар утгатай болоход анхаарч тайлбар хийв.
· Сайн зохион байгуулалтат нийгэм гэдэгтээ юу ойлгож болох тухай тайлбар хийв: 1/ уг нийгэм зүй ёсны ойлголтод тохирсон байх, 2/ нийгмийн бүх субъект хамтын ажиллагааны талаар мэдлэгтэй байх бөгөөд түүндээ зохицсон байх, 3/ иргэд энэ хоёр зарчмыг хүлээн зөвшөөрсөн байх. Тэгээд ийм нийгмийг “нийтлэг” маягийн ч биш, “эвлэл” маягийн ч биш хэмээв.
Төгсгөлд нь, хийсвэр ойлголт хэрэглэсэн шалтгаанаа тайлбарлалаа.
II лекц. Иргэд ба тэдний төлөөллийн хүч
Энэ бүлгээ ухаалаг хийгээд рационалийн ялгааг тодотгохоос эхэлсэн. Наймаа хийх гэсэн хоёр хүн өөр, өөрсдийн байр суурин дээр маш хатуу зогсох аваас рациональ боловч ухаалаг бус. Яагаад ийм асуудал хөндсөн бэ гэвэл улс төрийн либерализм гэж ярих үед дараах хоёр асуудал заавал хөндөгддөг: 1-д, Эрх чөлөөтэй, тэгш эрхтэй иргэдийн хоорондын нийгэмжсэн хамтын ажиллагааг тэмдэглэхэд тохиромжтой ойлголтыг онцлох зүй ёсны зөв ойлголт гэж юу болох? 2-т, Эрх чөлөөт бүтэцтэй нөхцөлд хүний оюун ухааны хүч чадлын зайлшгүй үр дагавар болох ухаалаг олон ургальч байдлын хүлцэн тэвчих үндэс гэж юу болох?
Тэгэхээр ардчилсан нийгэмд л олноо түгсэн, ухаалаг сургаал оршдог. Энд “оюун дүгнэлтийн ачаалал” гэсэн нэр томьёо гарч ирнэ. Энэ бол ухаалаг бие хүмүүсийн хоорондын зөрчилдөөний эх сурвалж, шалтгааныг тэмдэглэсэн нэр томьёо юм. Ухаалаг бус бие хүмүүсийн хоорондын зөрчлийн шалтгаан, эх сурвалж энэ нэр томьёонд хамаарагдахгүй.
Хүнийг хөдөлгөж байдаг зүйл бол оюун ухаан. Оюун ухаан гурван шинжтэй: 1/ Онолын шинжтэй, Нэлээн боловсрогдсон, хүмүүсийн уураг тархины хөдөлмөрийг шингээсэн гэсэн үг. 2/ Практик шинжтэй. Уг оюун ухаан маань ашиглагддаг байх ёстой. Энд Америкийн прагматизм байх шиг. 3/ Мэдээж, дээрх хоёр шинжээсээ болоод тогтвортой мэт боловч үнэндээ, эволюцид орж байдаг зүйл.
Олон түмэн 3 түвшинтэй байдаг аж. Эдгээр түвшин +зүй ёсыг хэрхэн ойлгодогтой холбоотой. Хамгийн дээд буюу 3 дахь түвшний олон түмэн зүй ёсыг зохих ёсоор ойлгосон байдаг.
Эрх чөлөөт, тэгш эрх бүхий нийгэмд иргэд бие даасан байдалтай байдаг уу гэвэл мэдээж, бие даасан байна. Ийм байж болдог үндэс юу вэ гэвэл хүлцэн тэвчихүй. Роулс хүлцэн тэвчихүйн үндсийг ёс суртахуунтай холбож ойлгосон. Энэ ёс суртахуун олон шалтгаантай. Объектын шалтгаан; зарчмын шалтгаан; ухамсраас хамааралтай гэсэн шалтгаанууд байж болдог аж.
III лекц. Улс төрийн конструктивизм
Энэ лекцэд улс төрийн конструктивизмыг нэг талаас, Кантын ёс зүйн конструктивизмтэй, нөгөө талаас, ёс зүйн реализмын нэг хэлбэр болох рациональ интуиционизмтэй харьцуулан авч үзжээ.
Конструктивизм гэж юу болох талаар хувийн зүгээс бяцхан тайлбар хийхэд, үнэн юм уу худал болохыг нь баталсан баталгаа байгаа тохиолдолд л үнэн, худал гэж ярих ёстой хэмээн үзнэ. Философид гэхээсээ логикт илүүтэй хэрэглэгдэнэ. Логикийн зарим хуулийг (гурав дахийг үгүйсгэх, давхар үгүйсгэл, төгсгөлгүй тооны постулат г.м.) баталгааны үед хязгааргүй хэрэглэх боломжгүй гэдэг. Ерөнхийдөө интуиционизмын эсрэг шинжтэй үзэл онол.
Улс төрийн конструктивизм голцуу улс төрийн ойлголтуудын агуулга хийгээд хэлбэрийг авч үзнэ. Аливаа үзэл-онолын бодит байдалтай адекватный эсэх, зүй ёсны ойлголтууд хэр объектив тусгалтай эсэх нь их чухал. Энд бидний зүгээс “адекватный”, “объектив” гэх мэт хэрэглэж заншсан үгээ бичээд байгаа болохоос Роулсын өөрийнх нь хэрэглэсэн нэр томьёо бол reflective equilibrium юм. “Тусгалын тэнцвэрт байдал” хэмээн орчуулчихсан. Гадаад үгийг гадаад үгээр орчуулаад хачин л юм болж байна. Гэхдээ хэрэглэж заншсан, хоорондоо нэвтрэлцдэг ойлголтын аппарат гэж нэг юм байдаг шүү дээ.
Кантын ёс зүйн конструктив ойлголт болон шударга ёс болсон зүй ёсны талаарх улс төрийн конструктив ойлголтын дөрвөн ялгааг Роулс гаргав: 1/ Кантын ёс зүйн онол амьдралын бүх талтай холбогддог. 2/ Харин улс төрийн конструктивизм улс төртэй л холбогдоно, тэр тусмаа улс төрийн зүй ёстой холбогддог. 3/ Кантын конструктивизм түүний транценденталь идеализмтай л холбоотой. 4/ Шударга ёс болсон зүй ёс нь ухаалаг олон ургальч байдлыг анхааралдаа авсны үндсэн дээр олон түмэн ямар зүй ёсны талд байгааг харуулдаг.
Шударга ёс болсон зүй ёс нь конструктив ойлголт мөн болохыг үзүүлэхэд их анхаарав. Улмаар энэ хэсэгт Роулс нийгэм, бие хүн гэсэн ойлголтыг задлан шинжилж, эдгээр ойлголтын үүргийг тодотгосон. Зүй ёсны онолд энэ хоёр ойлголт ямар байр суурьтай болох талаар авч үзсэн.
Энэ бүлэгтээ өөрийн авч үзэж буй үндсэн асуудалд туслах чанар бүхий хэдэн санааг гаргав. Улс төрийн конструктивизмын объектив байдал. Ө.х. улс төрийн конструктивизм нь улс төрийн либерализмыг объектив байдлын ойлголтоор хангадаг тухай авч үзжээ. Объективизмын асуудал интуиционизмтой хэрхэн холбогддогийг тайлбарлав. Мэдээж, интуиционизмын хувьд энэ (объектив байдлын) асуудлыг тавихаас өөр аргагүй. Мэдлэг яаж шалтгаант холбоон дээр үндэслэгддэг, улс төрийн конструктивизм хэр хүрээнд үйлчлэх тухай асуудал гэх мэтийг авч үзжээ.
II хэсэг. Улс төрийн либерализм
IV лекц. Давхацсан зөвшилцөл
Энэ бүлэгт улс төрийн либерализм хоорондоо эвлэршгүй, зөрчилтэй шашин, философи, ёс зүйн янз бүрийн итгэл үнэмшилд гүнзгий хуваагдсан эрх чөлөөт, тэгш эрхтэй хүмүүс бүхий шударга нийгэм хэрхэн тогтвортой байж чадах вэ гэсэн асуултад хариулах гэж оролддог тухай авч үзсэн. Энэ тухай бид өмнө нь товч боловч нэлээд ойлгомжтой байдлаар авч үзсэн гэж үзэж байгаа тул орхизноё.
Хүмүүсийн хамтын ажиллагааны тухай зөв ойлголт болон нийгмийн шударга бүтцийн талаарх ойлголтыг зүй ёсны зарчмууд өгдөг тухай өгүүлсэн. Бүлгийн гол санаа ердөө энэ. Гэхдээ энэ санаануудаа Роулс өөрийн ээдрээт категори, терминүүдээр илэрхийлэв. Тухайлбал: Давхацсан зөвшилцөл. Энд ямар ч ардчилсан нийгэм эсрэг тэсрэг сургаал-онолыг агуулах бөгөөд тэдгээр нь хоорондоо нийгмийн үндсэн асуудлаар зөвшөөрлөө өгсөн тохиолдолд л нийгэм оршин тогтноно. Энэ тогтворт байдал Modus vivendi (энх тайвнаар зэрэгцэн оршихуй)-гээс ялгаатай. Энд давхцагч зөвшилцөл нийгмийн үндэс суурьтай холбоотой байхад энх тайвнаар зэрэгцэн оршихуй эсрэг үзэл онолын эвлэрлийг харуулна. Түр зуурын эвлэрэл гэсэн ч болох юм. Үндсэн хуулийн зөвшилцөл. Энэ нь тодорхой асуудал босож ирсэн үед хэрэглэгддэгээрээ давхцагч зөвшилцлөөс ялгаатай.
V лекц. Эрхийг дээдлэхүй болон сайн-сайхны тухай үзэл санаа
Эрхийг дээдлэх явдал улс төрийн либерализм болон шударга ёс болсон зүй ёсонд ч их ач холбогдолтой. Гэхдээ эрхийг дээдлэхэд тодорхой хэмжээний “аюул” бий хэмээн Роулс үзсэн. Энэ нь түүний зүүн байр суурьтай холбоотой. Зүүн байр суурь биш юм гэхэд ямагт зүүнийхний санаа бодол, байр суурийг харгалзах гэж оролддогтой нь холбоотой гэж боддог. Юу гэвээс, эрхийг дээдлээд байх юм бол тэгш байдал хохирчих гээд байх шиг санагддаг байр суурь.
Энэ бүлэгт авч үзсэн нэг гол ойлголт бол сайн-сайхан. Роулс эрхийн тухай ярихдаа ямагт сайн-сайхантай нягт холбоотой авч үздэг. Сайн-сайхан байхын тулд эд баялаг, тэгш эрх, тохилог аюулгүй орчин нөхцөл, хүмүүсийн эвтэй харьцаа, энх тайван, эрүүл байгаль гээд бүгд шаардлагатай. Улс төрийн утгаараа сайн-сайхан гэдэг нь эрх баригчид эрх мэдлийг өөрсдийг нь сонгосон хүмүүст зориулан ашигладаг байхыг хэлнэ.
Роулс сайн-сайхныг зөвхөн хувь хүний призмээр харахаас эмээж байв. Энд түүний нөгөө л байр суурь харагдаж байна. 1971 оноос хойш Роулсыг шүүмжилсэн коммунитари шүүмжлэлийн нөлөө тусгалаа олжээ гэж бодогдмоор.
Роулсынхаар анхдагч (заримдаа “суурь” гэсэн үг хэрэглэсэн нь ч бий) сайн-сайхан гэдэгт дараах хэдэн зүйл ордог:
· Эрх, эрх чөлөө
· Шилжих эрх чөлөө, олон янзын нөхцөл байдалд тохируулан мэргэжлээ сонгох
· Хариуцлагатай ажил, албан тушаал эрхлэх эрх
· Орлого, эд хөрөнгө
· Өөрийгөө хүндэтгэх бололцоо нөхцөл
Роулс, зүй ёс нь сайн-сайхны ойлголтыг хамрахгүй бол бүрэн бүтэн зүйл байж чадахгүй гэсэн санааг ихэд анхаарсан.
VI лекц. Олон түмний оюун ухааны тухай
Улс төрийн нийгэм, тэрчлэн хувь хүн, гэр бүл, эвлэл холбоо цаашилбал, улс төрийн байгууллага гээд аливаа агентууд төлөвлөж, зорилго тавьж, шийдвэр гаргадаг. Энэ нь ёс зүйн шалтгааны улмаас янз бүрээр илэрнэ. Энэ төлөвлөлт, зорилго энэ тэр бол оюун ухааны илрэл юм.
Олон түмний оюун ухаан гэдгийг тодорхой нэг бүлэг, байгууллага, институцийн оюун санаатай адилтгаж болохгүй. Их сургууль, сүм хийдийг тойрон бүрэлдсэн оюун санаа бол олон түмний оюун санаа биш. Роулс эдгээрийг “олон түмний бус оюун ухаан” хэмээсэн. Гэхдээ л эдгээр нь ямар нэг байдлаар олон түмний оюун ухаан байдгийг бас тэмдэглэсэн (Олон түмний оюун ухааны шинжүүдээс заримыг нь хадгалдаг гэсэн үг).
Үндсэн хууль, хууль ёсыг нийтээр нэг ойлгож, нягт мөрдөх зэрэг нь нийтийг эзэмдсэн байдлаараа олон түмний оюун ухааны тухай санаатай холбогддог. Тухайлбал, Дээд шүүх гэхэд л олон түмний оюун ухааны илэрхийлэл болдог тухай санаа энд бий. Дээд шүүх нийгмийн санаа бодлоос зөрөх ёсгүй гэсэн утгаар. Роулс дэлхий дээрх хуулийн баримт бичгүүд дотроос нэлээд жинтэйд тооцогдох АНУ-ын Үндсэн хуулийг 3 гол үе шат туулсан гэж үзсэн: 1/ АНУ-ын үүсэж байх үе, 2/ Иргэний дайны дараах сэргээн босголтын үе (1865-77 он), 3/ Шинэ хэлцлийн үе (1933 оноос Рузвельтийн хэрэгжүүлсэн бодлоготой холбоотой).
Орчуулагчийн зүгээс хэлэхэд, олон түмний оюун ухаан гэсэн терминийг “нийгмийн ухамсар” гэдэг ойлголттой зохих хэмжээгээр аналогичилж болох мэт санагдсан.
Энэ бүлэг мөн олон түмний оюун ухааны бэрхшээл, хүрээ хязгаарын асуудлыг авч үзэв.
III хэсэг. Институцийн бүтэц
VII лекц. Суурь бүтэц судлагдахуун болох тухай
Зүй ёсны онолын үндсэн имманент мөн чанар нийгэм ямар байх ёстой тухай асуудалтай холбогдоно. Нийгэм тийм байх ёстой гэдгийг “заана”, тэгээд ч тийм байгаа нь нийгмийн суурь бүтэц болно. Энэ утгаараа зүй ёсны онол гэрээний онолтой холбогддог. Улмаар нийгмийн дэд бүтэц гэмээр зүйлстэй (төртэй, сүм хийд, их сургууль, эрүүл мэндийн систем гэх мэтчилэн) холбогдоно. Бидний эрх, үүрэг энэ бүтцийн хүрээнд бий болдгийг харуулсан.
Ингээд энэ бүхэнтэй холбоотойгоор ютилитари онолын тухай авч үзэв. Мөн либертари үзлийн талаар ч нэлээд янз муутай параграфи бичсэн.
Энэ хэсэгт буй нэг гол санаа бол нийгэм, хувь хүн хоёрын харилцааны асуудал юм. “Анхны гэрээ” гэсэн ойлголт гаргаж ирээд, түүнийгээ гипотетик, түүхэн бус шинжтэй болохыг тайлбарлав (Нөгөө бидний яриад байсан нийгмийн гэрээ түүхэн бус, яг бодитой гэрээнээс өөр зүйл болох тухай асуудал).
VIII лекц. Суурь эрх чөлөө, түүнийг дээдлэх нь
Роулс энэ бүтээлээрээ 1971 онд Зүй ёсны онол хэвлэгдсэнээс хойш гарсан бараг бүх коммент, санал шүүмжид хариу өгсөн. Гэхдээ Харт, Хабермас гэсэн хоёр хүний реакцид онцгой анхаарал тавьж, номынхоо хоёр бүлгийг зориулсан юм. 8-р бүлэгтээ Хартад, 9-р бүлэгт Хабермаст хариу өгсөн байдаг.
Харт Роулсын онолоос хоёр ноцтой ангал байгааг олж харжээ. Нэг дэх ангал, уг байрлал дахь талууд суурь эрх чөлөөг хүлээн авч, дээдлэх явдлыг хэрхэн хүлээн зөвшөөрдөг тухай асуудлаа хангалттай тайлбарлаагүй. Хоёр дахь ангал, зүй ёсны зарчмууд үндсэн хуультай яаж холбогдох асуудал. Тэгвэл Роулс энэ бүлэгтээ эдгээр ангалыг хэрхэн бөглөх тухай асуудлыг авч үзсэн.
Роулсын тайлбарласнаар, энд суурь эрх чөлөө болон түүнийг дээдлэх явдлыг либерал болох нь хүлээн зөвшөөрөгдсөн бие хүний ойлголт дээр суурилуулсан болохоос Хартын бодсон шиг зөвхөн рациональ эрх ашиг дээр суурилуулаагүй. Цааш нь эрх чөлөөтэй холбоотой алдарт хоёр зарчмаа тайлбарлалаа. Дашрамд хэлэхэд, Роулс суурь эрх чөлөө гэсэн нэр томьёог хэрэглэсэн учир нь иргэн-хүнд нөхцөл байдлаас хамаарч, үй түмэн эрх чөлөө байж болох бөгөөд тэр бүгдийг тоочин бичих аргагүй, зөвхөн тоотой хэдэн үндсэн эрх чөлөөг суурь эрх чөлөө гэж үзээд эдгээр дээр тулгуурласан үй түмэн эрх чөлөө гарч ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Үнэхээр, хүнд Үндсэн хуульд заасан хэдхэн эрх чөлөө байдаг юм биш, хүний эрх чөлөө бол innumerable (тоолж, тоочин бичих аргагүй зүйл гэж либертари үзэлд үздэг. Роулс энд либертари зарчмыг хүлээн зөвшөөрч байх шиг) зүйл.
Бие хүн ба хамтын ажиллагааны тухай хэсэгт Роулс мэдээж, хувь хүний эрх чөлөөг нийтийнхэд захируулах маягийн хандлага гаргаж таарна. Гэхдээ Роулс өөрийн санааг хэзээ ч ил тод, шууд хэлдэггүй. Мөн цааш нь Хартын шүүмжлэл “уг байрлалтай” холбоотой байсан болохоор энэ тухай нэлээд тайлбарлав. Энэ категорийн талаарх тайлбарыг эхний өгүүлэлд өгсөн тул дахин нурших хэрэггүй болов уу. Гэхдээ Роулс уг байрлал дахь эрх чөлөөг дээдэлдэг ёс суртахууны үндсийн талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн юм.
Суурь эрх чөлөөний талаарх үзлээ дэлгэрүүлэв: суурь эрх чөлөө хийсвэр зүйл биш; логиктой; суурь эрх чөлөөг хэрхэн схемчлэх тухай гэх мэтчилэн.
Энэ бүлэгт Роулсын нэлээд анхаарсан утга бол эрх чөлөөнд харшилсан төрийн алхмуудын тухай юм. Хэд хэдэн кэйс дурдсан. Мөн суурь эрх чөлөө Үндсэн хуультай хэрхэн холбогдох тухай асуудлыг авч үзсэн бол зүй ёстой хэрхэн холбогдох асуудлыг ч орхигдуулаагүй нь мэдээж.
IX лекц. Хабермаст өгөх хариу
Энэ бүлгийг үндсэндээ 1995 онд Хабермаст хариу болгон бичээд “Философийн сэтгүүл”-д хэвлүүлсэн өгүүлэл нь юм. Гэхдээ гол нь Хабермасын Баримт ба хэм хэмжээ (герман нэр нь Faktizitat und Geltung) хэмээх бүтээлд хариу болгож бичсэн нийтлэл нь ажгуу.
Юуны түрүүнд, тэрээр Хабермаст үзэл онолыг нягт нямбай шүүн тунгааж, санал бодлоо илэрхийлэн шүүмж өрнүүлсэнд талархлаа илэрхийлэв. Хабермас Роулсыг шүүмжлэх явдлыг үндсэн зорилгоо болгоогүй, харин улс төрийн либерализмын талаар өөрийн үзлийг илэрхийлэхийг голчилсон гэж зарим судлаач үздэг. Гэсэн ч Роулс түүний бүтээлд хүлээн авахуйц шүүмжлэлт санаа их байгааг зөвшөөрсөн.
Роулс хэлэхдээ, Хабермас бид хоёрын хооронд хоёр гол ялгаа байна гэв. Нэгд, Хабермасын үзэл олноо түгсэн илүү хялбар онол юм, харин минийх тийм биш гэлээ. Хоёрт, түүний онолд мэтгэлцээний маш таатай нөхцөл гол зүйл байдаг бол минийхэд уг байрлал гол зүйл хэмээв.
Роулсын голчлон анхаарсан сэдвүүд бол Хабермасын хөндсөн гол санаанууд болох (бидний өмнө үзсэн) давхцагч зөвшилцөл, олон ургальч нөхцөл байдал (гэхдээ ухаалаг), эрх чөлөө, ард иргэдийн хүслийн эсрэг тэсрэг шинж, зүй ёсыг процедурын ба субстанцилаг гэж хуваасан шалтгаан зэрэг болно.
Эдгээрээс өмнө нь яригдаж байгаагүй зүй ёсны хоёр ангиллын тухай товч тодорхойлолт өгье: процедурын зүй ёс гэдэг бол зүй ёсны онолын хэрэглээний талтай холбогддог бол субстанцилаг зүй ёс гэдэг нь онолын оюун санааны үндсийг харуулдаг.
Энэ бүлэгт орчуулагчийн хувьд анхаарал татсан сэдэв бол “хууль ёс” ба “шударга ёс” хоёрын ялгааны асуудал болно. “Хууль ёсны” хааны үйлдэл “шударга ёс”, улмаар “зүй ёсонд” нийцэхгүй байж болох жишээ!
IV хэсэг. Олон түмний оюун ухааны тухай санаа эргэн ирсэн нь
“Олон түмний оюун ухааны тухай санаа эргэн ирсэн нь” бүтээлийн Удиртгал
Өвчнөө сүүлчийн удаа хөдлөхөөс өмнө Роулс Улс төрийн либерализм-аа өөрчлөн засварлах ажил дээр сууж байв. Өөрөөр хэлбэл, номынхоо Колумбийн Их сургуулийн хэвлэлийг редакторлах ажлыг хийж байлаа.
Энэ удиртгалыг Чикагогийн хуулийн тойм-д гаргасан. Энд шинэчлэн засаж сайжруулсан шалтгаанаа тоочив. Гол агуулга нь дараах гарчгийн доор гарчээ.
Олон түмний оюун ухааны тухай санаа эргэн ирсэн нь
Энэ бол олон түмний оюун ухааны талаарх 6-р бүлэгтээ нэмэлт болгосон нь юм. Үндсэн санаа нь: олон түмний оюун ухааны тухай ойлголт сайн зохион байгуулалттай үндсэн хууль бүхий ардчилсан нийгмийн ойлголтоос хараат шинжтэй. Учир нь, ардчиллын нэг шинж бол ухаалаг олон ургальч байдал. Шашин, философи, улс төр, ёс зүйн зөрчилдөгч онолуудын олон ургальч байдал эрх чөлөөт нийгмийн байгууламжийн соёлын үр дүн. Олон түмний оюун ухааны агуулга, хэлбэр, энэ хоёрыг ойлгох иргэдийн ойлголт ардчиллын тухай санааны нэг хэсэг юм. Ардчиллын нөхцөлд л хүмүүс зөвшилцөлд эс хүрэх, харилцан үл ойлголцолд хүрч болно гэдгээ ойлгодог.
Олон түмний оюун ухаан гэсэн ойлголт дараах 5 утгатай: 1/ улс төрийн үндсэн асуудлуудыг тусгасан байна, 2/ төрийн түшээд болон төрийн албаныхны тухай ойлголт багтана, 3/ зүй ёсны тухай улс төрийн ухаалаг, бүлэг ойлголт байх ёстой, 4/ албадлагын тухай ойлголт ардчилсан иргэдийн хууль зүйт ёсоор баталгаажсан байх тухай санааг агуулсан, 5/ иргэдийн хяналт шалгалт, харилцан туслах ойлголт байна.
Ардчиллын нөхцөлд аливаа шашныг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ аливаа шашин догм шинжтэй гэсэн санааг гаргав. Гол нь олон түмний оюун ухаан ардчиллын нөхцөлд шашнаас хараат байх ёсгүй гэсэн утгатай.
Энэ бүлэгтээ мөн гэр бүл болон феминизмийн асуудлыг авч үзсэн. Гэр бүл нийгмийн нөхөн үржихүйн үндэс. Үр хүүхдээ ирээдүйд бэлдэнэ гэдэг нийгмийн ирээдүй гэсэн үг. Улс төрийн зүй ёс үр хүүхдийнх нь төлөө гэр бүлд тодорхой шахалт үзүүлдэг гэх мэт хувийн хүрээ рүү орсон утгатай зүйлсийг хэлсэн байдаг (Энд орчуулагч миний бие мэдээж, либертари зарчмынхаа үүднээс хандаж буй хэрэг шүү дээ). Хүйсийн асуудал дээр ч мөн иймэрхүү (зүүнтний гэхэд ч хаашаа юм) байр суурийг барьсан.
Ер нь шашин, хүйс, гэр бүлийн асуудал дээр хэв шинжит, сонгодог эгалитари либерал байр суурийг барьсан даа. Харин олзуурхууштай нь Роулс энэ хэсэгтээ өөрийн зохиосон категори-терминийг бага хэрэглэсэн бөгөөд тэр хэрээр текст нь хамгийн хэвийн байдлаар “урссан” гэж хэлж болно.
Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН