Хоёрхон хоногийн өмнө болсон дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд Баянзүрх дүүргийн Ардчилсан нам олонх болж, нийт 22 суудал авсан билээ. Гэтэл дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий хууль бусаар АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан зургаан хүний нэрийг жагсаалтаас хасах тухай тогтоолыг гаргасан байна. Уг тогтоолд АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан зургаан нэр дэвшигчийг хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан хэмээн тусгажээ.
Гэвч Сонгуулийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаар дээрх нэр дэвшигчдийн хууль бус үйл ажиллагаа явуулсныг тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага тогтоогоогүй байхад ийнхүү дур мэдэн тогтоол гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 159.3, 3.1.7, 116.1, 116.2, 117.1, 117.2 болон 118.1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн байна.
Тодруулбал, дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийгийн тогтоолд сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан болон хорооны бусад гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа нь уг тогтоол хүчин төгөлдөр бус байгаа аж.
Түүнчлэн дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий нь МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан 19 хүний түр үнэмлэхийг мөн өнөөдөр өгсөн нь хууль бус үйл ажиллагаа боллоо. АН-аас нэр дэвшигчдийн түр үнэмлэхийг олгоогүй нь хэт нэг талд үйлчилсэн үйлдэл болсон бөгөөд О.Бат-Өлзий нь дүүргийн сонгуулийн хорооноос зугтжээ.
Г.ДАША