Ж.Эрдэнэбат: Төмөр зам, Тавантолгойг цогцоор нь шийднэ

Хуучирсан мэдээ: 2016.10.27-нд нийтлэгдсэн

Ж.Эрдэнэбат: Төмөр зам, Тавантолгойг цогцоор нь шийднэ

-Мэргэжлийн Засгийн газар 100 хоногийнхоо тайланг тавилаа-

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдан ажлаа эхлүүлснээс хойш 100 хонож буй бөгөөд энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын сайд нарынхаа хамтаар өнөөдөр /2016.10.27/ тайлагнаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Мэдээллийн эхэнд Монгол Улсын хүн ам 3.104.200 хүрсэн тухай дуулгаад, Засгийн газар байгуулагдан ажилласан 100 хоногийн хугацаанд 28938 шинэ хүн мэндэлж, бүл нэмсэн тухай тодотголоо.

Сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултыг хүргэж байна.


-Төмөр зам, Тавантолгойд Засгийн газар хөрөнгө босгох ямар боломж байна вэ. Төрийн өмчийн аж ахуй нэгж нэмж байгуулах уу. Эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх чиглэлд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх бол?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:Тавантолгой төслийн хувьд өмнө нь  Засгийн газрын зүгээс тендэр, сонгон шалгаруулалт зарлаад, консерциумыг нь шалгаруулаад явсан. Одоогийн Засгийн газрын хувьд хурдтай ажиллах шаардлагатайг ард иргэдийн зүгээс ч тавьж байгаа. Тиймээс өмнөх хэлэлцээр дээр байсан алдаануудыг залруулж, Монгол Улсын эрх ашигт нийцсэн байх зарчмыг барьж ажиллаж байна. Монгол Улсын эрх ашигт нийцсэн зарим заалтыг оруулж, санал болгосон. Нөгөө тал зөвшөөрсөн тохиолдолд гэрээг үргэлжлүүлэн явна, зөвшөөрөөгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ рүү орно гэсэн бодолтой байгаа. Төмөр замын эх үүсвэрийг босгох чиглэлээр дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох бололцоотойгоо илэрхийлсэн банк санхүүгийн байгууллага байгаа, улс орнууд ч байгаа. Тийм учраас үүнд хөнгөлөлттэй зээл авах бололцоо бий.  Төмөр зам гэдэг бол үйл ажиллагаа нь эхэлсэн цагаасаа орлого олох бололцоотой салбар. Орлогоо олоод, зээлээ төлөх бүрэн боломж бий гэж үзэж байгаа.

Төмөр зам болон Тавантолгойн ордыг цогцолбороор нь шийдэх хэрэгтэй. Ингэхгүйгээр бид нэг бол төмөр зам эсвэл Тавантолгойн уурхайг ашигтай ажиллуулах байнгын борлуулалттай байх бололцоог нь хаах нөхцөл үүсэх юм. Хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байж оролцоно. Гаргасан хөрөнгөө нөхөж авахын тулд үйл ажиллагаагаа идэвхижүүлнэ. Тиймээс энэ хоёрыг цогцолбор байдлаар явуулах нь зүйтэй.

Ирэх жилүүдэд төрийн өмчийн компани байгуулахгүй гэх үндэслэлгүй. Шаардлага үүсвэл байгуулна. Ер нь төр бизнесийн үйл ажиллагаа руу хэтэрхий хутгалдах хэрэггүй. Ингэвэл өөрөө төрийнхөө үндсэн чиг үүргээсээ гажих нөхцөл үүсгэдэг. Тиймээс миний хувьд цаашдаа төр бизнесийн үйл ажиллагаанд оролцоод байх шаардлагагүй гэж үздэг.

Эрчим хүчээ үйлдвэрлэх асуудалд “Шивээ энержи” төсөл явагдаж байгаа. Монгол Улсын хувьд эрчим хүчний салбарт маш олон хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлүүдтэй төсөл хөтөлбөр байсан. Манай Ц.Ганхүү сайд ажлаа авсны дараа бүх төсөл хөтөлбөрүүдийн судалгааг гаргаж надад танилцуулсан. Нийтдээ 70 орчим төсөл хөтөлбөр хэрэгжвэл Монгол Улсын хэрэглээг 20 дахин нэмэгдүүлэх юм.  Тухайн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахын тулд олон аж ахуй нэгж, иргэн хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулсан. Засгийн газрын бодлого тодорхой байх хэрэгтэй. Эхний ээлжинд бид ойрын 10 жилдээ эрчим хүчнийхээ хэрэглээг хангах бололцооны 4-5 үйлдвэрүүдээ байгуулах хэрэгтэй. Ингэвэл бид өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг 10-15 жилдээ бүрэн хангаад явах боломжтой.

Цаашдаа хэрэгцээнээсээ илүү гаргаж эрчим хүч гаргах бол экспортлох ёстой гэсэн чиг барьж байна. Энэ шаардлагын хүрээнд эрчим хүчнийхээ нүүрсийг ашиглаад явна. Мөн эрчим хүчний нүүрсээ өөр зориулалтаар ашиглах саналыг Японы талд тавьсан байгаа. Ингэснээр эрчим хүчний нүүрсээ ашиглаад хувцанцар үйлдвэрлэх бололцоо нээгдэнэ гэсэн хүлээлт байгаа юм. Дэлхий дээд асар өндөр эрэлттэй байдаг ийм бүтээгдэхүүнийг бидэнд байгаа нөөц, бололцооондоо тулгуурлан үйлдвэрлэх боломж байгаа гэж үзсэн.

-Ипотекийн зээл олгогдох эсэх нь тодорхойгүй зогсчихоод байна. Ер нь хэдийнээс олгогдож эхлэх бэ?

-Найман хувийн зээл үргэлжлэх үү гэдэг асуудал байна. Өмнөх хэрэгжүүлсэн хувилбараараа цаашаа энэ зээл явах бол Монголын эдийн засаг даахааргүй байгаа. Одоо найман хувийн зээл огт зогсчихоогүй байна. Зээлийн сангийн эргэн төлөлтөөр орлогоор санхүүжих байдлаар идотекийн зээл олгогдож байгаа. Тэгэхээр бид барилгын салбараа өнөөдрийн хямрлат байдлаас гаргахын тулд эргэн төлөлтийн сан дээр тодорхой хэмжээний эх үүсвэр нэмж олох шаардлагатай. Энэ эх үүсвэрийн хүү нь дөрвөн хувиас доошгүй байх шаардлага үүснэ. Ингэж байж, сангийн үйл ажиллагаа цааш үргэлжилнэ.

Зээлийн эх үүсвэрийг ганцхан ганцхан урд хөршөөс хамаарахгүй. Энэ асуудалд дээр хэд хэдэн улс орон,  банк санхүүгийн байгууллагууд хандсан байгаа. Зээлийн өөрийнх нь эх үүсвэрийг өөрт нь зарцуулах зорилгоор барьцаанд тависнаар санхүүжилт босгох зэргээр бүхий л бололцоо боломжуудыг хайж байна. Энэ чиглэл дээр ерөнхийдөө нааштай шийдвэрүүд гарч байгаа. Тэгэхээр найман хувийн зээл үргэлжилнэ. Гэхдээ өмнөх хэлбэрээр хэрэгжихгүй. Зээлийн өөр нөхцөлөөр хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Төрийн өмчит компаниудын өрийн асуудал дангаараа ийм өндөр дүнд хүрчихсэн юм биш. Монголын нийт Үндэсний үйлдвэрлэгч нарын өр төлбрийн асуудал хүнд байдалд орсон. Энэ нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан үзэгдэл. Цаашдаа төрийн өмчит компаниудын  үр ашигтай ажиллах менежмент, удирдлагын асуудлыг сайжруулах шаардлагатай байгаа. Төрийн өмчит компаниуд алдагадлтай ажиллаад байгаа мөртлөө захирал нь  маш өндөр цалинтай. Бид ажил авсныхаа дараа төрийн өмчит компаниудын үр ашигтай ажиллах чиглэлд судалгаа хийсэн. Судалгаанд үндэслэж, захирлуудынх нь цалинг 30-60 хувиар бууруулчихаад байгаа. Эхний байдлаар зардлын хэмнэлт дээр ийм арга хэмжээ авсан. Ер нь цаашдаа үр ашиггүй үйл ажиллагаа явуулж төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогыг хэрэгжүүлнэ.

-Гадны банкийг оруулах асуудлыг та юу гэж үзэж байна вэ?

-Би ажлаа авсныхаа дараа бүх салбарын байгууллагуудын төлөөллүүдтэй уулзсан. Тухайн салбарт ямар бэрхшээлтэй асуудал байна, эрхзүйн орчноос шалтгаалсан ямар асуудал  байна гэхчлэн ярилцаж байж, бид ажлаа төлөвлөсөн байгаа. Хууль эрхзүйн орчноо тодорхой салбарууд дээр сайржуулах, журмуудаа цэгцлэх зэргээр  олон санал санаачлагыг  хувийн хэвшлийнхэн гаргасан. Бүх салбарын уулзалтууд дээр гадны банкны оруулж ирүүлэх  санаа яригдлаа. Гэхдээ бид энэ асуудлыг  бодож үзэх хэрэгтэй. Ямар байдлаар оруулж ирэх ёстой юм гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна. Монголдоо үйл ажиллагаа явуулж буй 13 банк шиг  шууд явуулчихаж болохгүй. Өөрөөр хэлбэл, эрхзүйн орчноо бүрдүүлж байж гадны банк оруулах  ёстой. Энэ чиглэлд ажлын хэсэг гарсан байгаа. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэж,  Засгийн газраас шийдвэрээ гаргаад явна.

-Засгийн газрын ажлын үр дүнд орлогогүй, ажилгүй, ядуу өрхүүхэд хэзээ хэрхэн хүрэх бэ?

-Би маргааш бүх юм сайхан болно гэж хэлээгүй. Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө гэсэн уриатай МАН сонгуульд орсон. Эдийн засгийн хүндрэл гаранд орсон өргөснийг аваад хаячихаж байгаа шиг гэнэ зүгээр болчихгүй. Би Сангийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн хүндрэлээс гарахын тулд хоёр жилийн хугацаа хэрэгтэй гэж хэлж байсан. Өнөөдөр бид төсвийн алдагдлыг шууд байдлаар бууруулах замаар бусдад таалагдах шийдвэр гаргаж болно. Ингэх юм бол эдийн засаг бүр хямарна. Тиймээс хүндрэлээс аажим аажмаар гарах ёстой. Хямралаас гарах хугацааг богино байлгах асуудал дээр Засгийн газар ажиллаж байна. Гэр хорооллын иргэдийг тал  бүтэн талх  авдаг болгохын төлөө ажиллаж байна. Манай Засгийн газар хамгийн богино хугацаанд асуудлаа боловсруулж, шийдвэрээ гаргаж байгаа гэж үзэж байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг томилохдоо шалгуур тавьж байгаа юу. Мэргэжлийн хүн томилж чадах уу?

-“Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирал дээр шалгуур тавьж байгаа. Ажлын туршлага, мэргэжил гэх мэтчлэн шалгуур тавьж байна.

Ах дүү хамаатан саднаа томилсон асуудлын тухайд мэдээллийн эхэнд би монголчууд 3.1 сая боллоо гээд нэг тоо хэлсэн. Цөөхүүлээ л улсын зовлон юм уу даа.  Энд тэнд явахаараа ярилцахаар хамаатан садан болдог.

-Өнгөрсөн хугацаанд төрийн албанд хийгдсэн томилгоонуудад улстөрчдийн ах дүү хамаатан садан, үр хүүхэд, эхнэр, нөхөр томилогдлоо. Энэ томилгоо цаашдаа үргэлжлэх үү?

-Шинэ Засгийн газар томилгооноосоо эхлээд хүлээлт үгүйсгэсэн гэсэн зүйл асууж байна. Томилогдож байгаа болгон 100 хувь таалагддаггүй. Ямар ч сайн хүн байсан гэсэн ямар нэг хэмжээгээр шүүмжлэл сонсдог. Засгийн газрын хувьд хэрэгжүүлж байгаа ажил түүнээс гарч байгаа үр дүнг л шаардана.  

-Төрийн албанаас хэдэн хүн ажлаасаа халагдсан бэ?

-Халагдсан хүний тоог нарийн хэлж мэдэхгүй байна. 2012 онд эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэлээ гээд тухайн үед ажиллаж байсан 30 мянган албан хаагчийг халсан. Эдийн засгийн хүндрэлийг бий болгоход нөлөөлсөн зарим хүнийг өөрчлөхөөс өөр арга байхгүй.

-Сайн хөтөлбөр”-ийг яагаад зогсоосон юм бэ?

-“Сайн” хөтөлбөрийг зогсоосон гэлээ, Монголбанкнаас мөнгө хэвлүүлээд хөтөлбөр хэрэгжүүлээд байж болно. Надад эх орноо гэсэн, эдийн засгаа гэсэн сэтгэл байгаа учраас тэгж чадагүй байна. Орон нутгийн сонгуулийн өмнө тэгвэл болох байсан. эдийн засаг миний гоёоор ярих хөтөлбөрийг даагаад авах явах боломжгүй учраас зогсоосон юм. Цаашдаа бид үндэсний үйлдвэрээ дэмжиж байж, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох бололцоо бүрдэнэ.

Японы Ерөнхий сайд ирээд надаас манай компани танайх 1.4 сая ам.доллар өгөх юм билээ. Тэрийгээ надад өгчихөөч гэж байгаа. Би тийм л Ерөнхий сайд байхыг хүсэж байгаа. Нэг хүний төлөө, Монголынхоо нэг аж ахуйн нэгжийн төлөө Манай Засгийн газрын бүх л гишүүд дуугардаг байгаасай гэж, үүний төлөө ажиллана.

-“Эрдэнэт”-ийн асуудлаар Засгийн газар цаашид ямар арга хэмжээ авах бэ?

-Манай  Засгийн газрын хувьд “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал эрх хүрээнийхээ хэмжээнд бүх шийдвэрүүдээ гаргасан. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан. Худалдаж авсан эх үүсвэр нь хууль ёсных уу гэдгийг тогтоолгохоор хуул хяналтын байгууллагад хандсан. Энэ бүхэн нь Засгийн газрын түвшинд гаргаж болох бололцоотой бүхий л шийдвэрүүд гэсэн үг. Бид ТУЗ-өө байгуулсан. Гүйцэтгэх захирлыг удахгүй томилно.

Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн бүтнээрээ хэвийн явагдаж байгаа. Ямар нэг зүйлийг нь зарж борлуулаагүй. Татвар төлөлтийн асуудалд судалгаа хийсэн. Өмнө нь татварын урьдчилгаа нэрээр өмнөх онд нь авсан байсан. Эрдэнэтийн борлуулалт хэмжээ буурсан. Дэлхийн зах зээл дэх зэсний үнэ буурсан. Эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж байгаа.

-Ам.долларын ханшийг яагаад өсөөд байна вэ?

-Сайн нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн. Маш их хэмжээний мөнгийг зах зээл рүү оруулсан. Дээр нь Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай гээд хэрэгжсэн. Энэ бүхэнд мөнгө хэвлэсэн. Энэ бүхэн чинь валютын ханшийг өсгөсөн. Тиймээс энэ бүхнийг зогсоосон. Мөнгө хэвлэхийг зогсоогоогүй бол валютын ханш 2300-гаас өсөх байсан. Монгол банк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Одоо валютын орох урсгалаа нэмэгдүүлэх хэрэгтэй. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:-“Эрдэнэт” үйлдвэр олон улсын гэрээгээр зохицуулагдаж байсан. ОХУ-ын тал Монголын аж ахуйн нэгжид өөрийн эзэмшиж байгаа 49 хувийг худалдсанаар хүчингүй болсон харилцаа үүссэн. Засгийн газрын 6 сарын 13-ны тогтоолоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах гэрээнээсээ татгалзахдаа   УИХ дээр зөвшилцөх ёстой байсан үндэслэл хийгдээгүй байна гэж ажлын хэсэг дүгнэлтдээ мэдэгдсэн.

Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадвал бид ам.долларын ханшийг бууруулах нөхцөл бүрдэнэ.

МОНГОЛЫГ 2017 ОНД АЯЛАХ ТОП ОРНЫ ЖАГСААЛТАД ОРУУЛЛАА

-Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсон. Энэ чиглэлд ямар ажил хийгдэх вэ?

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол: -БОНХАЖЯ-наас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн нэг гол ажил нь Парисын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах явдал байлаа. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аянд нэгдэж байна. Парисын хэлэлцээрийг 2016 оны есдүгээр сард ээлжит бус чуулганаар батлуулсан явдал нь Монгол Улсад өнөөдөр олон улсын байгууллагатай хамтран зүтгэх үүрэг хүлээсэн, гэрийн даалгавраа хийж хэрэгжүүлэх боломж бололцоогоор хангагдаж байна. Парисын хэлэлцээрийг  11 дүгээр сарын 4-нөөс дэлхийн бүх улс орнууд хэрэгжүүлэх нөхцөл бүрдлээ. Хүлэмжийн хийг ялгаруулдаг  70 гаруй орон соёрхон батлуулах хуулиа шийдвэрлүүлж чадсан учраас энэ хэлэлцээр хурдан хугацаанд хэрэгжиж байна. Өнөөдөр дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт явагдаж, гол горхи ширгэж, усны хомсдол үүсэх магадлал бий болсон. Жишээлбэл, өнгөрсөн жил манай зүүн аймгууд руу 200 гол горхи, мөрнөөс  100 гаруй нь ширгэсэн. Ганга нуураас жишээлж болно. Энэ бол дулаарал хүчтэй явагдаж байгаагийн жишээ. Бидний амьдарч байгаа эх дэлхийгээ аюулаас хамгаалах шаардлага тулгарсан гэдгийг дэлхийн том гүрний Ерөнхийлөгч нар уриалсан. Ингээд 100 тэрбум төгрөгийн санг байгуулсан. Энэ сангаас Парисын хэлэлцээрийг соёрхон батлахад оролцсон дэлхийн бүх улс орон санхүүжилт авах нөхцөл бүрдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хуралдаанд оролцож, Парисын хэлэлцээрийг гардуулж өгсөн. Энэ үйл явцаас Монгол Улсын хуурайшилт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож иргэдээ амьдруулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломж бий болно.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр томоохон хэмжээний шийдвэр гарснаас хойш сургалт сурталчилгааны чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Аялал жуулчлалын салбарт нэг мэдээ өгөхийг хүсэж байна. Дэлхийн аялах газруудыг олон улсын хэмжээнд сурталчилдаг байгууллагаас өчигдөр Монгол Улсыг 2017 онд аялах Топ орнуудын долдугаар жагсаалтад оруулж анх удаагаа зарлалаа. Энэ жил бид жуулчдынхаа тоог нэмэгдүүлж чадах юм бол тэнд ажиллах хүчнийхээ тоог нэмэгдүүлнэ. Өнөөдөр энэ салбарт 50 мянган хүн ажиллаж байгаа. 100 мянгад хүргэхийн тулд Монголд ирэх жуулчдын тоог өсгөх хэрэгтэй байгаа юм. Энэ бол утаагүй үйлдвэрлэл, энэ бол орж ирж байгаа орлого бүхэн нь иргэдийн амьдралд шууд тэгш хуваарилж очдог салбар. Энд хэвлэл мэдээллийн байгууллагынхны сурталчилгаа чухал. Монгол Улс орчин үеийн нүүдлийн соёл иргэншлийг тээж байгаа их сайхан улс орон юм байна, энэ улсыг зорьж аялаарай гэсэн мэдээг дэлхий даяар зарласан. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагынхан сурталчлаасай гэж бодож байна.

-Гэр хорооллыг барилгажуулна гэх хэрнээ гэр хорооллын 00-ыг 3 сая ам.доллараар доторлоно гээд яриад байгаа нь ямар учиртай вэ. Яамдууд уялдаа холбоогүй ажиллаад байна уу?

-Яамд уялдаа холбоогүй ажиллаж байгаа асуудал биш. Улаанбаатар хотод өнөөдөр 1.3 сая иргэн амьдарч байна, тэдний 53 хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын агаарын бохирдол, хөрсний бохирдол сэтгэл эмзэглэм байдалд хүрсэн. Бороо хүчтэйхэн орлоо үер бууж, жорлонгийн ус нь хальж гаран гудамжиндаа урсдаг. Өвөл нь түүн дээрээ халтирдаг. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна, өвчлөл маш их үүсгэж байна гэж ярьж байгаа.

Хөрсний бохирдол нь ундны цэвэр усыг бохирдуулах аюул нүүрлэсэн учраас бид олон улсын байгууллагуудтай хийж гаргасан судалгаандаа үндэслээд доторлогоотой 00, муу усны нүх барих аргыг хайхгүй бол амьдарч байгаа хүмүүсийн  амьжиргааг ч хүндрүүлж, хөрсний бохирдлыг бууруулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй юм байна гэж үзээд тодорхой ажил хийх нь зүйтэй гэж үзээд ажиллахаар шийдсэн. Олон улсын байгууллагуудад санал тавьсан. Азийн хөгжлийн банкнаас 3 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж 1500 айлын 00-ыг доторлогоотой болгох асуудлыг шийдвэрлэхээр бид ажлаа эхлүүлж байна. Энэ ажлыг уулын өндөрлөгт байгаа зарим гэр хороололд хэрэгжүүлнэ. Нүүхгүй байх магадлалтай учраас.

Бид бүх өрхүүдээ орон сууцжуулах хөтөлбөрт хамруулчихна гэж үлгэр ярьж чадахгүй. Сая Ерөнхий сайд хэллээ, 1000 айлыг орон сууцжуулах хөтөлбөрийг эхний ээлжинд хэрэгжүүлэх бодит ажлыг эхлүүлнэ гэж. Тийм учраас хэрэгцээ шаардлагыг хангасан иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор хийх ажлын нэг гэж ойлгоорой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж