Аргаль угалз наадах намар

Хуучирсан мэдээ: 2016.10.28-нд нийтлэгдсэн

Аргаль угалз наадах намар

-ФОТО НИЙТЛЭЛ-

Эгшиглэн жирэлзэх Үенч голын үзэсгэлэнт их хавцлын эхэнд орших домогт Их улаан давааны өвөрт сүндэрлэх Хар чулуут, Нүцгэн, Цахирын нуруунд намрын сүүлчийн тосон шар өдөр аргаль угалз, янгир ямаа сүрэглэн наадаж, тэдэнд сэмхэн дөхөх боохойн сүрэг, дагалдан хорхойтох үнэг, хярс бөгөөд тэнгэрт горьдон эргэлдэх бүргэд, тас хийгээд ёл тэргүүтнийг ажиглан уулс, үүлсийн завсарт жаргах аз завшаан саяхан миний биед тохиов. Чингэхийн тулд нийслэлийн чимээ шуугиан, тоос шороо, яаруу дааруу хэмнэлийг орхиж унаган нутгаа зорьсон юм. Тэгээд гэрэл зургийн аппарат, яндан дуран сэлтээ үүрч, нутгийн хэрсүү дүү хүү, омголон агт морьдоор хань хийж нүд баясган, тархи сэргээж, сэтгэлээ амраасан болой. Ховд аймгийн Үенч сумын сэрүүн сайхан алтайн торгон царам нь ийм жаргалын орон. Энэ бол баруун хилийг өнө эртнээс харуулдаж, хамгаалж ирсэн захчин олны өлгий, Монгол Улсын 2014 оны тэргүүний сум, ажил хөдөлмөр ундарч, хөгжил дэвшилд тэмүүлсээр буй зах хязгаар. Намайг алс холоос үргэлж татах хүчит соронзон.

Миний бие ан амьтан, жигүүртэн шувуудын гэрэл зургийн урлагт шимтэн дурлаж, түүгээрээ алжаал тайлахын зэрэгцээ шим ертөнцийн амьд уран бүтээл амьтан, шувуудыг хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн учир утгыг олон нийтэд ойлгуулах үйлсэд чадах ядахаараа оролцохыг хичээдэг нэгэн.

Энэ удаа аргаль угалз наадах намрын ахуй бүрдүүлсэн угалзын орооны цагийг онилсон юм. Гэхдээ тэдний амар амгалан ахуйг хөндөж нүгэл үйлдээгүй болно. Энэхүү аянаас ганзгалж ирсэн олзныхоо дээжээс хуваалцъсу.

Сүрэг хураах эрдэм

Олон аргаль хураан эзэмдэх нь “архаг” угалзын хувьд арга заль гэхээсээ илүү бие бялдар, эрч хүч, бэлгийн чалх, нүнжиг агуулсны шинж санж. Энэ нь угалз, аргаль хоёр нийлж наадан, бурханаас заяасан нандин мэдрэмж эдлэн жаргах намрын эдүгээ цагт ажиглагдана. Үр удмаа ийнхүү үлдээх торгон агшин тохиож, эрхлэн наадах, сүрэглэн цэнгэх нь юутай сонин. Ирэх хавар төрөх аргалийн хурга заяах цаг. Энэхүү нандин цагийн гэрч болох нь хүмүүний нүд баясааж, сэтгэл уяруулж, ертөнцийг умартуулах нь нэн олзуурхууштай.

Аргалийн үнэр

Аргалийн сүргийн үнэр авсан дан харчуулын харц, мэдрэмж, хүслэн чухам юу өгүүлнэ вэ? Юутай сонин…

Идэр угалз нялхдав

Идэр угалзын сониучхан авир аргалийн нүдэнд эс өртөнө. Хоёр намрын дараа эвэр, туурай бүдүүрч, булчин шөрмөс, бас бус ид шид бүрдэнээ…. Тэгэхэд ер бусын жаргал ирнэ. Юутай мөрөөдөл…

Шадар гурван цэрэг

“Шадар гурван цэрэг” сүржин жагсахуй хавь ойрын аргалиуд аальгүйтэх нь ихсэж, азгүй төлгөн угалз жийгдэнэ. Юутай сүр…

Аварга

Лунжгар эвэр, лухгар хүзүү цээж, цагаан тохом, хурц шаргал нүд нь аварга угалзын төрх. Алхаа гишгээ, сүрлэг харц, үнэр танар, бяр чадал иж бүрдсэн нь олон олон аргалийн шохоорхолыг гойд татна. Юутай гайхамшиг…

Төлгөн угалз жийгдч

Аваргын бараанаар зарим нь дайжихдаа төлгөн угалзыг бүр гадуурхав. Хөөрхий дөө. Гэвч амьдрал баян…

Дэлхийд танигдсан Монгол Алтайн аргаль угалзын өлгий Үенч минь эс хайрлахын аргагүй гайхамшигт ертөнц. Тэндээс:

Аргалийн сүрэг нугад нь наадсан
Хойлогийн шивнээ оргилд нь шингэсэн
Холдох тусам ойрхон хайрхан
Санах тусам сайхан Алтай минь …. гэж зүрхэндээ шивнэсээр буцаж мордлоо.

Галсангийн БАТСҮХ

2016.10.23

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж