Галт тэрэг, автобусны холимог аялал нээнэ

Хуучирсан мэдээ: 2016.10.27-нд нийтлэгдсэн

Галт тэрэг, автобусны холимог аялал нээнэ

Сэлэнгэ аймгийн “Зэлтэрийн зам” компани Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-тай хамтраад   нэгэн сонирхолтой аяллыг санаачлан хэрэглэгчдэд санал болгож байгаа юм байна. Энэ нь галт тэрэг, автобусны холимог аялал юм. Аялагчид Сэлэнгэ аймаг хүртэл галт тэргээр аялаад, Сэлэнгээс Улаан-Үд хүртэл автобусаар аялах боломжийг олгохоор болсноо өнөөдөр /2016.10.27/ мэдээллээ.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр мэдээлсэн бас нэгэн шинэлэг үйлчилгээ бол төмөр зам, орон нутгийн автобус, орон нутгийн онгоц зэрэг хүн тээврийн үйлчилгээнийн тасалбар түгээх нэгдсэн систем ТҮЦ машин нэвтрүүлэх тухай юм. Тасалбар түгээх автомат нэгдсэн системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх мэт бүхий л мэдээллийг оруулан тасалбараа худалдан авах боломжтой болох юм байна. Хэрэглэгчдэд ачаалал, хүндрэлгүй, түргэн шуурхай, орчин үеийн, шинэлэг техник технологи болон боловсронгуй үйлчилгээг хүргэхээс гадна билетийн кассын ачааллыг бууруулах, хүний нөөцийн зардлыг хэмнэх ач холбогдолтой гэж яамнаас тодотгож байна.

Тасалбар түгээх машиныг эхний ээлжинд томоохон худалдааны төвүүд, аялал жуулчлалын компани, тээврийн товчоо, төв шуудан гэх мэт олон нийтийн газруудад байршуулж турших  гэнэ. Хэрвээ туршилт амжилттай болбол  ирэх оны нэгдүгээр улирлаас нийтийн хүртээл болгон ашиглах юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж