Сэргээш үгүйлсэн санхүүгийн зах зээл

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Сэргээш үгүйлсэн санхүүгийн зах зээл

Монгол Улсын санхүүгийн салбарын бүтэц үнэндээ дэндүү тэнцвэргүй. Санхүүгийн зах зээл /СЗЗ/-ийн 95 хувийг арилжааны банкууд дангаар эзэгнэж, үлдэж буй тавхан хувь нь Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/, Үнэт цаасны зах зээл, даатгалд ногдож байна. Анхнаасаа хуваарилж өгсөн хэрэг биш л дээ, хөгжлийн явцад ийм харьцаа үүсчихсэн хэрэг. Үүнийг адилтгая гэхнээ алдаа мадагтай бодлого, төрийг төлөөлөн санхүүгийн зах зээлийг удирдаж буй байгууллагын санаачилгагүй байдал, дээрээс нь зах зээлд оролцогчдын өөрсдийнх нь идэвх ихээхэн сул байгаатай холбоотойг өнөөдөр /2016.10.26/ Төрийн ордонд болсон “Нэг зорилго нэгдсэн шийдэл” хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс дуу нэгтэй зөвшөөрч байлаа. Товчхондоо бол СЗЗ-д сэргээш үгүйлэгдэж байгаа аж.

Санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээл уг нь шинэ тутам зүйл огтхон ч биш. Монголын хөрөнгийн бирж л гэхэд ардчилсан хувьсгалтай дөрөө харшин Монголд бий болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл зүгээ олохгүй төөрч будилсаар байгаа учир хойшид хэрхэх вэ гэдэг гарцыг хамтдаа хайх үүднээс “Нэг зорилго нэгдсэн шийдэл” хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хөрөнгийн бирж /МХБ/, Японы хамтын ажиллагааны байгууллага /JIСA/-аас хамтран зохион байгуулсан юм. Төрийн ордны Их танхимыг дүүртэл цугласан олны дунд хамгийн их “чих нь халууцсан” хүмүүс бол Санхүүгийн зохицуулах хороо, МХБ-ийнхэн байлаа. Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсан цагаасаа /2006 он/ өнөөг хүртэл мэргэжлийн дарга даамалтай байгаагүй бөгөөд санхүүгийн зах зээлд оролцож үзсэн хүн ч тэнд ажилладаггүйгээс СЗЗ-д оролцогчдын жаргал, зовлонгоос ангид явдаг гэдгийг олон хүн шүүмжилж байлаа. Голчлон хуульчид энэ байгууллагыг ахалдаг бөгөөд хуулийн хүрээнд алдаа мадаг гаргачихгүй ажиллахыг чухалчилдаг болохоос СЗЗ-ийг утгаар нь хөгжүүлэх, хувьцаат компаниудын болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, салбараа хөгжүүлэхийн төлөө сэтгэл чилээдэггүйгээс арилжааны банкуудтай арсалдах нь бүү хэл арчуулахад хүрсэн гэсэн хатуухан шүүмжлэл өрнөлөө. Гэхдээ энэ бүх шүүмжлэл Санхүүгийн зохицуулах хорооны өмнөх хуучин удирдлагуудад хаяглагдсан гэдгийг дурьдая. Шинээр томилогдсон удирдлага, багийн зүгээс шинэ арга барил, өөрчлөлт, шинэчлэл гаргах хүлээлт өндөр байна. 

Хөрөнгө оруулагчид МХБ-ийг хувьчлахыг дэмжжээ

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн парга Б.Өлзийбаяр Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлыг судалгаанд тулгуурлан танилцуулсан. Тэрбээр судалгаандаа арилжаанд идэвхтэй оролцдог хөрөнгө оруулагчдын төлөөллийг багтаасан байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 4113 иргэн, аж ахуй нэгжүүд арилжаанд идэвхтэй оролцдог ажээ. Эдгээрийн төлөөлөл болгон гадаадын дөрөв, дотоодын 156 хөрөнгө оруулагчийг судалгаанд хамруулсан байна. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 68 хувь нь эрчүүд байгаа нь үнэт цаасны зах зээлийн онцлогтой холбоотой гэдгийг Б.Өлзийбаяр яриандаа тодотгосон. Хөрөнгийн зах зээлд хүч үзэгсдийн олонх нь эрчүүд байдаг ажээ. Насны хувьд ч 30-34 насныхан судалгаанд түлхүү хамрагдсан байна.

Судалгаанд дийлэнх нь буюу 69 хувь нь таван сая төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаас худалдаж авсан, 56 хувь нь сүүлийн нэг жилд ямар нэгэн байдлаар арилжаанд оролцсон, 45 хувь нь анхны хувьцаагаа жилийн өмнө худалдаж авсан гэхчилэн идэвхтэй бөгөөд шинэ хөрөнгө оруулагчид түлхүү хамрагджээ.

Тэдгээр хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр чамласан үзүүлэлт бол СЗХ, МХБ-ийн үйл ажиллагаа юм. Хөрөнгө оруулагчдын тэн хагас нь хувьцаат компаний санхүүгийн тайланг хянах ёстой субьектийг санхүүгийн зохицуулах хороо гэж тодорхойлсон бөгөөд үйл ажиллагаанд туйлын хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчид сэтгэл ханамжгүй байгаа бөгөөд 89 хувь нь МХБ-ийг ямар нэгэн байдлаар хувьчлахыг дэмжсэн байна.

Мөн үнэт цаасны компаниуд хөрөнгө оруулагчдыг хэрэгтэй мэдээллээр төдийлөн хангаж чаддаггүйг тодотгосон байна. Судалгаанд оролцогчдын 73 нь мэдээллээр хангах байдалд дунд буюу түүнээс доош үнэлгээ өгчээ. Хөрөнгө оруулагчид компанитай холбоотой мэдээллийг цаг алдалгүй мэдэж байхыг хүсэхээс гадна тухайн салбар, зах зээлийн онцлогийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүсэмжилж байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хувьд данс нээх, хаах, арилжаанд ороход гардаг чирэгдэл хүндрэлийг арилгаж, интернэт платформтой болохыг хүсчээ.

СЗЗ-ийн хөгжлийн гарц юу вэ?

Тэгвэл эхэнд өгүүлсэнчлэн СЗЗ-ийн хөгжлийг түргэтгэх сэргээш нь юу вэ гэсэн асуулт эндээс урган гарна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах үүднээс зах зээлд үнэт цаас гаргахын тулд компаниуд асар урт замыг туулдаг гэдгийг олон хүн хэлж байлаа. Тийм зам туулж, даваа гүвээ давж байх зуурт гадныхны итгэл алдарч орхидгоос хувьцаат компани болох мөрөөдлөөсөө ухарсан хүмүүс бишгүй олон бий. Гадаад зах зээлд хэдийнээ IPO хийчихсэн хэрнээ дотооддоо хувьцаа гаргах гэж яарахгүй байгаагаа “Энержи ресурс”-ийн захирал Г.Батцэнгэл хэлэлцүүлгийн индрээс хэлсэн.

Энэ бол хамгийн анхдагч саад. Энэ саадыг давахын тулд СЗХ илүү санаачлагатай, шуурхай, зах зээлд оролцогчдынхоо төлөө сэтгэлтэйгээр ажиллах даалгаврыг хэлэлцүүлэгт оролцогчид өглөө. Тэд СЗХ хэсэгхэн хугацаанд ч болов компаниудаад “За” гэж хэлэх хэрэгтэйг, тэгж чадваас хөрөнгө оруулагчдаа бид өөрсдөө олоод ирье хэмээн хэлж байлаа. Хөрөнгө оруулагчдын хувьд ч төрийн нэгдсэн бодлого барихын дээр хөрөнгийн зах зээл дэх төрийн оролцоог багасгаж, татварын орчинг таатай болгох, сайн бүтээгдэхүүн гаргах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих зэрэг аргыг хэрэгжүүлбэл СЗЗ хөгжих боломж бүрдэнэ гэдгийг тодотгосныг судалгааны дүн харуулж байна.

Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд:

  1. Томоохон төслүүдэд шаардагдах хөрөнгийг биржээр босгох

  2. Эрдэнэт ГОК, ба Төрийн банкны хувьцааг хөрөнгийн биржээр худалдах..

  3. Төрөөс хувьчлалыг үнэ хаялцуулах аргаар биш хоёрдогч зах зээлээр олон нийтэд нээлттэй борлуулах

  4. ХЗЗ дээр үнэт цаасаа гаргаж буй компаниудыг дэмжих, татварын хөнгөлөлт эдлүүлэх зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргах мотиваци төрүүлэх

  5. Банкуудын хэт монополь байдлыг сулруулах, үгүйдээ л тэднийг илт дэмжсэн бодлогыг төр барихгүй байх

  6. СЗЗ, хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжааны талаар маш сайн мэдээллийг ард түмэнд хүргэх, үнэт цаасны талаарх ойлголтыг хүн бүр мэддэг болгох зэрэг саналыг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөн тавилаа.

Дээрх саналыг хэрэгжүүлэхгүй бол хөрөнгийн зах зээл хүмүүсийн хувьд хөндлөнгийн асуудал хэвээр байх нь.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж