Г.Дэнзэнгийн хэргийн мөрдөн байцаалт дуусчээ

Хуучирсан мэдээ: 2016.10.27-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэнгийн хэргийн мөрдөн байцаалт дуусчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-ынхан шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Хэргийн талаар эргэн сөхвөл, түүнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн. Г.Дэнзэнг “Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг буюу Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин Г.Уянгын “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудалд буруутгаж буй.

Гэвч удалгүй түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан ч тэрээр гадаадаас захидал ирүүлсэн. Үүний дараа буюу түүнийг эх орондоо ирээд байхад нь буюу 2015 оны тавдугаар сард АТГ-аас хоёр сар орчим цагдан хорьсон байдаг.

Уг хэрэг хэсэгтээ л нам жим байсан ч өнгөрсөн есдүгээр сарын 28-нд АТГ-аас Г.Дэнзэнг дахин баривчилсан юм.

Гэхдээ хуулийн байгууллагынхан Г.Дэнзэнд холбогдох хэргийн талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч өнгөрөгч даваа гарагт прокурорын байгууллагынхан улирлын ажлаа тайлагнах үеэрээ сэтгүүлчдийн асуултад ийн хариулт өгсөн. Тодруулбал, Г.Дэнзэнгийн хэргийн талаар “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Хэргийн оролцогч нар хэргийн материалыг танилцуулж байна. Удахгүй прокурорын шатанд хянагдахаар ирнэ” хэмээсэн. Тиймээс Нийслэлийн прокурорын газарт шилжсэн эл хэрэг удахгүй шүүхэд очих нь.

Өнгөрсөн хоёрдугаар сард Г.Дэнзэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэх гэж байгаа хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр мэдээлж байсан.

Эрүүгийн 2014250007486 дугаартай ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнд холбогдох хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж