Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах нар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Истанбул хотноо зохион байгуулагдсан Олон улсын Истанбулын эрх зүйн чуулга уулзалтад оролцож, албаны хүмүүстэй албан ёсны яриа, хэлэлцээр хийлээ.
Истанбулын олон улсын чуулга уулзалт нь БНТУ-ын Ерөнхийлөгчийн ивээл доор, БНТУ-ын Хууль зүйн яам, БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөл, БНТУ-ын Хууль зүйн академи зэрэг байгууллагууд хамтран анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан оролцож үг хэлсэн бөгөөд тэрээр БНТУ болон бусад гадаад улсын хууль, шүүхийн байгууллагууд харилцан туршлага судалж, хамтран ажиллах нь чухал болохыг онцолж энэ удаагийн олон улсын эрх зүйн чуулга уулзалт нь 48 улсын хууль, шүүхийн байгууллагын төлөөлөгчид оролцож байгааг дуулгав.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоантай мэндчилж, тус чуулга уулзалтад Монголын төлөөлөгчдийг урьж оролцуулсанд талархал илэрхийлэв.
Истанбулын эрх зүйн чуулга уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах нар "Үндсэн хуулийн хяналт: Хүний үндсэн эрх ба шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр илтгэл тавилаа.
Тус хурлыг БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Мехмет Илмаз удирдсан бөгөөд хурлын хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн талаар асуулт хариулт явагдсан юм. Улмаар хурал даргалагч, ноён Мехмет Илмаз Монгол Улсад шүүхийн шинэтгэл амжилттай явагдаж буй энэ хугацаанд шүүгчдийн цалин хамгийн өндрөөр хүлээн зөвшөөрөгдсөн талаар сонордуулахад төлөөлөгчид Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн олсон амжилтад алга ташилтаар онцгойлон баяр хүргэв.
Чуулга уулзалтаар Үндсэн хуулийн эрх зүй ба шүүхэд мэдүүлэх эрх, Шүүн таслах ажиллагааг үр нөлөөтэй явуулах болон шүүхийн сургалт, Эвлэрүүлэн зуучлал, Арбитр, Прокурорын байгууллага ба үр нөлөөтэй хянан шалгалт, Эрүүгийн процессын ажиллагааг шийдвэрлэх арга зам, Дүрвэгсдийн эрх зүйн асуудал, Олон нийтийн сүлжээ: иргэний болон эрүүгийн хариуцлага зэрэг цаг үеийн олон асуудлыг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Б.БАТ