Улсын хэмжээнд уст цэгээ тоолж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд уст цэгээ тоолж байна

Монгол орны усны тоо бүртгэлийг дөрвөн жил тутамд явуулдаг юм. Өмнө 2003, 2007 онуудад усны тооллого явуулсан бол хуулийн дагуу гурав дахь удаагийн ээлжит тооллогыг энэ жил зохион байгуулж байгаа аж.Тооллогод улсын хэмжээнд 48 ажлын хэсэг ажиллаж байна. Дархан-Уул аймгийн хувьд өнгөрсөн удаа явагдсан уст цэгийн тооллого бүртгэлээр нийт 956 уст цэг бүртгэгдсэнээс гурван нуур цөөрөм, 31 гол горхи, 26 булаг шанд, 8 үерийн хамгаалалтын далан, нэг усан сан, таван цэвэрлэх байгууламж, 878 худаг тоологдож байгаль цаг уурын дулаарал, хүний буруутай үйл ажиллагааны улмаас аймгийн хэмжээнд нийт 19 уст цэг буюу горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэсэн судалгаа гарч байсан юм. Харин энэ жилийн тухайд гадаргын болон гүний усны шинэчилсэн тоо бүртгэлээр Дархан сумын нутаг дэвсгэрт нийт 1312 уст цэг тоолжээ. Энэ удаагийн тооллогод иргэдийн гаргасан гүний худгуудыг хамруулна, тэдгээр худгаас дээж авч шинжилнэ, нэргүй байгаа булаг шандыг нутгийн ардын нэршлээр нэрлэж, газрын зурагт тэмдэглэнэ гээд нилээд онцлогтойгоор эхэлж байна. Тооллогын дүнг 2007 онд явагдсан тооллогын дүнтэй харьцуулахад ширгэж устсан булаг шанд байхгүй, худгийн тоо нэмэгджээ.

Д.ДОЛГОР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж