Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар 100 гаруй нэр дэвшигчийн санал тэнцсэн тул дахин сонгуулийг энэ сарын 29-нд явуулахаар болсон. Дахин сонгуульд нийтдээ 19 аймгийн 57 тойрогт явагдах юм. Сонгуулийн зардлыг сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн зардалд зориулж баталсан 13,9 тэрбум төгрөг дотроо багтаан явуулна гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдсэн. Нэг зүйлийг онцлоход санал тэнцүү нэр дэвшигчийн дунд нэг намынхан хоорондоо өрсөлдөхөөр зэхэж байгаа тохиолдол цөөнгүй байгаа юм байна. Ингээд аймаг, орон нутгийн Сонгуулийн хорооны дарга нартай утсаар холбогдож мэдээлэл авлаа.
Говьсүмбэр аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Тамир: Саналын хуудас, санал тоолох машинаа удахгүй хот орж авна. Манай аймгийн хувьд ганцхан Сүмбэр суманд санал тэнцсэн. Тэнцүү саналтай хоёр хүн нь МАН-ын нэр дэвшигчид байгаа учраас улстөрийн ач холбогдол багатай болчихоод байна. Тиймээс ядаж л иргэдийн идэвхийг сайжруулах үүднээс арга хэмжээ авч ажиллаж байна.
Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Хонгорзул: Сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан. Дахин сонгууль Хатанбулаг, Даланжаргалан суманд явагдана. Даланжаргалан суманд АН-ын хоёр нэр дэвшигч хоорондоо өрсөлдөнө.
Завхан аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Дэмчигсүрэн: Сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан. Сантмаргад, Цэцэн-Уул, Алдархаан суманд дахин сонгууль явагдана. Аймаг орон нутагт нэг намын хоёр нэр дэвшигч санал тэнцэж, дахин сонгуулиар хоорондоо өрсөлдөхөөр бэлтгэж байгаа гэсэн. Манай Алдархаан суманд ч ийм тохиолдол бий. Тодруулбал, Алдархаан сумын хоёр тойрогт таван нэр дэвшигчийн санал тэнцээд байгаа юм. Нэг тойрог дээр нь АН-ын хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. Нөгөө тойрог дээр нь гурван хүний санал тэнцсэн. МАН-ын хоёр нэр дэвшигч, АН-ын нэг нэр дэвшигч хоорондоо өрсөлдөнө.
Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Ариунтуяа: Сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан. Бид саналын хуудас, санал тоолох машин, иргэний бүртгэлийн төхөөрөмжөө хүлээгээд авчихсан. Тун удахгүй суманд хүргэнэ. Манай аймгийн Цэнхэр, Хотонт сумдад нэр дэвшсэн хүмүүсийн санал тэнцсэн.
Баян-Өлгийн аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Даримхан: Сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан. Манай аймгийн сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролдог. Өнгөрсөн сонгуулиар гэхэд л нийт сонгогчийн 80 хувь нь санал өгсөн байдаг. Энэ удаад хоёр суманд дахин сонгууль явагдана.
Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Юндэнбазар: Сонгуулийн бэлтгэл ажил хангагдаж байна. Манай аймагт Баянбулаг, Баянлиг, Галуут суманд дахин сонгууль явагдана.
Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Мөнхтөр: Саналын хуудас, санал тоолох машинаа Сонгуулийн ерөнхий хорооноос хүлээгээд авчихлаа. Одоо аймагтаа очоод цаашаа сум руу хүргэх ажил хийгдэнэ. Манай аймагт Хөхморьт, Дарви, Цогт суманд дахин сонгууль явагдана.