“Хорооллоор” нэг хоосон лангуу

Хуучирсан мэдээ: 2016.10.27-нд нийтлэгдсэн

“Хорооллоор” нэг хоосон лангуу

Хоосон лангуу бидний хэлж заншсанаар хорооллын /III, IV дүгээр хороолол/ дэлгүүрүүдийг эзлэх болжээ. Түрээсээ хэд дахин буулгаад ч түрээслэе гэсэн хүн ирэхгүй байгааг тэд учирлав. Өмнө нь хороололд ганц лангуу авбал “насны хоол” болдог байлаа. Гэхдээ энэ үзэгдэл ганц хорооллын ч биш, томоохон дэлгүүрүүдэд энэ нь сүүлийн гурван жилд нүүрлээд энгийн үзэгдэл мэт болсон талаар түрээслүүлэгчид ярив. Энэ нь нөгөө л эдийн засгийн хямрал, иргэдийн худалдан авалт муудсантай холбогддог. Мөн үүний хажуугаар гадуур нь ярайх, ямар ч зөвшөөрөлгүй ил задгай худалдаачдыг ч буруутгав.

“Москва” их дэлгүүрт гэхэд түрээслэгчгүй лангуу гурван жилийн өмнөхөөс нэмэгджээ. 2013 онд тус дэлгүүрийн лангуу бүрэн дүүргэлттэй байсан аж. Харин үүнээс хойш сард зоолттой нэг хоосон лангуу гарах болсон байна. Тус дэлгүүрийн нэг давхар нь л гэхэд 6-8 лангуутай. Харин одоогоор 6-7 лангуу ор хоосон байгаа аж. Менежерийн хэлж буйгаар жилийн өмнө арай дээр байжээ. Харин энэ жил түрээсгүй лангуу улам ч нэмэгдсэн. Уг нь өмнөх жилүүдтэй харьцуулахад түрээсийн үнээ 30-40 хувиар бууруулжээ. Зарим тохиолдолд 50 хувиар ч бууруулсан байна. Гэвч тогтвортой түрээслэгчид ирэхгүй, сар болоод л “бүтэхгүй юм байна” гээд гараад явдаг гэв. Мөн тогтмол түрээслэгчийн тоо ч буурчээ. Менежер “Хямралтай үед худалдаачид ч хаана боломжийн түрээстэй, худалдаа эрхлэхэд тохиромжтой вэ гээд олон газраар явж туршдаг. Сүүлийн жилүүдэд нэг сар болоод л гардаг, өөр газруудаар явдаг хүмүүс олширсон” гэв. Үүнээс гадна удаан хугацаанд түрээсээ төлж чадаагүй түрээслэгч багагүй бий гэнэ. Нэгэнт л хямралтай энэ үед түрээсээ хагаслаж, аль болох боломжоор нь авдаг гэдгээ ч хэлэв.  

“Москва” дэлгүүрийн дэргэдэх “Нарлаг” дэлгүүрт ч хоосон лангуу хоёр ч харагдав. Энд мөн нөхцөл тийм ч сайнгүй. Гутлын лангууны худалдагчийн хэлж буйгаар хоёр давхрын мухрын лангуу ихэнхдээ хоосон байх болжээ. Түрээслэгч ирсэн ч хоёр сар болоод л гараад явдаг гэв. Тэрбээр “Бид ч бараа эргэлтийнхээ учрыг олсон, хөлөө олчихсондоо л ингээд байж байна. Худалдан авалт юу ч үгүй болсон энэ их хямралын үед шинээр наймаа хийж байгаа залуус л цөм шатдаг сурагтай” гэв.

Тэгвэл 3, 4 дүгээр хорооллын “Ачлал” их дэлгүүрт ч байдал сайнгүй. Энд нийтдээ 60 түрээслэгч бий. Одоогоор 10 лангуу түрээслэгчгүйгээр сул зогсчээ. Одоогийн түрээслэгчдийн нэгдүгээр сараас хойш түрээсээ төлөөгүй жагсаалт бичгийн цаас дүүрэн эрийж байв. Тус дэлгүүрийн түрээсийн үнэ 150 мянгаас нэг сая гаруй хүртэл. Гэхдээ түрээслэгч багатай энэ үед үнээ 20-30 хувиар бууруулжээ. Гэсэн ч түрээсгүй лангуунууд хэвээр байгаа гэв. Дөрвөн давхраас эхлээд хоосон лангуунууд энд тэнд харагдаж байлаа.

Иргэдийн халаасан дахь мөнгө ховордож, хэрэглээгээ танаж, худалдан авалтаа бууруулсан нь худалдаачдын санхүүгийн эргэлтийг ч сааруулж, улмаар томоохон дэлгүүрүүдэд хоосон лангуу ихэссэн өнөөдрийн дүр зураг бий болжээ.

Б.ЗОЛЗАЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж