С.Зориг агсны хэрэгт сэжиглэн хорьж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн өнөөдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. "Зууны мэдээ" төвд болсон хэвлэлийн бага хуралд Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, түүний гэргий, мөн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нар оролцсон юм. Тэдний мэдээлж буйгаар дээрх хоёр иргэнийг өнгөрөгч 2015 онд энэ хэрэгт сэжиглэн хорьжээ.
Ар гэрийнхний зүгээс "Энэ бүхэн С.Зоригийн хэргийг илрүүлэх бус эсрэгээрээ хэн нэг ядарсан хүмүүсийг ашиглаж, хэргийг хаах гэж буй үйлдэл" гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа.
Олны анхаарал татсан асуудлаар тэд юу ярив.
Б.СОДНОМДАРЖААГИЙН ЭЭЖ Л.ЖАВЗМАА: МИНИЙ ХҮҮ ХЭРЭГ ГАРСАН ӨДӨР ГЭРТЭЭ БАЙСАН
-Миний хүү Содномдаржаа 461 дүгээр ангид хоригдсоноос хойш нэг жил, хоёр сарын хугацаа өнгөрлөө. Би Булган аймгийн уугуул хүн. Би нөхөртэйгөө сүү, ногооны фермерийн аж ахуй эрхэлж амьдардаг. Хүү маань фермерийн ажлын гол эзэн нь байсан.
С.Зориг агсан амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бол хадлан тариалан, мал аж ахуй эрхэлдэг хүний хувьд ид ажлын үе. Орон байраа засах, тариа ногоогоо хураах үеэр хүү маань аавтайгаа трактортой өвс ачаад явж байсан. Тэр хоёрыгоо гэртээ ирэхэд нь будаатай цай чанаад, хэдэн хүүхдээ тойруулаад сууж байсан тэр өдрийг би маш тод санаж байна. Хүүгээ энэ хэрэгт холбоогүй гэдгийг би гэрчилнэ, би өмгөөлнө. Миний хүү энэ өдөр гэртээ байсан.
Тодорхой ярья. 2014 оны хагасаас миний хүүгийн утсанд мессеж ирдэг болсон. “Чамайг хорино, чи Зоригийн хэрэгт холбоотой биз дээ. Чамтай хамт би С.Зоригийг алсан. Чи хүлээнэ биз дээ” гэх мэтчилэн мессежүүд ирснийг цуглуулаад байтал 28 хуудас болсон. Ингээд бид түүнийг хэвлүүлж, хууль хяналтын байгууллагад өгсөн. Хуулийнхан гэтэл түүнийг тоогоогүй. Удалгүй бид манай хамар хашааны айл байсан, хүн мөчилж хөнөөсөн хэргээр шоронд хоригдсон Амгаланбаатар гэх залуу хүү рүү маань ингэж мессеж бичээд байсныг олж мэдсэн.
2015 оны наймдугаар сарын 31-нд хүүг хашаандаа явж байтал хар хувцастай, маск зүүсэн хүмүүс ирээд баривчилж авч явсан. Хаашаа гэдгийг нь мэдээгүй. Тагнуулын байгууллага, хорих ангиас сураглаад хүүгээ олоогүй. Гэтэл дөрөв хоногийн дараа 461 дүгээр ангид хүүг хорьсон байсан. Би хүүтэйгээ уулзахаар гурван сар хөөцөлдөөд чадаагүй.
Энэ бүхнээс харахад, миний хүүг шоронд хоригдсон Амгаланбаатар гэх залуутай холбож, тэр залуугаар бамбай болгон, С.Зоригийн хэрэгт холбон шалгаж байна гэж бид үзэж байгаа. Энэ хугацаанд хүүгийн маань амьдрал орвонгоороо эргэлээ. Гурван нялх хүүхэд нь хэцүүдлээ. Эхнэр нь өр зээлтэй, бидний амьдрал маш хүнд байна.
-Гол нь ямар шалтгаанаар таны хүүг С.Зоригийн хэрэгт холбож байгаа гэж та үзэж байгаа вэ?
-Сайн мэдэхгүй байна. Тэр Амгаланбаатар гэдэг хүүгийн гэртэй манайх хамар хашаанд байсан. Амгаланбаатарыг арав гаруй настай байхад нь манайх нүүсэн. Мэдэхгүй юм даа, Амгаланбаатар гэж хүн манай хүүд өс хонзон санадаг бололтой. “Чамайг шоронгоос гараад ална. Танайхыг шатаана” гэх мэтчилэнгээр мессеж ирүүлдэг байсан. Энэ хугацаанд би хууль, хяналтын байгууллага, УИХ-ын гишүүдэд нийтдээ 51 удаа захидал бичсэн. Олигтой хариу өгдөггүй. “Шалгаж байна. Танай хүүг суллах болоогүй. Шалгаж байгаа” гэдэг л хариу хэлдэг.
Т.ЧИМГЭЭГИЙН АХ Т.ХҮРЭЛБАТ: АЙЛГАЖ, ДАРАМТАЛЖ ХЭРГИЙГ ШИЙДЭХ ГЭЖ БАЙНА
Амгаланбаатар гэх хүнийг манай дүү Чимгээгийн нөхрийн талын өвгөн, хөгшин хоёр өргөж авсан байдаг. Ингээд хүн амины хэргээр 20 гаруй жилийн ял авч, шоронд орсныхоо дараагаас манай дүү Чимгээ рүү мессеж бичдэг болсон юм билээ. Дарамталсан мессежүүд их ирүүлдэг. Уг нь тэрийг тоодоггүй байсан. Гэтэл өнгөрсөн жил дүүг маань тагнуулынхан баривчилж, авч явсан. 2015 оны наймдугаар сард Эрдэнэтэд ажилтай явж байхад нь баривчилсан. Гурав хоногийн хугацаанд таг чиг байсны эцэст тагнуулынхан авч явсан гэсэн мэдээлэл ирсэн. Бидний мэдэж буйгаар дүүг маань тэр Амгаланбаатар гэж хүний гүтгэлгээр энэ хэрэгт хүчээр холбогдуулж байгаа бололтой. Манай дүүгийн хувьд тухайн үед бага насны гурван хүүхэдтэй байсан. Гэтэл тийм хүн тийм хэрэг хийгээд явж байх уу?
Хорьсон эхний жилд нь биднийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхийг хориглосон. Бид эхний жилдээ хууль, хяналтын байгууллагыг хүндэтгэсэн. Асуудал шийдэгдээд, гарах байх, болох байх гээд их хүлээсэн. Одоо бид аргагүйн эрхэнд хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандаж байна.
Хараад байхаар хэргийг илрүүлэх бус, хэн нэгэнд үүрүүлэх гэсэн процесс явж байна. Тэгэх тэгэхдээ хэргийг ядарсан бидэнд үүрүүлж, ямар нэгэн аргаар хаах сонирхол хэн нэгэн эрх мэдэлтэй хүнд байна. Миний ээж 75 настай хөгшин бий. Дорноговь аймагт амьдардаг. Энэ хөгшний гэрийг нэгжих гэж л дөрвөн том хар машинтай, 20 орчим залуус очсон байна. Ганцхан шовгор гэрт хэдэн хүн хэрхэн аж төрж буйг тагнуулынхан өөрсдөө хангалттай мэднэ. Тэгэхээр зүгээр л айлгаж, ичээж, дарамталж асуудлыг шийдэх гэж байгаа байдал шууд харагдаж байгаа. Одоо манай дүүгийн ар гэрийнхэн, Содномдаржаагийн талынхны утсыг байнга чагнаж, машин тэрэг үргэлж дагаж явдаг болсон. Энэ бүхэн хэрээс хэтэрч байна.
Б.ЗАЯА
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ