Орхон, Булган аймаг 2016-2020 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр буюу энэ сарын 27-нд Булган аймагт боллоо. Ийнхүү гэрээ байгуулснаар хоёр аймаг газрын харилцаа, барилга хот байгуулалт, байгаль орчин, хөдөө аж ахуй, авто зам, нийтийн зорчигч тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг 15 чиглэлд 58 ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.
Хамтран ажиллах гэрээг МУ-ын хууль тогтоомж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг үндэслэн харилцан ашигтай байгуулах зорилгоор хамтарсан ажлын хэсэг гарган ажилласан байна. Тус ажлын хэсэг гэрээний төслийг боловсруулж хоёр аймгийн төрийн байгууллагуудын төлөөллөөр хэлэлцүүлснээр ийнхүү хоёр аймгийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажууллаа.
Гэрээ байгуулах ёслолын үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Орхон, Булган аймгийн дунд олон асуудал үүсэж байсныг энэ гэрээгээр цэг тавьлаа. Бид гэрээг хоёр аймгийн эрх ашигт нийцсэн, иргэддээ ээлтэй байх зарчмыг баримталж үзэглэлээ. Манай хоёр аймаг бүх түвшинд ойлголцлоо” гэсэн юм.
Тэгвэл Булган аймгийн Засаг дарга З.Батзориг хэлсэн үгэндээ “Манай хоёр аймгийн дунд үүсээд олон жил болсон асуудлыг шийдвэрлэхэд энэхүү гэрээ чиглэнэ. Уг гэрээ нь гарын үсэг зурсан цагаас хэрэгжиж эхлэх тул Булган, Орхон аймгийн төр захиргааны байгууллагууд сар, улирал, жилийн ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцоллоо.
2012-2016 онд байгуулсан гэрээний биелэлтийг Орхон аймаг 74, Булган аймаг 85 хувьтай гэж дүгнэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENET.MN