“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагаас өнөөдөр Төв аймгийн Заамар, Жаргалант сумдад хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй зарим компанийн талаар мэдээлэл хийлээ.
Тус байгууллагын гишүүд энэ сарын 20-21-ний өдрүүдэд дээрх суманд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан эрх, үүргийн хүрээнд ажиллажээ. Тодруулбал, тэднийг очих үед Төв аймгийн Жаргалант суманд Хятадын “Тэн хун” компанийн ажилчид баруун аймгуудаас хууль бусаар тээвэрлэж ирсэн алт бүхий шороогоо мөнгөн усаар угааж байсан бөгөөд уг орхигдсон шороог цианит натри ашиглаж, алт ялгаж байжээ. Мөн уг тэд Заамар суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монполимент” групп голын сан бүхий газарт алт ашигт малтмал олборлохдоо Усны тухай хууль болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зөрчин, байгаль орчинд хохирол учруулж байгааг гэрэл зургийн хамт дэлгэн харуулсан юм.
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бээжин “Заамар суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монполимент” группийн захирал нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав. Тэрээр хоёр ч хуулийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учраас УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны даргаар ажиллах нь шударга бус үйлдэл гэж үзэж байгаа учраас түүнийг энэхүү албан тушаалаа өгөхийг шаардаж байна” гэв.
Х.Бээжин: Жаргалант суманд Хятадын компани хууль зөрчин ажиллаж, иргэдийг хордуулж байна
Мөн тэрээр “Бид иргэдийн мэдээллийн дагуу Төв аймгийн Заамар, Жаргалант сумдад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын ажиллагаатай танилцахаар очсон юм. Гэтэл Төв аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй Хятадын “Тэн хун” компани биднийг дотогш нэвтрүүлэхээс татгалзаж, энэ үеэр талбай дээр ажиллаж байсан хятад иргэдээ машинд суулгаад зугтаалгах гэж оролдсон. Үүнийг бид холбогдох байгууллагуудад нь шалгуулахаар болсон.
“Тэн хун” компанийн хувьд мөнгөн усаар алт угааж, тэрхүү хордуулсан усаа шууд газар дээр нь асгаж байна. Түүнчлэн тэд өөрийн тусгай зөвшөөрлийн талбайгаас өөр газраас буюу Баянхонгор, Ховд, Увс, Дорноговь аймгаас хулгайгаар олон тонн шороо олборлож мөнгөн усаар угааж хордуулж орхигдсон шороогоо зориулалтын бус задгай машинаар өөрсдийн ашиглалтын талбай дээр зөөвөрлөн авчирч дахин цианит натри ашиглан алтыг нь ялгаж авч байна. Тус компанийн хордуулж буй талбайн ойролцоо нутгийн иргэдийн хүнсний ногооны талбай, малын бэлчээр бий. Мөн тус компанид ажиллаж байсан хүн химийн хорт бодист хордож, өрөөсөн бөөр нь устсан баримттай мэдээлэл байна. Түүнчлэн тус уурхайд жилдээ 2-3 хүн нас бардаг зэрэг олон зөрчилтэй мэдээлэл байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компанитай хариуцлага тооцон хуулийн дагуу бүх арга хэмжээг авахуулах болно” гэв.
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагаас дээрх хууль бус үйлдлийг шалгуулахаар БОАЖЯ, Хууль зүйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газарт өнөөдөр албан бичиг хүргүүлэх юм байна. Албан бичгийн хариугаа хуулийн хугацаанд буюу 14 хоногт багтаан дээрх байгууллагуудаас авах бөгөөд хэрвээ хугацаандаа хариу өгөхгүй бол тухайн албан тушаалтантай хариуцлага тооцон ажиллана гэдгээ дуулгалаа.
Г.ДАША