Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ олон нийтэд дэлгэсэнтэй холбоотойгоор “Мөнх-Оргил асар их хэмжээний өртэй” гэх мэдээлэл тарсан. Энэ асуудлаар би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Надад тийм их хэмжээний өр байхгүй. Би УИХ-д нэр дэвшихэд ч байгаагүй. Дараа нь УИХ, Засгийн газрын гишүүнээр сонгогдоход ч байгаагүй. Өмнө нь байсан уу гэвэл байсан. Хэзээ байсан бэ гэхээр 2013-2016 оны тавдугаар сар хүртэл энэ өр байсан. Энэ өр хаанаас гарч ирсэн бэ гэхээр манай гэр бүлийн хүн 2013 оны дөрөвдүгээр сард “Гоёо” компанийг “MCS” компаниас худалдаж авсан. Худалдаж авахдаа 25 хувийн төлбөрийгн бэлнээр төлөөд 75 хувийг зээлээр авсан. Тэгэхээр Мөнх-Оргил бэлнээр болон бэлэн бусаар мөнгө зээлээгүй. Нэгэнт манай гэр бүлийн хүний нэр дээр өр байгаа учраас хөрөнгө орлогын мэдүүлэгт тайлагнана. Тайлагнахдаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан учраас зургаан сарын хоцрогдолтой гарсан байна. Үүнээс хойш 2016 оны тавдугаар сарын 2-нд хувьцаа буцаах тухай гэрээ байгуулаад хувьцааг нь буцааж өгсөн өр тэглэгдсэн. Өртэй холбоотой зээлийн хүү төлөгдсөн. Манай гэр бүлийн хүн өнөөдөр ямар ч өргүй “Гоёо” компанийн 25 хувийг эзэмшиж байгаа” гэлээ.
Мөн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр Мөнх-Оргил байргүй гэж мэдүүлэг гаргасан байна. Энэ нь АТГ-ын бичилтийн алдаа гэж тайлбарлалаа. Энэхүү бичилтийн алдаагаа хүлээж уучлалт гуйсан бичиг хүргүүлсэн байна. Тодруулбал, орон сууц гэдэг хэсэгт тоо байхгүй, бусад барилга гэдэг дээр нэг гэсэн тоо тавьсан байгаа нь бичилтийн алдаа болсон гэж тайлбар хийлээ.