АРДЧИЛСАН НАМАА АРДЧИЛСАН ЗАМААР ШИНЭЧИЛЬЕ
ХӨВСГӨЛЧҮҮДИЙН УРИАЛГА
Монголын Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид ээ!
Монгол оронд 1990 оны цагаан морин жилд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд, ард түмний сэтгэл зориг, хүсэл тэмүүлэл дээр үүсэн хөгжсөн, үргэлж түүнийг өвлөн тээж өсч хөгжиж ирсэн нам бол Ардчилсан нам билээ. Энэ нам ардчилсан нийгмийг цогцлооход өөрийн хувь нэмрээ оруулж, үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн юм. Гэвч нийгмийн хүлээлт, ард түмний итгэлийг тээж яваа энэ нам шат шатандаа цөөн хэдэн хүний эрх ашигт үйлчилж, фракц, бүлэглэлийн зөрчилдөөн дунд зорьсон зорилгоосоо хазайх хэмжээнд хүрсэнд Ардчилсан намын гишүүд дэмжигчид бид туйлын харамсч байна. Намын удирдлагууд нь дүрмээ зөрчдөг, өөрсдийн сонирхолд нийцүүлэн дүрмээ өөрчилдөг, хуралддаггүй, өөр хоорондоо тэмцэлддэг арчаагүй байдал нь Монголын хөгжлийн зүтгүүр, ардчиллын амин сүнс болсон Ардчилсан намыг сульдаан хүчгүйдүүлж, ардчиллыг төгөлдөржүүлэх үйл хэрэг зогсоход хүргээд байна. Ардчилсан намын хүч суларснаар нийгэмд тэнцвэрт байдал алдагдаж, нэг намын дарангуйлал сэргэж, ил тод байдал алдагдаж, төрийн албаны халаа сэлгээ нэмэгдэж, хэлмэгдүүлэлтийн өнгө аяс цухалзах боллоо.
Ардчилсан нам бол Монголын ардчилал, эрх чөлөөний манаач, хөгжүүлэгч гэдэг нь өнөөдрийн нөхцөл байдлаас тодхон харагдаж байна. Ийм учраас та бид Монгол түмний ардчилал, эрх чөлөөний төлөө Ардчилсан намыг аврах, сэргээн шинэчлэх үүрэгтэй билээ. Энэ намд шинэчлэл агаар, ус мэт хэрэгтэй. Шинэчлэл жил сар, өдөр тутам хийгдэж байх шаардлагатай. Бид алдаагаа засаж, намаа шинэчлэхийн тулд Ардчилсан намынхаа нийт гишүүдийн санаа бодлыг тусгах замаар шинэчлэл хийх шаардлагатай байна. Үүний тулд намынхаа шинэчлэл, хөгжлийн төлөө Хөвсгөл аймгийн Ардчилсан намын гишүүд бид дараах зүйлст анхаарлаа хандуулан, санаа бодлоо илэрхийлэхийг нийт гишүүддээ уриалж байна. Үүнд:
Ардчилсан намын үйл хэрэг дарга хүний үзэмжээр бус, дүрэм журмаар зохицуулагддаг байх.
Намын дээд шатны удирдах байгууллагын гишүүн нь фракцын төлөөлөл бус, хувийн ашиг сонирхолоор сонгогдсон хэсэг хүний гар хөл биш, харин намын анхан шатны нэгж болсон сум, хорооны намын төлөөлөл байх.
Ардчилсан нам бол фракцгүй, нэгдмэл нийтлэг эрх ашигтай, байнга сэлбэгдэж, шинэчлэгдэж байдаг, тасралтгүй, гацаагүй үйл ажиллагаатай, хариуцлагатай улс төрийн хүчин байх.
Намын бүх шатны байгууллага нь дарга зарлахаар хуралддаг байгууллага биш, жилд хуралддаг тодорхой өдөр, цагтай байх.
Түүхэн үүргээ биелүүлсэн ҮЗХ болон аймаг, дүүргийн Намын Хороог татан буулгаж, бүх шатны намын удирдах дээд байгууллагыг нийт намын гишүүдийн шууд санал хураалтаар эмхлэн байгуулах санаачлагыг гаргаж байна.
Эдгээр болон намын шинэчлэлийн бусад асуудлаар санал, бодлоо илэрхийлэхийг нийт журмын нөхөд, дэмжигчиддээ уриалж байна.
Ардчилсан намын шинэчлэл цаг алдах нь Монголын ард түмний эрх ашигт хор уршигтай гэдгийг ухамсарлаж, сэрэхийг, намынхаа шинэчлэлийн үйл хэрэгт нэгдэхийг Та бүхэндээ уриалж байна.
Ардчилсан намын ҮЗХ-ны хурлыг Орон нутгийн сонгуулийн дараа нэн даруй хуралдуулж, Намын шинэчлэл, их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг намын анхан шатны гишүүдийн оролцоотойгоор байгуулж, Ардчилсан намын одоогийн удирдлагууд бүрэн эрхээсээ зууралдахгүй үтэр түргэн салахыг шаардаж байна.
Бид, Ардчилсан нам Монгол хүний эрх чөлөөний төлөө бат зогсоно гэдэгт итгэдэг.
Бид, Ардчилсан нам Монгол орны тусгаар тогтнолын төлөө баттай тэмцэж чадна гэдэгт итгэдэг.
Бид, Ардчилсан нам Монгол орны хөгжлийн төлөө илүү ихийг хийж чадна гэдэгт итгэдэг учраас Ардчилсан намыг Монголын ард түмний нам болгох их үйлсийн төлөө тэмцэлд нэгдэцгээе!
ХӨВСГӨЛ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД