ААНОАТ-ыг 90 хувиар хөнгөлнө

Хуучирсан мэдээ: 2016.10.27-нд нийтлэгдсэн

ААНОАТ-ыг 90 хувиар хөнгөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар/ААНОАТ/-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уг хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 1 хувийн татвар ногдуулж, 90 хувиар хөнгөлөхөөр заасан юм.

Энэхүү хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжинэ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Болд салбараар нь ангилж ялгаварлалгүй бүх аж ахуйн нэгжүүддээ тэгш боломж олгоод ААНОАТ-ыг нь 90 хувиар нь хөнгөлөөд оруулаад ирж яагаад болдоггүй юм бэ. Одоо ингэж ялгахаар аж ахуйн нэгжүүд нэг хувийн татварт багтахын төлөө бүхий л талаар ажиллана” гэдэг асуудлыг хөндлөө.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Төсвийн алдагдал 9.9 хувьтай тэнцэж байгаа нөхцөлд бүгдийнх нь ААНОАТ-ыг хөнгөлөх боломжгүй байна гэдэг үндэслэлийг Засгийн газраас тавьсан. Эхний удаад дөрвөн салбарыг хамруулъя, эдийн засаг сайжрахаар бусад салбарыг хамруулаад явъя гэж үзсэн” гэдэг тайлбар хийлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж