Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын гадаа дүүргийн Ардчилсан намын гишүүд болон иргэд жагсч байна. Энэ сарын 19 болон 23-ны өдөр явагдсан Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох санал хураалтаар Баянзүрх дүүргийн АН 22 суудал авч ялсан боловч дүүргийн Сонгуулийн хороо зургаан хүний нэрийг үндэслэлгүйгээр хассантай холбогдуулан ийнхүү жагсч байгаа аж. Тэдний мэдээлж буйгаар Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий хууль бус шийдвэр гаргаж, ямар нэг үндэслэлгүйгээр зургаан хүнийг жагсаалтаас хасах тогтоол гаргасан гэв.
Сонгуулийн хорооны даргын хууль бус шийдвэрийг эсэргүүцсэн 40 гаруй иргэн өдрийн 12.30 цагийн үед замын хөдөлгөөн хааж, зам дээр хэвтэж эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд “Ард түмний сонгох, сонгогдох эрхийг зөрчихөө зогсоо”, “Шүүхийн дээр О.Бат-Өлзий байх уу” зэрэг лоозонг барьжээ. Харин цагдаагийн байгууллагынхан яаралтай үүрэг гүйцэтгэж жагсагчдыг замаас гаргаж чөлөөлсөн байна. Тэгвэл жагсагчдын зүгээс цаашид тэмцлийн хэлбэрээ хүндрүүлнэ гэдгээ ч илэрхийлжээ.
“Т.Батцогт: Шүүх, цагдаа бүх байгууллагад хандсан”
Энэ эсэргүүцлийн өмнө буюу 11.30 цагт Баянзүрх дүүргийн АН-ынхан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Намын дэд дарга Т.Батцогт “Ааравдугаар сарын 25-ны өдөр нэр дэвшигчдийн түр үнэмлэхийг Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо гаргасан. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны байранд сонгогчдын өгсөн саналын хуудас лацтай битүүмжлэгдэн байгаа. Тэр байр руу О.Бат-Өлзий нь нийслэлийн МАН-аас томилогдсон төлөөлөгч н.Сүхбаатартай хамт хүч түрж орж МАН-аас нэр дэвшсэн 19 хүнд үнэмлэх гардуулсан байгаа юм. Тухайн үеийн бичлэг, зураг бидэнд байна. Нотлох баримттай энэ асуудалд Баянзүрх дүүргийн АН-ынхан цагдаад мэдэгдэж үзлэг шалгалт явуулсан. Үүний дараа О.Бат-Өлзий гэгч нь утсаа салгаад, зугтсан. Өөртэй нь холбогдоход хотоос гарсан гэх тайлбар өгсөн. Ийм хууль бус шийдвэр гаргачихаад зугтаад алга болсон байна. Энэ асуудлаар бид цагдаа, тагнуул гээд дээд шатны бүх байгууллагад хандсан. Нотлох баримт, бичлэг бүх зүйл нь байна. Иргэдийн зүгээс ч тэр энэ асуудалд хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Өөрсдийнх нь эрх зөрчигдсөн асуудалд тэмцэнэ гэдгээ илэрхийлсээр байгаа” гэж мэдээллээ.
Мөн хурлын үеэр Баянзүрх дүүргийн тавдугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан ч үндэслэлгүйгээр хасагдсан гэх А.Түмэннасан “Миний хувьд Баянзүрх дүүргийн тавдугаар тойрогт нэр дэвшиж 3624 иргэний санал авч ялалт байгуулсан. Өрсөлдөгчөөсөө 73 хүнээр илүү санал авч ялалт байгуулсан. Гэтэл иргэдийн өгсөн саналыг үл хайхран шүүхээс давсан тогтоол гаргасан байгааг хэлэхийг хүсч байна. Ард түмний сонголтыг хүндэтгэхийг хүсье” гэлээ.