Иргэд юу шийдүүлэхийг хүсэв: АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ

Хуучирсан мэдээ: 2016.10.26-нд нийтлэгдсэн

Иргэд юу шийдүүлэхийг хүсэв: АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ

Шинэ Засгийн газрын шийдвэрлэх асуудлын нэгдүгээрт ажилгүйдэл, ядуурлыг нэрлэсэн талаар өнөөдөр /2016.10.26/ Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн судалгааны төвөөс мэдээллээ. Тус байгууллага Монгол Улсад УИХ-ын сонгууль болж өнгөрсний дараа буюу наймдугаар сарын 16-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар 5000 иргэнийг хамруулсан судалгаа явуулсанаа өнөөдөр тайлагнасан юм. Уг судалгаа нь шинээр сонгогдсон Засгийн газар нэн тэргүүнд ямар асуудалд анхаарлаа хандуулж, шийдвэрлэх вэ гэдгийг ард, иргэдийн санаа бодолд тулгуурлан гаргаж ирж буй аж. 13 аймгийн 2800, нийслэлийн 2200 иргэнийг хамруулсан судалгаа юм.

Ингээд шинээр сонгогдсон Засгийн газрын шийдвэрлэх нэн тэргүүний асуудлыг ажилгүйдэл /43 хувь/, ядуурал /16 хувь/, авлига, хээл хахууль /есөн хувь/ хэмээн нэрлэжээ. Ядуурал, ажилгүйдлыг бууруулж, шинээр ажлын байр нэмэх, эдийн засгийн тогтвортой байдал, төсвийн алдагдлыг тэнцвэржүүлэх, үрэлгэн зардлыг бууруулж, өрийн дарамтаас ангижруулах, авлига хээл хахуультай тэмцэх хэрэгтэй гэдгийг онцолжээ. Үүний араас боловсрол, сургалтын чанарыг сайжруулах, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, үнийн өсөлтийг зогсоох зэрэг асуудлыг эрэмбэлсэн байна.

Судалгаанд оролцогчдын 53 хувь нь Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг муу, 27 хувь нь маш муу гэж дүгнэжээ. Мөн сүүлийн нэг жилд гэр бүлийнх нь эдийн засгийн нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн бэ гэх асуултад 46 хувь нь хэвэндээ, 44 хувь нь дордсон гэж хариулсан байна.

Тэгвэл судалгааны багийнхны онцолсон гол үр дүн нь иргэд шинээр гарсан Засгийн газар дээрх асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт дийлэнх нь буюу 40 гаруй хувь нь итгэж буйгаа илэрхийлжээ. Мөн сонгуулийн сурталчилгааны үеэр амласан амлалтуудаа биелүүлнэ гэдэгт судалгаанд оролцогчдын 40 хувь нь итгэлтэй байна гэж хариулжээ. Мөн судалгаанд оролцсон иргэд УИХ-ын сонгуулийн дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, оролцогчдын 80 хувь нь зургадугаар сарын 29-нд өгсөн саналаа дахин бататгахад бэлэн гэдгээ илтгэжээ. Мөн оролцогчдын 80 хувь нь сонгуульд саналаа өгснөөр улс орны талаар шийдвэр гаргахад нөлөөлөх боломжтой гэдэгтэй санал нийлсэн байна. Энэ нь ардчилсан тогтолцоог чинээлэг эдийн засгаас илүүд үздэг иргэдийн тоо нэмэгдсэн сайн үзүүлэлт гэдгийг судалгааны багийнхан онцоллоо.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж