УИХ-ын сонгуульд 65 суудал авсан МАН-ынхан сум, дүүргийн сонгуульд ч үнэмлэхүй ялалт байгуулав. Ингэснээр 2016 онд болох бүх шатны сонгууль явагдаж дууссан гэж хэлж болно.
Энэ удаад АН орон нутагт дахь эрх мэдлээ ахиад л алдлаа. Гэхдээ бас чиг далаараа тавиулчихсангүй, нийслэлийн гурван дүүрэг, 100 гаруй суманд цэнхэр тугаа мандуулав. Үнэмлэхүй эрх мэдэлтэй том намын эсрэг “өрсөлдсөн” гэхэд бас л чамлахааргүй амжилт. Нийслэлийн арай боловсролтой хэсэг нь Ардчилсан намд итгэж саналаа өгчээ. Энэ нь нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүрэгт Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулснаас харагдаж байгаа юм. Хан-Уул дээр МАН арай чүү хоёр мандатаар илүү санал авав. Хэрэв Хан-уулын АН-ынхан сонгуулийн өмнө хоёр хуваагдаагүй бол цэнхэртэх бүрэн боломж байжээ. Гээд "Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй" гэсэн үг бий. Харин Багахангай, Багануур, Налайх бол ерөнхийдөө “улаан” дүүрэг. Эдгээр дүүрэгт МАН ялсан болохоор ямар нэгэн гомдол зарга гарахгүй л дээ. Угаасаа ч гаргахгүй.
Гэтэл Ардчилсан намыг дэмжиж, саналаа өгсөн нийслэлийн гурван дүүрэг дээр МАН ахиад л хууль бус шийдвэр гаргаад эхэлжээ. Ардчилсан намыг дэмжсэн ард түмний сонголтын дүн Ардын намынханд таалагдахгүй байгаа юм байх. Яасан ч увайгүй юм, ядаж ялагдлаа хүлээж чаддаг улс төрийн соёлтой байх хэрэгтэй л дээ, МАН. Тэгээд ч ерэн настай намд ийм хэмжээний зангараг бас баймаар.
Баянзүрх дүүргийн зургаан нэр дэвшигчийг Сонгуулийн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр ямар ч баримтгүйгээр жагсаалаас хасах шийдвэрийг дүүргийн Сонгуулийн хорооны дарга нь гаргажээ. Баримт, нотолгоотой ярьвал өөр хэрэг. Гэхдээ тэр баримт нотолгоо нь шүүхээр батлагдаж, нотлогдсон тохиолдолд л Сонгуулийн хороо шийдвэрээ гаргах ёстой. Эрх баригчдад саналаа луйвардуулахгүй гэсэн Баянзүрхийн сонгогчид, АН-ынхан өнөөдөр жагсч байгаа юм. Дээд, доод, дунд шатны бүх эрх мэдлийг атгасан, шүүх цагдааг “халаасандаа” хийсэн нам сонгогчдын саналыг яаж ч луйвардаж болно гэж эндүүрээд байгаа бололтой. Ингэвэл ёстой улаан цагаан “дээрэм” болно шүү гэдгийн Ардын намынханд сануулъя.
Үнэмлэхүй ялалтандаа гурван хоног согтуураагүй юм бол хотын сонгууль дууссаан, МАН-ынхан. Одоо улс төрийн увайгүй хэрүүлээ зогсоогоод улсаа яаж хямралаас гаргахаа л бод. Ард түмний сонголтын дүнг Ардын нам хүлээн зөвшөөрөхгүй гээд яах юм бэ?
Сонгуулийн дүнгээр Баянзүрхийн 41 мандатаас 22-ыг нь Ардчилсан нам авчээ. Яах аргагүй л МАН-ыг үнэмлэхүй олонх болгосон хар машин нь тоолоод гаргаад ирсэн дүн шүү дээ. Гэвч, МАН-ынхан тахимаа өгөхгүй гэж улайрч, дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийтэй нийлээд хор хутгаж суух жишээний. Ер нь тэгээд ардын “наадам” заавал Ардын намынх байх ёстой юм уу даа. "Би энэ наадмыг үзэхгүй" гэж гүйдэг Богдын хатан аятай л сонгогчдын саналын дүнг зөвшөөрөхгүй гэх эрх МАН байхгүй шүү дээ.
Сонгуулийн хорооны дарга гэдэг шүүгч биш, зөвхөн сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах талаас нь анхаарч ажиллах үүрэгтэй хүн. МАН-аас томилогдсон дарга нар л өөрсдийгөө шүүгч гээд итгэчихсэн, ард түмний төлөөлөн удирдах байгууллагаа сонгох эрхэнд бүдүүлгээр халдахыг завдаж байгаа болохоос. Энэ бол нэг ёсондоо гэмт хэрэг.
Баянзүрх, Баянгол дүүрэгт Ардчилсан намынхан бүтээн байгуулалт хийсээн, хийсэн. Ямар ч байсан төсвийн мөнгөөр “Банхар”-ын хөшөө барьчихаагүй юм. Р.Пүрэвдаваагийн баг сайн ч ажилласан, үр дүнг нь өнөөдөр иргэд тавьчихлаа. Хэрэв “Банхар”-ын хөшөө Баянзүрх дүүргийг хөгжүүлсэн бол баянзүрхчүүд мэдээж МАН-ыг л гаргаж ирнэ биз дээ. Гэтэл автомат машинын тооллогын дүнд Ардчилсан нам яллаа гэж нийслэлийн Сонгуулийн хороо зарлаад гурав хонож байна.
Үнэмлэхүй ялалтандаа гурван хоног согтуураагүй юм бол хотын сонгууль дууссаан, МАН-ынхан. Одоо улс төрийн увайгүй хэрүүлээ зогсоогоод улсаа яаж хямралаас гаргахаа л бод. Ард түмний сонголтын дүнг МАН хүлээн зөвшөөрөхгүй гээд яах юм бэ?