Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Онилуулсан Карзай

Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай сүүлийн долоо хоногийн дотор нөлөө бүхий хэд хэдэн хамтран зүтгэгчдээ алдлаа. Ерөнхийлөгчийн хүрээнийхний авд мордсон талибууд тэднийг өөр ертөнц рүү илгээжээ. Гадаадын цэргийнхэн Афганистаныг орхин гарч эхэлсэнтэй зэрэгцээд энэ нөхцөл Карзайн байдлыг атаархамгүй болгож байна.
Сүүлийн хагас жил Афганы ерөнхийлөгчийн хувьд хамгийн хүндээр туслаа. Түүний улс орныг  үлгэр жишээ гэж хэлэхэд хэцүү. Хамид Карзайг хувийн гэхээр тааламжгүй хэргүүд дарлаа. Wikileaks сайтын буянаар АНУ-ын удирдлага түүнийг сулхан, хард автсан хүн гэж үздэгийг Карзай мэдэж авав. Хартай, хорон санаатай нь үндэсгүй ч биш. Гуравдугаар сард америкчууд “андуураад” түүний үеэл дүү Хаджи Яр Мухаммед Хан Карзайг буудчихсан байв.

Дараа нь Афганы ерөнхийлөгчийн мөнгөний асуудал хайш яйш боллоо. Түүний эдийн засгийн асуудлын ахлах зөвлөх, Төв банкны тэргүүн асан Нурулла Делаварийг мөнгө үрэн таран хийсэн гээд баривчлав. Бас нэг таагүй зүйл нэмэгдсэн нь Төв банкны дараагийн тэргүүн Абдул Кадир Фитрат энэ зун АНУ-д зугтан гарав. Тэр ерөнхийлөгчийн нэг дүү Махмудыг сая ам.доллар гадагш зөөсөн хэрэгт сэжиглээд амиа бодсон нь тэр байв. Харин Карзай өөрийн хамаатанд эрүү үүсгэсэн байжээ. Санхүүч энэ боломжийг ашиглаад улс орноо орхин гарав.

Өмнө нь ерөнхийлөгч Иранаас “тав, зургаа, эсвэл долоон зуун еврог бэлнээр авч байснаа” ил тодоор хэлчихсэн байлаа. Улсын сангаа шууд бишээр ухсан хэрэг л дээ. Тэгээд Махмуд дүүгийнх нь түүх түүнийг хүн ардын нүдэнд муугаар харуулж өглөө.

Хамид Карзайд хамгийн хүнд цохилт долдугаар сарын 11-нд ирсэн юм. Түүний эцэг нэгт дүү Ахмед Вали Карзайг бие хамгаалагч нь орон гэрт нь хөнөөсөн юм. Ойрын хамаатнаа алдах нь ямар ч хүнд харамсалтай. Гэхдээ дундад зууны томьёоллоор бол Ахмед Вали Кандагар мужийн ван байсан юм.

Талибуудтай сайн тэмцсэн, үнэнч гээд ах нь дүүдээ хамгийн тайван биш мужийг итгэн захируулахаар өгсөн байлаа. Бага Карзай дундад зууны захиргааны арга барилаар “Талибан” хөдөлгөөний өлгий нутагт эмх журам гэхээр зүйлийг тогтоож чадсан байв. Ахмед Валигийн хүмүүс хүн хулгайлж, шүүхгүйгээр цээрлүүлж, хар тамхи бэлтгэж байна хэмээн америкчууд дургүйцэж байснаа дараа нь тэр бүгдийг  орхисон байв. Дайн болж байгаа юм чинь юуны либерал үнэ цэнэ байх билээ.

Ерөнхийлөгчийн дүү талибуудыг тогтмол талхилж байлаа. Түүний хүмүүс талибуудын гэр орныхныг дарамтлан өөрсдийг нь америкчуудад шилжүүлж байв. Засгийн эрхийн төлөө Ахмад Вали талибуудын аргаар л тэдэнтэй тэмцэн зүтгэж байлаа. Талибууд түүнийг устгахаар олон ч оролдлого хийж байв. Амиа золиослогчид гэрт нь довтолж, түүний машины цувааг пулёмет, гранат харвагчаар буудаж үзэв.  Ахмед Валийг долдугаар сарын 11 хүртэл аз ивээж иржээ. Гэвч бие хамгаалагчийнх нь сумнаас түүний жижиг шилтгээний өндөр бетонон хана, хуягласан машин нь хамгаалсангүй. Талибууд алуурчинд ямар шагнал амласан, эсвэл хэрхэн дарамталсныг хэн ч мэдэхгүй. Түүнийг бусад бие хамгаалагч нар нь шүүр шанага болтол бууджээ.

Юу ч болсон тус орны чухал мужийн нэг толгойлогчгүй болов. Түүнийг орлох хүн ч үгүй. Дүүгийнхээ үхлийн талаар ярьж байхдаа Хамид Карзай ихээхэн дарамтад байгаа харагдаж байв. Дайснаа хөнөөсөн талибуудын баярт тэрээр “Хүмүүсийг алаад хэрэггүй. Үүнийг хэн ч хийж чадна. Жинхэнэ эрчүүд алах биш авардаг” гэснээс өөр үг хэлсэнгүй. Оросын хүүхэлдэйн киноны Леопольд муурын үг шиг энэ мэдэгдэл талибуудад огт сэтгэгдэл төрүүлсэнгүй.

Долдугаар сарын 17-нд автомат буутай хоёр дайчин “нутгийн моодоор шахидын бүсээ зүүгээд” ерөнхийлөгчийн омгийн харилцааны асуудал эрхэлсэн зөвлөхийн гэрт дайран оржээ. Өндөр тушаалын зөвлөх Жан Мохаммад Хан энэ үеэр гэртээ Урузган мужийн парламентын гишүүн Мохаммад Хашемыг хүлээн авч байв. Талибууд тэр хоёрыг буудан хөнөөлөө. Үүний дараах буудалцаанаар хоёр дайчны нэг алагдаж, нөгөөгийнх нь талаар ямар ч мэдээ байхгүй.

Жан Мохаммад Хан улсынхаа хувьд чухал хүн, гэхдээ чухам ямар асуудлаар ажиллаж байсан нь огт мэдэгдэхгүй нэгэн байлаа. Түүний удирдлагаар Урузган муж тус орны хар тамхины хөл хөдөлгөөнтэй үйлдвэрлэгч болсон учир тэр мужийн захирагчаасаа 2006 онд “хусагдсан” байв. Тэнд байрлаж байсан Голладын хүчин түүний талаар гомдол гаргасан байлаа.

Талибууд бага Карзай, Хан хоёрыг булаан эзлэгчидтэй нийлсэн гээд эдгээр аллагыг огт өөрөөр тайлбарлаж байна. Гэхдээ харуул хамгаалалттай, ерөнхийлөгчийн хоёр туслах алагдлаа. Ийм нөхцөлд Карзайг хартай, хорон санаатай гэхээс өөр аргагүй. Түүний ажил үйлс улам муудах бололтой. Америкчууд, НАТО-гийн цэргийнхэн гарч эхэлнэ. Тэдний дэмжлэггүйгээр авлигад баригдсан Карзайн дэглэм тогтох эсэх нь эргэлзээтэй. Иймэрхүү жишээ олон бий. Нажибулла зөвлөлтийн цэрэг гарсны дараа засгийн эрхэнд гурван жил тэсээд зайлуулагдсан байлаа. 1992 онд түүнийг засгийн эрхээс зайлуулж, дөрвөн жилийн дараа  цаазалсан байлаа.

Америкчууд холбоотноо зүгээр нэг хаяхгүй нь ойлгомжтой. Тэглээ гээд Карзайд амар байхгүй. Чиний ойрын хүрээнийхнийг устгаад байхад арми, ард түмэн чамайг үнэлэхгүй байгаа бол ирээдүй их л бүдэг байна даа. Хэрэв америкчуудад Афганистан чухал байгаа гэвэл түүний орны хүнийг бодох цаг ирж байх шиг. Карзайн хувьд хаа нэгтээ орогнох газраа хайх хэрэгтэй болов уу. Түүнд нэг өөр хувилбар байгаа нь бага дүүгийнхээ замаар орох. Сум улам бүр ойр тусч байгаа цагт тэр хувилбарыг үгүйсгэх аргагүй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж