Хоёр см өргөнтэй, нэг см гаруйхны урттай, таван мм зузаантай Жамсран бурхны хув сийлбэр олны анхаарлыг ихэд татаж буй нь илт. Уг ховор нандин бурхны сийлбэрийг их хүрээний сийлбэрч Урансүрэн урласан бөгөөд энэ үзмэр Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн хамгийн жижиг үзмэр гэдгийг тайлбарлагч бүсгүй танилцуулав.
Тэрбээр үргэлжлүүлэн манай музейн хамгийн том үзмэр таван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй бөгөөд 19 дүгээр зууны үед цам эргэх ёслолд хэрэглэж байсан тухай сонирхуулсан юм. Харин энэ удаад Арван хангал бурхны цуврал үзэсгэлэнгийн дөрөв дэх “Эрдэнэ болсон гурван сахиус” үзэсгэлэнгээ олны хүртээл болгож буй нь энэ ажээ.
Бурхны шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо, Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэнт дүртэй бурхад байдаг.
Энэ удаагийн дөрөв дэх үзэсгэлэнгээр музейн сан хөмрөгөөсөө өмнө дэлгэж байгаагүй хангал бурхад болох Баян Намсрай, Улаан сахиус буюу Жамсран, Цагаан итгэл буюу Гонго бурхадын баримал, зурмал бүтээлүүдийг дэлгэн харуулж байна.
Эдгээр хосгүй үнэт ховор үзмэрүүд 19 дүгээр зуунд холбогдох бөгөөд ихэнхийг нь нэр нь үл мэдэгдэх урчууд урласан бөгөөд энэ удаа 200 гаруй бүтээлийг толилуулжээ.
Үзэсгэлэнг сонирхож яваа Э.Ганбат “Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн 50 жилийн ойн хүрээнд их өвөрмөц үзэсгэлэн гаргажээ. Энэ үзэсгэлэнд Арван хангал бурхны гурван дүрээр цуврал үзэсгэлэн гаргаж байгаа нь таатай санагдаж байна. Миний хувьд эдгээр үзмэрүүдээс уран сийлбэрч Урансүрэнгийн хуваар сийлсэн Жамсран бурхан их сонирхол татаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Цагаан итгэл буюу Гонгор бурхан нь эд баялаг аривжуулдаг эдийн тэнгэр бурхан. Тэрээр зургаан мутартай мутар бүр нь өөр өөр зэмсэгтэй. Мөн түүнийг тойроод таван дагинастай. Цагаан итгэл бурхныг Жанрайсиг бурхны хувилгаан дүр гэдэг. Энэхүү бүтээл нь18 дугаар зуунд хамрагдах бөгөөд бүтээгчийн нэр нь тодорхойгүй байдаг. Манай музейд уг Гонгор бурхны зураг нь 15 ширхэг байдаг юм” хэмээн тус музейн тайлбарлагч Б.Оюунчимэг хэлэв.
Тус музейн сан хөмрөгт 60 гаруй хосгүй үнэт ховор бүтээлүүд хадгалагдаж байдаг ажээ. Үүнд их хүрээний урлаач Пунцаг-Осорын урласан Жамсран бурхны шүрэн маск байна. Энэ бүтээлийг 19-р зууны үед хүрээний алдарт барималч Пунцаг- Осор цаасан шуумлын аргаар урлаж, алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин зэрэг эрднэсийн чулуугаар чимэглэжээ. Улаан жамсрангийн цамын багийг бүтээхдээ бурхны хилэнт дүр төрхийг 6000 гаруй цэвэр улаан шүрээр чамин хийцээр шигтгэн урласан байна. Цамын баг нь дангаараа 30 кг жинтэй бөгөөд өмсгөлтэйгөө нийлээд 70 кг жинтэй ажээ.
Улаан шүрийг шигтгэхдээ хүний нүүрний булчин шөрмөс, агшиж сунах цэгийн дагуу маш нарийн шигтгэсэн байх юм. Хоёр хөмсөгний зангирах хэсэгт л гэхэд хоёр том шүрээр шигтгэсэн харагдана. Шүрэн маскны таван гавлан титмийг модоор сийлсэн бөгөөд багийг цаасан шуумлын аргаар бүтээлсэн байна. Ийнхүү дүрслэх урлагийн бүхий л төрлийг шингээсэн Жамсран бурхны шүрэн багийг Монгол улсын засгийн газрын 1995 оны 241 тоот тогтоолоор хосгүй үнэт өвд бүртгэжээ.
Үзэсгэлэнг сонирхож буй үзэгчдэд хандан тус музейн тайлбарлагч эмэгтэй “Хүмүүсээ утсаараа авч байгаа зургаа ууртай шидэж, хамаагүй доор газар байрлуулж болохгүй шүү. Хилэнт дүртэй бурхад учраас догшин байдаг юм” хэмээн сануулж байв.
Ийн энэ сарын 26-нд үүдээ нээсэн “Эрдэнэ болсон гурван сахиус” үзэсгэлэн сарын турш олны хүртээл болох нь ээ.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ