Меркель гурав дахь салааг таслав

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Меркель гурав дахь салааг таслав

Орос, Герман хоёр “Хойд урсгал”  байгалийн хийн хоолойн гурав дахь салааг барих талаар тохиролцож чадсангүй. Дмитрий Медведевтэй хийсэн хэлэлцээрийнхээ дараа улс оронд нь байгалийн хийн “хэт импорт” хэрэггүй, “гурав дахь, дөрөв дэх, тав дахь хоолой” шаардлагагүй гэлээ.

Мягмар гаригт Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев ба Германы канцлер Ангела Меркель хоёрын хийсэн хэлэлцээрийн гол сэдэв нь Герман японы цөмийн станцын ослын дараа цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгаатай холбогдуулан Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийн тухай байлаа. Орос “Хойд урсгал” хийн хоолойн гурав дахь салааг байгуулах төслийг санал болгожээ.

Өнгөрсөн долоо сүүлчээр хий дамжуулах хоолойн гурав дахь ээлжийг бариулах боломжийг ерөнхий сайд Владимир Путин хэлж байв. “Энэ нь төсөөллийн боломж юм. Тийм салаа хаашаа явахыг хэлэхэд одоогоор хэцүү” хэмээн Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тодруулжээ.  Эхний ээлжийн  27,5 тэрбум шоо метрийн хий дамжуулах хоолойг энэ жилийн аравдугаар сард ашиглалтад орох ёстой. Хоёрдугаар салааг 2012 оны намар барьж эхлэх ажээ.

“Хойд урсгалын” гуравдугаар салааг Германд хүргэхээр тавьж болох юм хэмээн шинжээчид дүгнэв. Тэндээс Нидерландад хий хүрч болно. Нидерландад байгалийн хийн олборлолт эрс буурах хандлага байгаа гэж Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн тэргүүн Константин Симонов ярилаа. Шинжээчийн хэлж байгаагаар хэрэв хаагдаж байгаа атомын эрчим хүчийг хийгээр солилоо гэхэд Германд нэмэлт 36 тэрбум шоо метр хий хэрэгтэй болох юм. “Гэхдээ Германд салхин сэнсний гаргах сэргээгдэх эрчим хүч газар авч байгааг тооцвол 2020 он гэхэд Германы хийн хэрэглээ нь 26-28 тэрбум шоо метр орчим болсон байх ёстой” гэж Симонов ярьж байна.

“Оросын байгалийн хийг Европт нийлүүлэх “Газпромын” боломж хязгааргүй. Зөвхөн тогтоогдоод байгаа хийн нөөц гэхэд л 33 их наяд шоо метр болж байна” гэж “Газпром”-ын захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд ерөнхий сайдын орлогч Виктор Зубков итгүүлж байгаа. Бидэнд Европын орнуудтай тухайлбал Германтай урт хугацааны 2030 эсвэл 2035 он хүрсэн гэрээ байгаа. Гэрээ байгаа учраас бид хэмжээний талаар засвар оруулахад л болно. Бид Германы бүх эдийн засгийн шаардлагатай хэмжээнийг хийг ”Хойд урсгал” буюу Ямалаар Европт нийлүүлж болно. Ямар ч асуудал байхгүй гэж тэр хэлжээ.

“Хий хангалттай, санаа зовох зүйлгүй” гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев нэмэрлэв. Меркель тэр бүгдэд эргэлзээгүй, харин Германд тийм хэмжээнийх хэрэгтэй юу гэдэгт эргэлзлээ. Улс орны шаардлагатай 80 ГВт эрчим хүчний 20 ГВт-ыг атомын цахилгаан станц өгдөг бөгөөд түүнээс  8,5 ГВт-ыг унтраагаад байгаа. “11 ГВт л үлдээд байна. Бид түүний хэсгийг сэргээгдэх эрчим хүчээр нөхөхөөс гадна түүний хувийг хоёр дахин нэмэгдүүлэх юм. Үлдээд байгаа хэмжээ нь ”Хойд урсгалын” гурав, дөрөв, тавдугаар хоолойг шууд шаардахгүй. Манай зорилго ч одоо Оросоос хийг хэт импортлоход  чиглэгдээгүй” гэж Меркель онцлоод “Газпром” Германы хэрэглэглээг үнэн хэрэгтээ хангаж чадна хэмээн нэмж хэлэв.

“Хэрэв яриа 30-35 хувийн нэмэлт хийн тухай бол тэр нь ч дээр” гэж Зубков нэмэрлэв. Меркель “Харцгаая, харцгаая” гэж хэлээд ерөнхий сайдын орлогчийг зогсоолоо.

Визийн дэглэмийг өөрчлөх асуудлыг Европын холбоо шат дараалалтайгаар төлөвлөн хийж байгаа, түүнийг хэрэгжүүлсэний дараа хоёр орны иргэд олон удаагийн, урт хугацааны визтэй болох юм. “Хэрэв Герман үүнийг хийвэл Европ нэг их татгалзаад байхгүй гэдэгт би итгэлтэй байна” хэмээн жил тутмын Орос-Германы Засгийн газар хоорондын зөвлөлдөөний хүрээнд Ганновер  хотноо болсон “Петербургийн яриа хэлцэл” хуралдаан дээр Меркель мэдэгдэв. “Европын холбооны түншүүд хүсэх юм бол Орос энэ замыг маш хурдан хийнэ. Бид зогсолт хийхгүй, аль болох хурдан үүнийг гүйцэтгэнэ. Бизнест ч, манай орнуудад зорчих хүмүүст ч туслах үүднээс” гэж Медведев онцолсон байна. Гадаадын хүмүүст бүртгэлийн асуудал маш шуурхай, хөнгөн болно гэж тэр мэдэгдлээ.

Хоёр оронд эрдмийн зэрэг цол ба дипломыг хүлээн авахгүй байгаа асуудал ярианы бас нэг сэдэв боллоо. Уулзалтад оролцогсдыг, Меркелийг доктор гэж танилцуулаад “би л ганцаараа азгүй дэд цолтой болохоор намайг тэгж танилцуулсангүй” хэмээн Медведев гомдол гаргахад “Дэд эрдэмтэн ч бас л зүгээр сонсогдож байна” гэж Меркель тайвшруулав. Засгийн  газрын бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах салбарын хууль зүйн асуудлыг тусад нь авч хэлэлцсэн байна. “Ерөнхий хардалт сэрдэлтийн уур амьсгалаас болоод бүсийн жижиг байгууллагууд оршин тогтнохоо больсон тухай” Мемориал байгууллагын төлөөлөгч хэлж байлаа.

Хууль төгс биш байгааг Медведев  хэлээд гэхдээ сайжирч буйг дурьдав. Оросын ерөнхийлөгч “Квадрига” шагналыг Путинд олгохоо больсон тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа уг шагналыг зохион байгуулагчдыг тууштай биш бөгөөд аймхай гэв. Нэгэнт олгохоор шийдвэр гаргасан бол буцаж хулчиганахгүй  байх хэрэгтэйг тэр хэлээд олон улсын төвшний шагнал үүнээс болоод мөхлөө гэсэн байна. Ямар ч олон нийтийн байгууллага хэнд шагналаа олгохоо өөрсдөө шийдээд гаргасан шийдвэрээ биелүүлэх хэрэгтэй гэж тэр хэлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж