ТАЛ НУТГИЙН ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН АЙЛЫН ГАНЦ ХҮҮ АДУУ МАЛНААС ХОЛ БАЙХ АРГАГҮЙ
-Ярилцлагаа таны удам судар, үүх түүхээс эхлэе. Танай дээдчүүл морь уяж байв уу? Та хэд дэх үеийн уяач вэ?
-Манайх уяачийн удамтай айл аа. Би дөрөв таван үеэ мэддэг юм. Цөмөөрөө л уяачид байж. Жишээ нь миний өвөг эцгийн Хулгар улаан гэдэг морь даншигт айрагдаж байсан. Гэхдээ улаан морь манай өөрийн унаган уу, манайд ирээд даншигт айрагдсан уу, эсвэл даншигт айрагдсан морийг авсан уу гэдгийг мэдэхгүй. Манай эцэг “Би тэр улаан морийг 10-тайдаа унаж Уралдаан цохиод түрүүлж байсан” гэж ярьдаг байлаа. Эцэг маань 10-тай байсан гэхээр 1914 он болж таарч байгаа юм. Харамсалтай нь 1909 -1925 он хүртэлх 16 жилийн даншгийн наадмын данс байдаггүй юм.
-Адъяа гэж хүний талаар жаахан дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Хиад ястай, боржигон овогтой, тайж гаралтай тойн хүн байлаа, миний ажаа. 1904 онд төрсөн 20 шахтлаа Ганданд шавилан сууж буддын гүн ухааныг нэлээн гүнзгийн суралцсан хүн. Түүнээс гадна нутаг усандаа нэрд гарсан дууч хүн байсан.
Би тал нутгийн чинээлэг малчин айлын ганц хүү. Намайг мэдээ орсноос хойш манай мал 1000 хүрч байгаагүй ээ. 600,700 малтай л байсан. Айлын ганц хүү учраас урт хөлийн малд ганцхан би л явна. Бурхнаас заяасан томилолт юм уу даа. 12 настайгаасаа эхлээд өглөө ажаагаа адуунд мордуулахаа байсан. Зургадугаар анги төгссөн зунаас. Би үеийнхнээсээ хоёр жилийн өмнө сургуульд орсон юм. Тэр эрчээрээ бүх юман дээр үеийнхнээсээ хоёр жилийн өмнө явсан. Сургууль соёл, ажилд орох, намд элсэх гэх мэтэд.
-Дууч Адъяа гуайн адуу ямар угшильтай байсан бэ?
-Гандан Балжир гавжийн адуунаас зөв урд хөл бэлэвсэн соёолон зээрд үрээ, дөрвөн халтар байдастай авсан нь Орлой адуу байж. Нэг уургын халтар гүүнээс нь эр хээр унага гарч. Түүнийг шүдлэнд нь уяад, улсын наадамд долоод давхиулж, Товлой хээр хэмээн нэрийдсэн байдаг. Ингэхээр манай адууны суурь нь Орлой болж байгаа биз. Түүний дараа манай эцэг 1942 онд Талбулагийн морин заводаас нэгдүгээр үеийн эрлийз өндөр хээр байдас худалдаж авсан байгаа юм. Зөв талаас нь унагыг нь хөхүүлээд буруу талаас нь саадаг өндөр хээр гүү байсан. 1956 оны зуднаар 16 хүрээд үхсэн. Тэр хээр гүүний төл хэдэн сайхан хул морь, хэдэн бор гүү манайд үлдсэн. Аав, ижий хоёр маань нөгөө морьдыг унаад наадамд явахаар улс их л хардаг байсан. Манайх ийм л адуутай айл байж. Ажаа маань улсын наадамд 1942 онд азарга түрүүлгэж, 1949 онд бор соёолон айрагдуулж байсан. Шарын бор хэмээх тэр бор азарга сонин түүхтэй. Учир нь манай нутгийн “галзуу” Лувсандорж гэж хүн Эрээнцавд мал туугаад буцахдаа Галшараас нэг даагатай гүү аваад хөтлөөд ирэхгүй юу. Дагаж ирсэн бор үрээг шүдлэнд нь уясан олигтой давхисангүй. Хязааланд нь уясан мөн л давхисангүй. Сумын наадмуудад шүү дээ. Тэгээд хязаалангийнх нь намар манай эцэг дөрвөн сувай гүү, гурван унагатай гүү, гурван тэмээ нийт 13 толгой малаар авч соёолонд нь уяад улсад таваар давхиулсан байгаа юм. Галшараас ирсэн болохоор нь тэгдэг үү, эсвэл галзуу шарын бор гэж байгаа юмуу тодорхойгүй. Тийм нэг жижигхэн бор азарга улсын наадамд 10 дотор олон ч удаа орсон доо. 1956 оны улс хувьсгалын 35 жилийн ойгоор 11-д давхисан байдаг. Нөгөө алдарт Одон, Бөгөн, Дэрэн хонгор, Шийтэрийн зээрдтэй уралдаад…
-Та хурдан морь унаж байв уу?
-Долоотойгоосоо хурдан морь унасан. Улс хувьсгалын 30 жилийн ойгоор Өнжүүлийн наадамд даага унаад нэгийн удаа орж байлаа. Намайг хурдны морь унаж байхад манай морьд улсын наадамд нэг их айрагдаагүй ээ. Сүүлд их сургууль төгссөний дараа нэг хээр даага аман хүзүүнд давхисан. Хойно сурч байхад нэг үрээ айрагдсан. Ажаа маань хуучин болзлоор нэг түрүү, гурван айргийн амжилтаар улсын Алдарт уяач болж байсан. Аймаг, сумдын наадамд бол 30 гаруй айраг, түрүү авсан гэдэг юм.
ӨНГӨРСНӨӨ САНАГАЛЗАЖ, ИРЭЭДҮЙ ҮЕДЭЭ ИТГЭЛГҮЙ ХАНДДАГ НЬ ХҮН ТӨРӨЛХТНИЙ АРАНШИН
-Хүүхэд ахуй цагийн дурсамж тод үлддэг. Тэр үеийн наадмыг зураглаач?
-Би 1951 оноос хойш Буянт-Ухаагийн болон Хүйн долоон худагийн наадмыг тасралтгүй жар гаруй жил үзлээ. Хойно сурч байсан дөрвөн жилээс хоёрт нь ирээгүй. Мөн нэг жил Хэнтийн Дадалын наадмыг үзсэн. Намайг морь унахаас арай өмнө азарга, их насаа Буянт-Ухаад ирж уралдчихаад буцаад Адистын даваа давж, Түргэний голд очиж буугаад хоёр, гурван хоногийн дараа эргэж ирж бага насаа уралдуулдаг байсан гэнэ лээ. Тэр хооронд цэргийн жагсаал, үзүүлэх сургууль болж, онгоцны бөмбөгдөлт, танкийн давшилт үзүүлдэг байжээ. 1936 онд Хувьсгалын 15 жилийн ойг 15 хоног тэмдэглэж байсан түүхтэй. Намайг хурдны морь унаж байхад Яармагт гуулин хөгжим дуугараад л алтан шаргал хувцастай улс наранд гялалзаад л хачин гоё харагддаг байж билээ. 7-р сарын 11-нд зөвхөн азарга уралдана. 12-нд их нас, соёолон, 13-нд гурван бага нас уралдана. Энэ стадион баригдаагүй, морио тэндээ цоллоно. Бөхөө ч тэндээ барилдуулна. Сураа одоо засмал байгаагийн хойхно харвана. Наадамчид тойроод л бүгдийг нь үзчихдэг. Морь ч цөөн, хүн ч цөөн. Улсын хүн ам цөөн болохоор хотод ч цөөхүүлээ байж. Одоо бол хүн ам гурван сая хүрсэн нь юм юман дээр мэдэгдэж байна. Наадам болоход л манай ах дүү, хамаатан садангийн залуучууд ирээд гэр дүүрч, уяан дээр бужигнаж байна.
-Яагаад энэ асуултыг тавьсан бэ гэхээр “дээр үеийн наадам л их сайхан болдог байж” гэж халаглах хүмүүстэй олон таарах юм?
-Өнгөрсөнөө санагалзаж, ирээдүй үедээ итгэлгүй ханддаг нь хүн төрөлхтний араншин. 2000 жилийн өмнө Сократын бичсэн бүтээлд “цаашид энэ дэлхий ертөнц яана даа” гэсэн санаа байдаг. Одоо Египетийн пирамид дотор шаантаг бичгээр бичсэн дурсгал дунд ийм санаа байдаг гэнэ лээ. Тэгэхээр аль эрт 2000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн хойч үедээ итгэл муутай явж иржээ. Миний хамгийн сайн мэддэг жишээ байна. Цог генерал манай нутгийн хүн байлаа. Тэр хүн “надаас хойш энэ арми яана даа” гэж бүр үнэхээр харамсан ярьдаг байсансан. Тэгвэл Сократ, Цог гуай хоёроос хойш дэлхий ч байж байна, манай арми ч байж л байна, улам хөгжиж байна.
-Нэг үе сургууль, соёл гээд мал ахуйгаас хөндийрсөн байх?
-За бараг үгүй дээ. Хичээлдээ ч явна, малдаа ч явна. Их сургуульд сурч байхдаа ч зуны амралтаараа ирээд ажаатайгаа морь уялцана. Сургууль төгсөөд аймагт ажилласан. Манайх төвөөс долоо, найман км зайтай юм чинь ажилдаа морьтой явна. Хавар адуугаа дэллэнэ, хөөвөрлөнө, зун бол өдрийн цайнаараа очоод мориныхоо ажлыг хийчихнэ. Адуу малны ажлаас ер хөндийрөөгүй дээ. Энэ нь миний нэг онцлог байх, ойр нутагтай хүний хувьд…
-Ингэхэд та ямар сургууль төгссөн юм бэ?
-16 настай 10 дугаар ангиа төгсөөд, МУИС-ийн сэтгүүл зүйн ангид элсэн орсон. Бид анхны төгсөгчид. Сургуулиа төгсөөд нутагтаа очиж, аймгийнхаа сонины нарийн бичгийн даргаар ажилласан. Урин дулаан цагт бол бичиг цаасны ажлаа дуусгачихаад хариад малын ажлаа амжуулна. Тийм байдалтай дөрвөн жил ажиллаад 24-тэй цэрэгт татагдсан. Тэр үед их сургууль төгссөн дээд боловсролтой цэрэг олон байсангүй. Тэндээсээ шууд Батлан Хамгаалах Яаманд ирж, дэслэгч цолтойгоор “Ардын арми” сэтгүүлийн дараа нь “Улаан Од” сонины нарийн бичгийн даргаар ажилласан. Энд мөн л 4,5 жил ажиллаад, Москвад Цэргийн улс төрийн академид суралцаж төгссөн. Ийнхүү дотоод, гадаадын хоёр дээд сургууль төгсөөд ирэхээр арай л холыг хардаг болдог юм билээ. Хөдөө дөрвөн жил ажиллахдаа аймгийнхаа сониныг мэргэжлийн түвшинд гаргаж, та бүхний сайн мэдэх “Түмний эх” номоо бичсэн. Түүний зэрэгцээ гадаадын аль нэг их сургуульд сурах ёстой юм байна гэдгийг ойлгосон.
-Яагаад тэгж бодсон юм бэ?
-Тэр үед дотоодод дээд сургууль төгссөн хүн ямагт хоёрдугаар эгнээнд явдаг байлаа. Цэргээс хойшоо сургуульд явж болмоор санагдаад цэрэгт явж байхгүй юу. 1980-аад оноос эрдмийн зэрэг хамгаалах хэрэгтэйг ойлгосон. Тэгээд “БНМАУ-д соёлын хувьсгал ялахад армийн үүрэг” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахаар бэлдэж эхэлсэн. Гэвч яг хамгаалах гэхээр зав гардаггүй. Явсаар 1990 онтой залгаж, социализмын үеийн бүх юм хэрэггүй мэт болж, нөгөө сэдвийг хэн ч дэмжихгүй орхисон. Ингээд багаас мэдэх, өөрөө ч сонирхолтой хурдан морины сэдвийг сонгосон.
-Ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан билээ?
-“Монголчуудын хурдан морины соёл, түүхэн уламжлал” сэдвээр. Залуу багаас толгойд явсан, бараг бэлэн гэмээр сэдэв л дээ. Дээр нь нэмээд түүх, угсаатны зүйн судалгаа жаал нэмж хийгээд Бадамхатан доктор удирдан эрдмийн зөвлөлийн хурлаар орж байлаа. Түүхийн хүрээлэнгийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд Ишжамц, Жамсран, Далай, Санждорж, Нямбуу, Болдбаатар нарын дан мундаг докторууд багтаж байсан. Тэд хурдан морины талаарх энэ сэдвийг их дэмжсэн. Ер нь Монголчууд олон мянган жил адуу эдэлж ирэхдээ энэ чиглэлийн асар баялаг туршлага, мэдлэг хуримтлуулж, их соёлыг бүтээн хөгжүүлжээ. Гэвч үүнийг цаасанд буулган хадгалсан нь тун бага. Данжуурын 219 дүгээр боть, морины шинжийн хэдэн арван судар гэсхийгээд л… Энэ их мэдлэг, туршлага, соёлыг танин мэдэхүйн зохих түвшинд цаасан дээр буулгахыг би бичигт үсэг бузгай тайлагдсан хүний хувьд өөрийн үүрэг гэж үзжээ. Хурдан морины талаар миний хийсэн ажлын тэн хагас нь энэ байх. Нөгөө хэсэг нь хурдан морины уралдааныг хөгжүүлэх, дэлгэрүүлэх чиглэлээр хийсэн зохион байгуулалтын ажил бизээ.
-Хурдан морины уралдаан сурвалжлах ажлаа хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Аймгийнхаа сонинд ажиллаж байх үеэсээ.1967 онд “Үнэн” сонинд Төв аймгийн Өндөр довонд болсон сунгааны тухай мэдээ бичиж байлаа. Тэр сунгаанд Дамдингийн хүрэн азарга түрүүлж байсан юм. Тэр жил тэр хүний азарга, их морь хоёр улсын наадамд хоёулаа түрүүлсэн.1971 оноос телевизээр улсын наадмын хурдан морины уралдааныг тайлбартайгаар нэвтрүүлж эхэлсэн. Телевизийн тэр цагийн ассууд Дорж, Бадрах гэдэг хоёр найз маань надад хандсан юм. Бид гурав элбээд энэ ажлыг эхлүүлж байлаа. Одоо бол телевиз бүхэн л морины уралдаан шууд дамжуулдаг, сайхан болжээ. Тэр үеэс л хурдан морины уралдааныг журамлая, цэгцлэе гэдэг асуудал дэвшүүлж, хэд хэдэн нийтлэл бичиж төвийн сонинуудад гаргаж байлаа. Одоо бол хурдан морь Монголын хэвлэлийн нэг гол сэдэв болжээ. Сүүлд хурдан морины салбар комисст 10 гаруй жил ажиллалаа. Хүн нэг юман дээр арван хэдэн жилээс илүү болоод хэрэггүй байдаг юм. Их удахаараа зогсонги байдалд ордог гэмтэй.
-Морин уралдааны замыг өөрчлөх тухай санаачлагыг таныг гаргаж байсан гэдэг юм билээ?
-1990 хэдэн онд “Яармагийн дэнжид уралдаж болохоо байлаа, Төв аймагт аваачъя. Тэнд очвол тийм толгойн араар тэгж даваад, тэнд татъя” гээд “Үнэн” сонинд бичсэн. Ингэж арав гаруй жил бичиж, ярьж байж одоогийн Хүйн долоон худагт хийхээр болсон юм. Нэг сонин зүйл хэлье л дээ. Долоон хошуу даншиг наадам гэгчийг Хүйн долоон худагт хийдэг байхад тэр хөндий улаан, хөх халзтай гэрээр дүүрдэг байж. Тэндээс нь нүүлгээд Яармагийн дэнжид хийдэг болоход эрээн майхнаар дүүрсэн. Харин эргээд Хүйн долоон худагт нь хийдэг болсноос хойш ахиад улаан халзтай гэрүүдээр дүүрлээ. Тэгэхээр энэ хөндий бол арга байхгүй Монгол түмний цэнгэлийн орон юм.
УЯАЧДЫН ХОЛБОО БАЙГУУЛАХАД ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН
-ММСУХ хэмээх өнөр бүлийг үүсгэн байгуулагчдын нэг нь та. 21 жилийн тэртээх түүхээс хуваалцаач?
-Хэдэн хүн сууж байгаад л холбоо байгуулчихсан юм шиг хялбараар ярьдаг л даа. Тийм биш юм. Дүрэм, журам боловсруулах, зохион байгуулалтаас эхлээд маш их ажил байсан. Тэр бүгдийг гардаагүй хүмүүс үүнийг мэдэхгүй байж болно.
ММСУХ-г хөл дээр нь босгохын тулд эхлээд уяачдад , тэгэхдээ монгол орны бүх бүс нутгийн уяачдад, дараа нь Монголын нийгэм, нийт олон түмэнд, улмаар Монголын төр засгийн түвшинд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд алсыг харсан бодлоготой ажлуудыг дэс дараатай, алхам алхмаар хийх хэрэгтэй байсан. Төрийн болон санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байсан. Гэхдээ шууд бусаар. Тэдгээрийг бид хийсэн. Үеийн үед Монголын нийгмийн нэгэн бодит үзэгдэл байсаар ирсэн энэ зүйл XX зуунд урсгалаараа явж ирсэн бол одоо нийгэм, олон түмэн, төр засгийн анхаарлын төвд зохих байраа нэгэнт эзэлж чадсан.
Манай нөхдүүд уяачдын холбоо байгуулмаар байна, чи л ирээч гээд байсан. Надаас өөр энэ ажлыг гардахаар хүн олдоогүй юм болов уу. Саналыг нь хүлээж аваад, ММСУХ-ны дүрмийг боловсруулж улсын прокорурын орлогч байсан Чойжанцангаар хянуулахаар бүр II эмнэлэгт байхад нь очсон. Түүнээс өмнө социализмын үед Дугарсүрэн генерал, Дамдинсүрэн гуай, Намын Төв Хорооны хэлтсийн орлогч эрхлэгч Ёндонсүрэн нартай хамтран Монголын хурдан морины уралдааны дүрмийг боловсруулж байлаа. Түүн дээрээ тулгуурлаад ММСУХ-ны болон Монголын хурдан морины уралдааны дүрмийг боловсруулж уяачдын анхдугаар их хурлаар батлуулж байлаа. Ний нуугүй хэлэхэд 2001 оноос хойш хурдан морины уралдааны болон холбооны дүрэмд өөрчлөлт орсонгүй. Их хурлаар зохион байгуулалтын асуудал ярьсаар байгаад дүрэм, журмаа орхигдуулаад байна.
-Нээрэн дүрэм журам гэх мэт гол зүйлийн талаар ярьдаггүй юм байна шүү?
-1994 онд надад анх холбоо байгуулах тухай санал тавиад 1995 оны хавар Монголын их уяач Гал гуайн гал голомт, отрын бор гэрт хуралдсан. Тэнд “Монголын хурдан морины уралдааныг жалга довны хэмжээнд барихгүй ээ. Та нар санхүүжүүлж чадвал улсын хэмжээний буюу Монголын бүх аймаг, сумыг жигд хамарсан бодлого боловсруулаад хэрэгжүүлж чадна” гэдгээ хэлсэн. Тэд хөрөнгө санхүү дээр санаа зоволтгүй л гэсэн. Тэгээд Их хуралд бэлтгэх комисс байгуулахаар боллоо. Тэр орой ярьсан зүйл гол нь энэ. Харин их хуралд бэлтгэх зохион байгуулах хороог байгуулахад Баттөмөр, Пунцагбалжир, Ганбат, Даваахүү нар нэлээд идэвхитэй оролцсон шүү. Ингээд зохион байгуулах бэлтгэл хороон даргаар Пунцагбалжирыг, нарийн бичгийн даргаар намайг сонгож, 20-иод хоногийн дараа ММСУХ-ны анхдугаар их хурлыг хуралдуулж байлаа. Тэр үед би төвийн сонины эрхлэгч байсан хүн чинь бүх аймгууд руу үнэгүй ярьдаг порольтой. Түүнийгээ ашиглаад аймгууд руу ярьж мэдээлэл дамжуулсан. Аймаг болгонд морины төлөө гэсэн сэтгэлтэй идэвхтэй 1-2 хүн байдаг. Тэр бүгдийг би таньдаг мэддэг, тэдэндээ дуулгасан. Тухайн үед “Монгол адуу” нийгэмлэгийн Завхан, Хэнтий, Говь-Алтай зэрэг аймгийн салбарууд аяндаа л манай холбооны салбар болж байлаа.
–Анхдугаар их хуралд бүх аймгийн төлөөлөгчид хамрагдаж чадсан уу?
-19 аймгийн төлөөлөл оролцсон.
-Салбар холбоодоо байгуулахын зэрэгцээ бүсийн уралдааныг зохион байгуулж эхэлсэн?
-Бүсийн уралдааныг зохион байгуулна гэхэд Даваахүү, Буяндэлгэр, Пунцагбалжир, Баттөмөр гээд л манайхан цөмөөрөө итгэхгүй байсан. Шинэ юм хүний сэтгэл зүйн саад, бэрхшээлүүдтэй тулгардаг шүү дээ. Тэд бүү хэл Ардын их хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан миний багш хүртэл “Хүү минь чи радиогоор ярьж, сонинд бичээд л байх юм. Завханд морь уралдуулах гээд хэн морь хөтлөөд явж байхав дээ” гэж байсан. Тэгэхээр нь “Үгүй ээ багшаа тэнд чинь морь малтай, уядаг хүлдэг, уралддаг улс бий шүү дээ” гэсэн “Тэгвэл ч болно л доо” гэж байсан юм. Ний нуугүй хэлэхэд,Буянт-Ухаад болдог уралдаанаа “улсын” гээд дээр, дооргүй итгэчихсэн байсан л даа. Газрын зураг харж байгаад Завханы Дөрвөлжин, Дундговийн Сайхан-Овоо, Булганы Хишиг-Өндөр, Сүхбаатарын Түмэнцогт сумдыг сонгож анхны бүсийн уралдаануудыг хийж болох юм гэж төсөөлж байлаа. Энэ бол бүр 1992-1993 оны үед юм. Тэгээд Завханы Дөрвөлжин сумын намын үүрийн дарга Цэрэндуламтай утсаар ярихад “Манай морь уралдах газар сайхан” гэсэн. “За чи битгий наанаа цуу тараагаарай” гэсэн нөгөөх чинь хүмүүст ярьчихгүй юу. Уяачид ч их дуртай байсан гэдэг. Сархайрханы уралдааныг хийхэд Очирбат Ерөнхийлөгч их дэмжсэн юм шүү. Нутагтаа очиход нь хүмүүс “Ийм уралдааны сураг гараад байна” гэхгүй юу. Тэгсэн Очирбат гуай Сархайрхан дээр гараад “Хурдан морь тавихад ёстой нэг сайхан газар байна даа” гэсэн байгаа юм. Яагаад тэгж хэлсэн бэ гэхээр өмнө нь би “Монгол адуу” нийгэмлэгийн дэд дарга байсан Дамдинсүрэн гэдэг Завханы хүнтэй хамт Очирбат гуайтай уулзчихсан байлаа.
–Сархайрханд бүсийн уралдаан хиймээр байна гэдгээ хэлсэн юм уу?
-Манай Очирбат Ерөнхийлөгч чинь сартуул хүн шүү дээ. Сархайрхан гэдэг бол сартуулууд анх цугласан газар гэдэг домогтой. Тэр үед сартуул хүн Улсын Их Хурлын дарга байлаа. Тэгэхээр сартуулынхан цугларах сонирхол бас байна биз дээ. Түүн дээр нь дөрөөлөөд санал тавьчихгүй юу. Анхны энэ бүсийн уралдааныг “Монгол адуу” нийгэмлэгийн хүчээр хийсэн юм шүү.
-Уралдааны бай шагналыг амлаж байснаараа Пунцагбалжир агсан хариуцсан уу?
-Пунцагбалжирын орлогч залуугийн эцэг Дамдин гэж Хөдөө аж ахуйн сургуулийн багш, Завханы хүн л дээ. Тэр утгаараа хүү нь нэг мотоцикль өгсөн. Бусдыг нь сартуулууд өөрсдөө даасан. Дараа нь болсон Есөнзүйлийн даншиг ч ялгаагүй өөрсдөө зардлаа даасан. Дэлгэрийн даншгийн тухайд МУ-ын Алдарт уяач Пүрэвдорж моринд жигтэйхэн элэгтэй хүн л дээ. Тэр хүн хариуцан зохион байгуулсан. Өвгөн ноёны уралдааны тухайд бол Санжаадорж санаачлаад урд нь хэд хэдэн удаа жижиг уралдаан хийчихсэн байсан юм.
-Санжаадорж ах бас нэлээд зүтгэл гаргасан дуулддаг?
-Тийм ээ, мөн “Их хурд” уралдааныг зохион байгуулахаар болоход ихээхэн дэмжсэн юм шүү. Санжаадорж анх надад “Өвгөн ноёны талаар судалгааг хийгээд өгөөч” гэж хүсэлт тавьсан юм. Тэр нь нэлээд эртээ 1991,92 оны үед болов уу. Төв аймгаас миний машинд сууж ирэхдээ тийм санал тавьсан. Тухайн үед нь би “Миний судлах ч дээ, хаашаа юм бэ дээ” гэх шүү бодож байсан. Харин яваандаа хурдан морины судалгаа хийгээд, архивын материал шүүсээр аяндаа л тэр их хүний үйл хэрэг рүү ороод явчихсан. Өнөөгийн морь тайлбарлагч Оюунбаатар та нарын гарын авлага болоод байгаа хурдан морины уралдааны цувааг тийнхүү гаргаж авсан юм. Даваахүү, Дашдэмбэрэл энэ тэр түүнээс дахин дахин хуулаад ном болгоод зараад байгаа биз дээ. Зарим нэг нь намайг “архивын цуваа л яриад байх юм” гэсэн байдаг. “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэдэг л тэр дээ. Тэр олон жилийн цуваанаас маш их юм олж харж болдог юм аа.
БҮТСЭН АЖИЛД ЭЗЭН ОЛОН
-XX-XXI-р зууны зааг үеийн Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг та боловсруулан тодорхойлж, хэрэгжүүлэн хэвшүүлжээ. Энэ бүхнийг Монголын уяачид, олон нийт сайн ойлгодог юм билээ. Энэ бодлогын хүрээнд шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдааныг долоон удаа амжилттай зохион байгууллаа. Морины олимп хэмээгддэг энэ уралдааныг санаачлагч нь яг хэн юм бэ?
-Санаачлагч нь яг би юм аа. Зохиогчийн эрхийн гэрчилгээг нь би авсан. Тэр үед бүгд л миний санаачилсныг үг дуугүй хүлээн зөвшөөрч байсан. Одоо болохоор ганц нэг хүн өөрөөр ярьж явдаг сурагтай. Морины олимп гэдэг ч миний л үг. Бүтсэн ажил эзэн олонтой байдаг. Би бас дэндүү даруу зан гаргасан ч юмуу, нэг их ярьж байсангүй дээ. 1994 оны хавар холбоо байгуулах тухай бүр анх ярилцахад, улсын наадмыг гардан зохион байгуулдаг болох, морины музей байгуулах гэх мэт саналыг л ярьж байсан. Түүнээс биш Монголын морин уралдааны хөгжлийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг болохоор санаанууд гарч ирээгүй. Тэгээд би жил бодоод Монголын хурдан морины уралдааныг шинэчлэх 11 зүйлтэй хөтөлбөрийг үндсэндээ боловруулсан. Үүнийгээ ММСУХ-ны үүсгэн байгуулах их хурлын илтгэл хэлбэрээр гаргаж тавьсан. Өөрөөр хэлбэл уяачдын холбооны анхдугаар их хурлын илтгэлд энэ бүх санааг дурдсан хэрэг. Үүнд бүсийн болон үндэсний хэмжээний уралдааныг зохион байгуулах, адууныхаа үүлдэр угсааг сайжруулах, уяачдадаа цол хэргэм олгох зэрэг гол санаагаа тусгасан. Түүнийхээ дагуу л явсан. Хэнтийн Дэлгэрхаанд анхны хаврын бүсийн уралдаанаа хийчихээд буцаж явахдаа Баттөмөрийн ах дүүгийнд ирээд, “Одоо Хархориндоо цуглаж уралдаанаа хийнэ байгаа та минь ээ” гэсэн бүгдээрээ итгэхгүй инээлдэж байсан. Зарим нь бүр “Магнай ах зөнөөгүй биз дээ” гэж байсан юм шүү. Ер нь бол “Их хурд” уралдааныг хийтэл хүмүүс итгээгүй. Харин үүнийг хамгийн их дэмжсэн хүн бол Санжаадорж. “Их хурд” уралдаанаас сарын өмнө Хэнтийн уяачдаа аваад Хархоринд очоод буучихсан байсан. Тэр холоос морь уяад ирлээ гэхээр Хархориныхон ихэд шоолонгуй байсан гэдэг юм. Одоо бол Өвөрхангайнхны байдал арай дээрдсээн./инээв/
-Зохион байгуулалтаас гадна хөрөнгө санхүүгээ бүрдүүлэх гэдэг том ажил байгаа?
-Тэгэлгүй яахав. Сүүлд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Жаргал “Монхангай” группийн захирал Сэргэлэнг дагуулж ирж Буяндэлгэртэй уулзуулсан. Сэргэлэн “хоёр УАЗ-469 машин гаргая” гэсэн.
-Тэгж амласан нь хэзээ юм бэ?
-Гурван сард юм уу даа. Тэр үед Сэргэлэнгийн хийсэн бас нэг чухал зүйл бол дөрвөн сараас эхлээд долоон сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш, хагас, бүтэн сайн өдрөөр “Их хурд”-ын рекламыг цацсан. Тэрхүү зар сурталчилгааны зардалд сая төгрөг зарцуулсан гэдэг. “Их хурд”-ын тухай ярихдаа энэ хүнийг заавал дурдаж байх учиртай. Ингээд бүтэн таван сар хүний толгойд уячихаар бас итгэл төрдөг юм байна лээ. Дээр нь урд намар нь хандивын цайллага хийхэд Бат-Эрдэнэ Аварга нэг сая, Ажнайн Бат-Эрдэнэ гурван сая төгрөг гэх мэтээр амлачихсан байсан юм. Энэ мэтээр эртнээс бэлтгэсээр хүний санаанд ч буухгүй байсан тэр том уралдааныг хийсэн юм даа.
-Аймгуудын наадамд түрүүлж, айрагдсан морьдыг урилгаар оролцуулна гэдэг таны санаа юу?
-Тэгэлгүй яахав. Би одоогийн мөрдөж байгаа журмыг санаачилж байлаа. 1995 онд Уяачдын холбоо байгуулагдчихсан юм чинь 1995,96,97 оны гурван жилийн аймгуудын наадмын цуваа ирчихсэн. Тэрэн дээрээ тулгуурлаад албан ёсны мандат илгээсэн юм, одоо харин урилга гэх болжээ. Тэр нь бас хүмүүст их нөлөөлсөн байдаг юм. Анхны “Их хурд”-д уралдах морьдыг радиогоор зарлаж, “Ардын эрх” сонинд нийтэлсэн байв. Тэр “Их хурд”-д Дорнодоос бусад бүх аймгаас морь ирсэн. Гэхдээ анхны юм алдаа оноо байсныг хэлэх нь зүйтэй. Говийн морьдод хангайн өвс таарахгүй, хангайн нарийн өвс иддэг морьдод Хархорин хавийн өвс таарахгүй. Үүнээс болоод хэд хэдэн морь эндсэн. Сүүлдээ уяачид маань энэ байдлыг мэддэг болоод ийш тийшээ уралдаанд явахдаа өвсөө хадаад явдаг болсон байна лээ.
-Анхны “Их хурд” уралдаан хэдэн төгрөгний төсвөөр бүтэж байсан бэ?
-Арваад сая төгрөг болсон байх шүү. Тэр үед Орост рублийн ханш унаад УАЗ-469 машин нэг сая төгрөгийн үнэтэй болчихсон байсан юм.
-“Их хурд” гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?
-Би “Түмний эх” гэж санал болготол Сэргэлэн “Их хурд” гэж нэрлэе гэсэн юм. Яг түрүүлж хэлсэн нь Самданжамц л даа. “Их хурд” гэвэл яасан юм гэж дуугарахад нь Сэргэлэн “Их хурд” гэж нэрлэе гээд. Бид ивээн тэтгэгчийнхээ саналыг хүлээж авсан. Би уул нь улсынхаа түмний эхийг шалгаруулж байгаа юм чинь түүгээрээ нэрлэе гэж бодож байсан юм.
-Та хэдэн удаагийн “Их хурд” уралдааны зохион байгуулалтанд оролцсон бэ?
-Дөрвөн удаагийн “Их хурд” уралдааныг гардан зохион байгуулсан. “Их хурд” уралдааны учир утгыг хүмүүс одоо ч бүрэн ойлгоогүй байгаа юм. Үндэсний хэмжээний уралдаан… Яваандаа “Их хурд” маань Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болох учиртай юм. Өнөөдөр “Их хурд”, даншиг наадам гэж хийгээд байгаа энэ л өдөр улсын наадмыг хийдэг болчих юм бол аймгуудаас шалгарсан зургаан насны морьд Үндэсний их баяр наадамд хүрч ирээд уралдчих бүрэн бололцоотой болоод байна шүү дээ. Энэ чинь л жинхэнэ “Их хурд” болчих юм байхгүй юу.
-ММСУХ-ны нарийн бичгийн даргаар хэдэн жил ажилласан билээ?
-13 жил зургаан сар 10 хоног ажилласан. Энэ албаны хамгийн гол үүрэг нь холбооны бодлогыг боловсруулах бас хэрэгжүүлэх шүү дээ. Энэ хугацаандаа өөрийнхөө санаж зорьсон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн учраас залуучуудад сэтгэх, ажиллах боломж олгох хэрэгтэй гэж үзсэн юм.
-Холбооны болон уралдааны дүрэм, журмаас гадна Баяр наадмын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан бил үү?
-Намайг дуудсан юм. Хурдан морины уралдааны талаар арай бодитой юм хэлэх нь намайг гэж бодсон юм байлгүй дээ. Монголчууд дундад зууны үеэс л эрийн гурван наадмаа хуульчилж ирсэн. “Халх журам”-д тэр улбаа нь байдаг. XXI зуунд ийнхүү хуульчилсан нь маш зөв алхам болсон. Миний бие энэ хуулийн Ажлын хэсэгт орж, идэвхтэй ажилласан. Миний харж байгаагаар энэ хуулиар хоёр гол зүйлийг баталгаажуулсан юм.
Нэгдүгээрт, Монголын хурдан морины уралдааны үндсэн зарчмууд болоод амин гол үзэл баримтлалуудыг хуульчилсан, холын зайд уралддаг, хүүхэд унадаг гэх мэт. Хоёрдугаарт, XX-XXI зууны зааг үед буй болсон шинэчлэлийг баталгаажуулсан, “Их хурд”, бүсийн уралдаан, уяачдын хөдөлмөрийг үнэлэх тогтолцоо зэрэг.
Тэр цагт бас хурдан морины уралдааныг хөгжүүлнэ гэсэн үгтэй, хэд хэдэн холбоо нэртэй юм байсан юм. Гэхдээ тэдний зорилго их өөр… Ийм нэрээр бизнес хийх тал руугаа. Тухайн үеийн Баяр наадмын төв комисс, хурдан морины комиссын дарга нар тэднийг дэмжих хандлагатай. Гэхдээ УИХ-ын гишүүд, ялангуяа зах хязгаарын аймгуудаас сонгогдсон гишүүд их дэмжсэн юм. Манай Төв аймаг, Улаанбаатар хотын гишүүд бол бүсийн уралдаан “Их хурд”-ыг нэг их ойшоохгүй байсан. Харин Су.Батболд гишүүн бүх талаар дэмжиж, гишүүдийг ятган сэнхрүүлж, Цогтбаатар гишүүн хэд хэдэн оновчтой тайлбар өгч, Бямбадорж дарга бүлгийн гишүүдээ зангидаж, Ганди, Дэмбэрэл нар Байнгын хороод дээрээ их дэмжиж байж энэ хуулийг баталсан юм аа. УИХ-ын Тамгын газрын ажилтан Чагнаадоржийн нэрийг дурьдах ёстой. Энэ хүн их тус болсон. Одоо хуульд засвар оруулах тухай яриа үе үе гардаг. Зарим хувилбар ч байдаг. Ажиглаад байхад хэн нэгэн хүн, хэсэг бүлгийн ашиг сонирхолд зохицуулчих санаа л цухалзаад байх шиг байдаг юм даа. Ингэж болохгүй л дээ. Нийтийн ашиг сонирхол, хөгжлийн төлөвийг голлох хэрэгтэй.
Түүнээс гадна би өмнө нь шагайн харвааны холбоог байгуулсан хүн шүү дээ. Шагайн харваа үндэсний тоглоом наадгай төдий байхад үндэсний спорт гэж хүлээн зөвшөөрүүлсэн юм. Монголын Биеийн Тамир Спортын Төв Зөвлөлийн хурлаар оруулж тийнхүү батлуулсан. Холбогдох хүмүүсээс нэлээд дэмжлэг авсан л даа. Биеийн Тамир Спортын Төв Зөвлөлийн даргаар ажиллаж байсан Дашдовдонг телевизийн шууд ярилцлагад орж байхад нь “Шагайн харвааг үндэсний спортын нэг төрөл болгож болохгүй юу” гэсэн асуулт тавьсан, “Ярилцаж болох юм байна. Энэ асуудлыг авч үзье” гэдэг юм. Тэгээд орлогч дарга Хөвсгөлийн залуутай нь уулзахад дэмжсэн. Тэр нь шагай харвадаг хүний хүүхэд л дээ. Тэгээд спортын цол зэргийн нэгдсэн ангилалд оруулж, жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулан мастер, дэд мастерийн зэрэг олгодог болсон. Ингээд жигдрээд ирэхээр нь мөн залуучуудад хүлээлгэж өгсөн.
-Шагайн холбоог үүсгэн байгуулсан талаар дуулж байгаагүй юм байна?
-Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолны зарлигт гурван зүйлийг дурдсан байдаг юм. Тэрний нэг нь төр цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд үндэсний үзэл санааг нэвтрүүлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүндэт харуулын улаан, хөх алаг хувцсыг санаачилсан гэсэн үг. Би нэг хэсэг Батлан хамгаалах яаманд Армийн ар талын намын хорооны даргаар ажиллаж байлаа. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн миний нэг ажил энэ. Хувцсыг нь үндэсний хэв загварт оруулчихаар дуугардаг хөгжим нь ч тэр, алхаа гишгээ нь ч өөр болно биз дээ. Мөн бүх цэргийн хар сүлд хийхийг бас санаачилж байлаа. Өөрийнхөө сониноор дамжуулан уриалаад 21 аймгаас захидлын дугтуйнд хийсэн туг туг дэл сүүлийг хүлээн авч байсан юм. Цуглуулсан хялгаснаас хар сүлд болтлоо урт замнал туулж, олон хүний хөдөлмөр орсон. Генерал Дашзэвэг, Галсан, хошууч Өлзийбаяр гэх мэт. Намайг ийм ажил хийгээд эхлэхээр, төрийн ёслолын албаныхан бас есөн хөлт цагаан тугийг санаачилж, “Монгол адуу” нийгэмлэгт захиалаад агуулахаас цагаан хялгас авчраад хийсэн. Хар сүлдийг хийхэд ирсэн дэл сүүлэн дунд гурван кг орчим цагаан дэл, сүүл байсан. Түүнийг нь Засгийн Газрын үйлчилгээ аж ахуйн хэлтсийн дэд дарга ирж авсан. Энэ бүхнийг төр хардаг юм билээ. Соёлын Гавьяат Зүтгэлтний цолны зарлигт энэ тухай дурдаад, цааш нь “…хурдан морь, шагайн харваа зэрэг үндэсний спортын уламжлалт төрлийг орчин цагийн нөхцөлд дэлгэрүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж…”хэмээн дурдсан байдаг юм.
-Хожмын өдөр тань шиг хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй байхсан гэж боддог юм?
-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бизнес хийсэн бол хүнээс нэг их дутахгүй л байсан байх. Гэхдээ би энэ хугацаанд Монголын хурдан морины уралдааныг хөгжлийн шинэ түвшинд хүргэхийг амьдралынхаа утга учир болгосон. Үүнийг манай нөхөд түүгээр ч үл барам Монголын ард түмэн зөв ойлгодог юм шиг ээ. Бизнес хийх нь надад эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй байх ч энэ ажлыг хийснээр нийгэмд түүнээс илүү үр ашиг өгсөн дөө! Ингэснээр би Монгол үндэсний өв соёлын нэгэн хэсгийг орчин цагт дэлгэрүүлэн хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан гэдэгтээ итгэлтэй байдаг. Наад зах нь л эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүллээ. 2005-2010 он хүртэл таван жил хөөцөлдөж байж бүтээсэн. Энэ мэтдээ сэтгэл их л өег явдаг шүү. Хэрвээ бизнес хөөсөнсөн бол мөнгөндөө л сэтгэл хангалуун явах байсан байх.
ДЭЛХИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ УУДАМ ОРОН ЗАЙ, МОНГОЛЧУУД БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА
-Монголын хурдан морь хөгжлийн дээд шатандаа хүрсэн гэж хэлэх хүмүүстэй нэг бус удаа таарлаа. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Нийлэхгүй ээ! Дэлхийн хурдан морины уралдааны уудам орон зай, монголчуудыг хүлээж байна. Эхний уяач дэлхийд морио түрүүлгэчихлээ. Энэ бол Монголын хурдан морины хөгжлийн ирээдүй. Бид жаахан том харж, томоор сэтгэж сурах хэрэгтэй. Үндэснийхээ хүрээнд төдийгүй дэлхийн хэмжээнд… Монголчууд бид өөрийнхөө хурдан удмын адууг гаргаад түүгээрээ дэлхийд уралдаж, дэлхийд түрүүлэхийг хэн үгүйсгэх юм. Үүнийг бүтэхгүй зүйл, хийрхэл гэх нь нөгөө “өчүүхэн” сэтгэлгээний илрэл. Монгол адууныхаа үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр насаараа ажилласан эрдэмтэн, судлаачид, малзүйчид байна шүү дээ. Тэд уг нь үүнийг дэмжмээр л юм. Цаг хугацаа хурдан өнгөрдөг. Зуун жилийн ч дараа ийм цаг ирж болно. Ийм том орон зай хүлээж байхад одоогийн амжилтандаа сэтгэл ханаж болохгүй.
-Монголын хурдан морины уралдааны цаашдын буюу хөгжлийн бодлогыг та хувьдаа хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Эхлээд жаахан түүх яръя. Урьд олон зууныхыг болъё. 20-р зууныг авч үзэхэд хоёрхон удмын адуу их сайн хурдалсан байдаг нь Галшар, Жаргалантын адуу юм. 20 дугаар зууны наадмуудын айраг, түрүүний бараг ихэнхийг нь авсан энэ хоёр удмын адуу хоёулаа сайжруулсан адуунууд. Хардэл жанжин бэйс шинэ үүлдрийн адуугаар цус сэлбэж байж Галшар адууг гаргаж авсан. Ямар ч зөрүүд хүн энийг хүлээн зөвшөөрнө. Муйхраар зүтгээд ердөө хэрэггүй. Өвгөн ноён өөрөө зураач хүн байсан. Өлгөр хүрэн, Номин цэнхрээ өөрөө зурсан байдаг. Тэдгээр нь яах аргайгүй цэвэр үүлдрийн болон сайжруулсан адуунууд байж. Үүнийг би санаанаасаа зохиогоод байгаа юм биш. Бүх юм баримттай. Өвгөн ноёны дотоод сүргийн 1915 оны дансанд Өлгөр, Номин хоёр тус бүр 10 гаруй гүү хурааж явсан баттай баримт бий. Өөрөөр хэлбэл энэ цэвэр үүлдрийн болон сайжруулсан цустай азаргануудыг үржилд идэвхитэй ашиглаж байжээ гэдэг нь тов тодорхой харагдаж байгаа юм. Үүнийг хэн бүхэн мэдэж л, үзэж л байгаа шүү дээ! Тэгэхээр Галшар адуу бол яах аргагүй цэвэр үүлдрийн адуугаар сайжруулсан Монголын хурдан үүлдрийн адуу юм. Галшар адуу 1895-1960-аад оныг хүртэл Монголд давамгай хурдалсан байдаг. Үүнийг тэр цагт нь буюу оргил үед нь тухайлбал өнгөрсөн зууны дунд үед үүлдрээр баталгаажуулах ёстой байсан юм. Гэтэл дөнгөж энэ жил үүлдрээр баталгаажууллаа. Оройтсон ч гэсэн зөв ажил.
1930-аад оны сүүлээр Монгол морин завод байгуулж, адууныхаа үүлдэр угсааг сайжруулах ажлыг төр засгаас анхаарч эхэлсэн. Энд ЗХУ-аас цэвэр үүлдрийн азарга, гүүнүүдийг хэдэн арав, зуугаар нь авчирч, үржил селекцийн ажил зохион байгуулж байсан. Үр дүнд нь 1950-иад оны сүүл 60-аад оны эхээр Жаргалантын хурдан удмын адуу гарч ирсэн. 1966 онд ЗХУ-аас Буддённый үүлдрийн зургаан азарга авчирсан. Энэ бол Даш хурандаагийн хийсэн ухаалаг ажил. Жаргалант адуу үүгээр сэлбэгдээд бүр ч сайжирсан. Үүнийг манайхан Тойруулга адуу гэж нэрлэж заншсан. Энэ адууны нэгээс гуравдугаар үеийнхийг нь Даваахүү зэрэг хүмүүс сайн уяж, сайхан нэр цол олжээ. Энэ адуу ер нь үндсэндээ Монголын хурдан адууны үндсэн сайжруулагч болж орон даяар нэлээд тархсан. Орчин үед үүнээс салбарласан, нэмэн сайжруулсан хэд хэдэн угшиль үүсч байна. Үүний зэрэгцээ 2000-аад оноос эхлэн хувийн хэвшлийн залуучууд гадаадаас араб, англи үүлдрийн адуу оруулж ирж үржлийн ажил зохион байгуулж үр дүнд хүрч байна. Гадаадаас оруулж ирж байгаа адуу цөм паспорттой, угийн бичигтэйгээ байдгийг бид анхааран суралцах ёстой. Эдгээрээс шинэ монгол үүлдрийн адуу үүсэн бүрэлдэх зүй тогтол илхэн харагдаж байгаа юм. Энэ байдал бараг л бүх нийтийн хөдөлгөөн болон өрнөлөө. Ийнхүү, монгол адуун дээрээ суурилсан “Шинэ монгол“ үүлдрийн хурдан адуу гаргаж аваад, түүгээрээ уралдах нь Монголын хурдан морины уралдааны ирээдүйн төлөв, хөгжлийн стратеги болох нь нэгэнт ойлгогдож байна. Энэ бол хэнээс ч үл хамаарах, өөрийн зүй тогтлын дагуу өрнөж хөгжиж буй үйл явц. Ухвар мөчид цөөн хэдэн хүн эсэргүүцээд нэмэргүй.
Үүний хөдлөшгүй баталгаа нь өнгөрсөн зуунд Галшар, Жаргалант адуу гарган авч амжилттай үржүүлж, амжилттай уралдаж байсан бодит үнэн юм. Монгол уяачид өнөөдөр уралдах морьдоо өөрсдийн бодлогоор, өөрсдийн хөрөнгөөр буй болгож байгааг бид харж байна. Шинжлэх ухааны байгууллагууд үүнийг эсэргүүцэхийн оронд дэмжих хэрэгтэй, шинжлэх ухааны арга зүйгээр туслах хэрэгтэй.
-Эрлийзжүүлгийг сайшаадаггүй хэсэг бий. Монгол адууны удмын санд нөлөөлнө гэдэг?
-Түүн шиг худлаа юм байхгүй. Дэлхий дээр 200 орчим үүлдрийн 60 сая орчим адуу бий. Нэг үүлдрийн адууны тоо толгойг дунджаар аваад үз. Тэгвэл манай монгол адуу тэр дунджаас арав дахин олон тоотой. Монгол гурван сая адуутай. 2015 онд 3 сая 295 мянган адуу тоолуулсан. Жилд ойролцоогоор 200000-аад морь уяж уралддаг. Уяачид зөвхөн уядаг адуугаа л сайжруулах бодлого барьдаг. Тэр нь нийт монгол адууны дөнгөж зургаа, долоо орчим хувь. Ийм байхад язгуурын монгол адууны удмын сан эвдрэнэ гэж санаа зоволтгүй л дээ. Тэр улс дэмий, худлаа юм ярьж байгаа юм. “Шинэ монгол” адууны хурдлах чадвар сайн, бие нь товир сайхан, ааш зан номхон дөлгөөн. Энэ адууг сайжруулсаар дэлхийд зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэж болно. 149 см-ээс намхан адууг пони буюу давжаа адуу гэдэг. Одоо манай Монгол адуу энэ ангилалд хамаарагддаг. Тэгвэл “Шинэ монгол” адууны нас гүйцсэн азарга морьд нь энэ хэмжээнээс өндөр болох бүрэн боломжтой. Галшар адууны сайхан морьд цагтаа есөн төө хүрч байсан. 1950,60-аад оны үед ийм морьд олоон байсан. Одоо ч ганц нэг ийм сайхан азарга, морьд бий. Тэгэхээр Монгол адуу давжаа /пони/ ангилалд ордог ч түүн дээр суурилсан уралдааны зориулалттай “Шинэ монгол” адуу нь 150 ба түүнээс дээш өндөртэй, пони биш адууны ангилалд орох бүрэн боломж байгаа юм. Үүнийг бодитоор хэрэгжүүлэх зориг санаа л чухал.
Эрлийз адууг ялгаж уралдуулах саналыг 2002 онд анх Даваахүү гаргасан юм. Өөрөө насаараа тэжээл, тариа, эрлийз гурваар “Монголыг дийлсэн” хүн шүү дээ! Ийм санал гаргасан учир нь түүний хувийн амбицтай холбоотой. “Эрлийз, Монголоор нь ялгаж болно. Би чадна” гэсэн хүн нь Самданжамц. Одоо “чадаж байгаа”-г нь хар л даа.
Хязааландаа монгол байсан нь соёолондоо эрлийз, хавар нь эрлийз байсан зун нь монгол болоод л… Чухам юуг үндэс болгож ялгаж байгаа нь ч ойлгомжгүй. Албан ёсны хууль эрх зүйн үндэслэл байхгүй… ММСУХ үүнийг анхаараад аймгуудын салбартаа үүрэг өгөөд, аймгийн наадамд айрагдсан нас насны морьдыг нь хэмжүүлээд, сэрвээний өндрийг нь тогтоогоод “Уралдааны морины стандарт”-ыг Улсын стандарт хэмжил зүйн газраар тогтоолгон батлуулан мөрдөх гэхээр шүүхээр цуцлуулчихдаг… энэ бол туйлын буруу хандлага. Сунгаанд хурдан байгааг нь наадмын уралдаанд эрлийз гээд хасчихаад байдаг явдал газар авлаа. Олон нийтийг талцуулж, хурдан морины уралдааныг хэрүүлийн талбар болгож байгаа, Монголын нийгэмд бодитой тулгарч байгаа энэ асуудалд мэргэжлийн байгууллага буюу малын улсын үржлийн алба анхаарах цаг болсон. тэгэхдээ хэдхэн хувь хүний амбицаар биш, өнөөдөр хэний морь түрүүлэхийг чухалчилж бус, олон янзын эрх ашгийг жигд харгалзан үзэж, олон нийтээрээ дагаж мөрдөх боломжтой, монголын хурдан морины уралдааны хөгжлийн ирээдүйг харж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх хэрэгтэй. Бид юуны өмнө уядаг, уралддаг адуугаа паспорттой болгох нь чухал. Энэ бол дэлхийн жишиг. Бид хуучинтайгаа зууралдалгүй, зоригтой санаачлагатай ажиллан энэ жишигт хүрэх ёстой.
ХОЁР ЗУУН ХОРИОД СУМААР ЯВЖ УЯАЧИДТАЙ УУЛЗСАН БАЙДАГ
-Ингэхэд та хурдан морины талаар хичнээн ном бичсэн бэ? Хөдөөгүүр явж байхад таны номны дагуу уяачийн эрдэмд шамдаж байна гэх хүмүүс олон таардаг.
-10 гаруй ном бий. Хамгийн анхны бүтээл болох “Түмний эх” ном маань хоёр удаа хэвлэгдээд нэг ширхэг ч үлдээгүй. Анх 1970 онд хэвлэгдээд, олон түмний хүсэлтийн дагуу 1989 онд ахин хэвлэгдсэн. Батмөнх дарга баруун аймгаар явж малчидтай уулзаж байхад ““Түмний эх” гэдэг номыг дахин хэвлэж өгөөч” гэсэн санал гарчээ. Хамт явсан улс нь тэмдэглэж аваад үлдэж. Дараа нь зүүн аймгаар явж байхад нь тэр хүсэлтийг малчид уяачид дахин тавьжээ. Тэгэхээр нь Батмөнх дарга “Энэ ямар ном байна вэ” гээд Намын Төв Хорооны үзэл суртлын хэлтсийнхэнд үүрэг даалгавар өгөхгүй юу. Төв хорооны үзэл суртлын хэлтсийн хэвлэл ном хариуцсан Эдиквай гэдэг казак залуу байсан. Би сонины эрхлэгч учраас өдөр болгон шахуу тэрүүгээр орж ажил төрөл ярьдаг байлаа. Тэгсэн нөгөөх чинь “Чи нөхөөр ямар ном бичсэн. Олоод ир” гэнэ. Бүх номын сангуудаар хайсан, олдоогүй. Тэгж байтал манай нэг ажилтан залуугийн эхнэр нь төв номын санд ажилладаг гэхээр нь асуулгасан. Төв номын сангийн архивт зургаан ширхэг байна гэнэ. Тэндээс л арын хаалгаар шахуу нэгийг олж аваад өгвөл хоёр хоноод ахиад дуудлаа. “Сарын дотор нэмэн засварласан хоёр дахь хэвлэлээ хэвлэлтэнд шилжүүл” гэж үүрэгдэв. Ингээд 18,19 жилийн дараа жаахан засвар хийгээд шилжүүллээ дээ. Тэр үед нэг ном хэвлэлтээс гарах гэж жил гаруй болдог байсан юм. Тэгэхэд “Түмний эх” маань хоёр сарын дараа буюу яг наадмын өмнө худалдаанд гарсан. Миний бичсэн номноос хамгийн олон хэвлэгдсэн нь “Уяа эвлэг, морь хурдан”. 2004 оноос хойш 10 дахь удаагийн хэвлэл нь одоо Өвөрмонголд гарч байна. Монголд есөн удаа хэвлэгдсэн.
-Сүүлийн үед ямар бүтээл туурвиж байна вэ?
-Гадаадын уншигчдад зориулсан “Монголын хурдан морины уралдаан” гэдэг ном бичлээ. Англи хэл дээр хөрвүүлчихвэл ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Сэргэлэн хэвлэж өгнө хэмээн амласан. Удахгүй гаднын уншигчдын хүртээл болох байхаа. Би дан ганц хурдан морины тухай ном бичдэггүй. Мэргэжлийн болон орчуулгын хэд хэдэн ном хэвлүүлсэн.
-Та Монгол орныхоо хэдэн аймгаар явж, хичнээн уяачидтай уулзаж ярилцсан бол?
-Манай зээ хүү орос сургууль төгсөөд Италид дөрвөн жил сурсан нөхөр бий. Би 16,17-тойд нь нэг удаа ярилцаж байтал Замын-Үүдийг тээр баруун урдруу байдаг ухааны юм ярьж байна. Тэгэхээр нь “Чи ч бүр баларч яваа хүн байна даа. Монгол орноо ч мэдэхгүй. Газрын зураг аваад ир” гэтэл гараад номын дэлгүүрээс аваад ирлээ. Тэгээд зааж өгөөд тайлбарласан залуу хүн дороо л тогтоож байна. Тэгснээ надаас асууж байнаа. “Та 21 аймгаар явсан уу?”, “Явсаан. Баян-Өлгий, Увс хоёроор л товчхон, товчхон явсан. Бусдаар нь олон явсан”. Ингэж хэлээд явсан сумаа тоолтол 220-иодоор нь орчихсон байна лээ. Уяачидтай уулзахын тухайд аймгуудын уяачдын зөвлөгөөн хийхэд эхэндээ 40,50-иад хүн цугладаг байсан бол сүүлдээ 100-гаад хүн цугладаг болсон. Өнгөрсөн жил Хөвсгөлд очиход аймгийн соёлын ордон нь дүүрчихсэн байсан. Ингээд тоолбол өндөр тоо гарах байхаа.
-Уулзсан уяачдаас хамгийн гүн тод дурсамж үлдээсэн нь хэн бэ?
-Миний бичсэн 10 гаруй ном бол уулзаж ярилцаж байсан тэр уяачдын л юм шүү дээ. Тэдэн дундаас хамгийн их тод дурсамж үлдээсэн нь нэрт уяач “Ангасай” хэмээх Банзрагч. Би тэр хүнийг “багш” гэдэг. Тэр үеийн хүмүүс худлаа хэлнэ гэж байхгүй. Яг л үнэнийг ярина. ”Түмний эх” номонд орсон Хэнтийн баримтууд бол цөм Банзрагч гэдэг хүний ярьсан түүх. 1970 онд хэвлэлтэнд өгөөд дараа жил нь гар дээрээ авсан. Тэр жил Банзрагч гуайн саарал азарга улсын наадамд түрүүлээд. Би нэг шил “Арарат” конъяк, нэг номтой очиж байлаа. Энэ мэтчилэн чиний уулзаж амжаагүй олон сайхан буурлуудтай уулзсан даа. Шийтэрийн зээрдийг уяж байсан Жамц гуайтай манайхан гэрээрээ их дотно байлаа. Дашням гуай, Гомбодорж гуай, Донойн Цэгмид, Ховдын Янсан, Увсын Дамдинсүрэн, Өмнөговийн Жуурайдорж гуай гээд л ухаантай буурал өвгөчүүлтэй уулзаж ярилцаж явлаа. Тэдний ихэнхи нь бага залуудаа том жижиг орон хийдэд шавилан сууж байсан, буддын гүн ухааны гүнзгий боловсролтой хүмүүс байсан даа. Түүнчлэн амьд сэрүүнд нь уулзаж чадаагүйдээ харамсч явдаг хэдэн уяач бий.
-Тэдгээр нь хэн бэ?
-Өвгөний Батбуян гэдэг хүнтэй уулзаж чадаагүй. ”Залуучуудын үнэн” сонинд морины тухай бичихэд Батбуян гуайн нэр орохгүй юу. Тэгсэн Батбуян гуай нутгийн залуу Жанлаваар дамжуулан “Надтай нэг уулзаасай” гэж хэлүүлсэн байсан. Залуу байхад юманд хайхрамжгүй ханддаг байж дээ. Уулзана даа гэсээр яваад, чадаагүй ээ. Түүндээ одоо ч харамсч явдаг юм. Очоод уулзсан бол их юм ярих байсан байхаа. Өөр нэг хүн бол Дулаан Дамдинжав гуай. Тэднийхний Сүрэнжав гэж сумын намын үүрийн дарга байсан хүнтэй Төв аймгийн намын бүгд хуралд цуг суугаад хоёр өдөр яриулсан. Гэхдээ Дамдинжав гуайтай уулзаж ярьсан бол бүр л нарийн юм ярих байсан байх. Гэхдээ Дулаан гуай “Би Баярмагнайтай уулзсан” гэж хүнд ярьсан байдаг юм, хөөрхий. Гурав дахь нь Дундговийн “мухар” Гармаа. Тэр хүнтэй уулзаж чадаагүй. Манай Батлан Хамгаалах Яамны үүдний харуулд зогсдог дадайсан жоохон цэрэг байсан юм. Нэг удаа Гандан дээр явж байтал нөгөө цэрэг таараад “Би Гармаа гуайнд ороод ирлээ. Охин нь энд оюутан юм. Гармаа гуайнх тэр утаа гарч байгаа яндантай айл” гээд зааж өгсөн. Тэр үед яамны офицерууд эргүүлд гардаг байсан. Эргүүл хийж байж яаж айлд ороод суухав дээ. Тэгээд л чадаагүй. Энэ гурван хүнтэй уулзаж чадаагүйдээ жаахан харамсч явдаг даа. Би “Түмний эх” номоо биччихээд ажаадаа үзүүллээ. Тэнд манай нэг бор азарга ийм байсан юм гээд биччихсэн байсан юм. Тэгсэн ажаа “Энийг тэгж бичиж болохгүй, өөрийнхөө юмыг хэрэггүй” гээд болиулсан. Манай эцэг иймэрхүү л хүн байсан юм. Надад хоёр юм хэлсэн. “Миний хүүгийн уясан морь явахгүй ч байж магадгүй ээ. Яагаад гэвэл чиний худлаа ярих чинь дэндээд байх юм. /Ном бичихийг манай ажаа худлаа ярих гэж үзэж байна л даа/ /инээв/ Хүн нэг юмаар хоёр нэр олдоггүй юм. Чи ном бичээд жаахан нэр олчихсон юм шиг байна” гэж билээ. Гэхдээ “хусуур хавчуулж морины сүүл боож яваарай. Удмын юмыг тасалж болохгүй шүү” гэж хэлсэн юм.
НУТГИЙН ДҮҮГИЙН БУЯНААР СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ ХОНГОР ҮРЭЭНҮҮДЭЭРЭЭ САЙХАН Л НААДАЖ БАЙНА
-Өнгөрсөн жил Ганган хонгороо айрагдуулсан. Өнөө жил бас нэг хонгор соёолон арваар давхиуллаа. Сүүлийн үед морьд чинь гайгүй давхиад л байна даа?
-Тийм ээ, насаараа л морь гэж явлаа. Нас дээр гарч. Би чинь одоо 73-ны жил орж яваа хүн шүү дээ. Саяхныг хүртэл би өөрөө л уяан дээрээ гардан хөөцөлдөөд гүйдэг байлаа. Одоо бол чадахаа байсан. Нутгийн дүү Онон надад “Та одоо морь уяад бүтэхгүй нь ээ. Манай дээр ирээд буучих” гэсэн юм. Өөрийгөө багаасаа морь унаж уралдсан, уячихна гэсэн чинь бүтдэггүй ээ. Би дэндүү хуучны арга барилтай байж. Одоо адуу ч өөр болж, уяаны дэг сургууль ч ихээхэн өөрчлөгдөж. Миний залууд хоёрхон сунгаатай, найм, есөн хөлстэй, найм, есөн тартай уралддаг байлаа. Одоо гэтэл үндсэндээ дөрвөн сунгаатай уралдаж байна. Адуу нь байлаа ч гэсэн хуучин дэгээр уяад амжилт гаргахгүй болжээ. Ийм дүгнэлт хийгээд Ононгийнхоо хаяанд бууж, адуунд нь хэдэн гүү тавьсан. Хоёроос нь л гайгүй давхилтай юм гарах байдалтай.
-Танд хүмүүс адуу бэлэглэж байсан нь лавтай. Тэдгээрийгээ авсан уу?
-Адуу ав гэсэн зоргоор нь бүгдийг нь хөтөлж авчраад байсан бол миний адуу 1000 хүрэхгүй юмаа гэхэд нэлээд олон зууд хүрэх байсан байх. Хүн адуу бэлэглэхэд би “за” л гэдэг. Гэхдээ очиж авч байгаагүй. Бүр “өгье” гээд хөтөлж авчраад адуунд тавьсан цөөн хэд нь жинхэнээсээ минийх болсон байх. Харин нэг их том уяач, нэг арга хэмжээн дээр надад адуу бэлэглээд нэг их урт ерөөл тавиад байсан. Би ч худлаа хэлж байгааг нь гадарлаж л байсан. Сүүлд “Нөгөө адуугаа авъя” гэсэн чинь харин “Намайг зүгээр л амлачихаарай гэсэн шдээ” гэдэг байгаа. Ийм хүн ердөө ганц л таарсан. Манай зээ хүү багаасаа намайг дагаад уяан дээр өссөн хүн. “Та яагаад морь уяхаа байчихав. Мориноос огцом хөндийрлөө, би яах юм” гэдэг байсан. Өөрөө ч бас завгүй хүн юм. Гэхдээ сэтгэлээс нь уяатай байдаг шиг байгаа юм. Уржнан Сэргэлэн сумын 90 жилийн ойгоор Онон даагануудыхаа нэгийг таны нэр дээр мордууллаа гэж байсан. Тэгсэн тэр нь түрүүлээд ирэхгүй юу. Манай хүүхдүүд хөөрч, баярлаад хийрхээд сүйд. Тэгээд жаахан байж байсан чинь Онон орж ирээд “За хонгор халзан даага таных шүү” гэж байна. Мөн тэр жил Аварга тосонд шавар тавиулаад амарч байсан Довдонбалжир утасдаад “Аймгийн зүүн бүсэд таны үрээ түрүүлээд, минийх аман хүзүүдчихлээ” гэнэ. Тэгсэн хонгор халзангаас нэг ах үрээг Ононгийн шавь Дашпүрэв гэж залуу уяад түрүүлгэжээ. Онон хавар хэдэн үрээ хашаандаа авчраад уячихсан байхад нь Дашпүрэв “Онон ахаа би танай үрээнүүдээс нэгийг нь уяая” гэсэн юм билээ. “Тэг тэг” гэсэн харж байгаад хонгор үрээг барьж авч л дээ. Тэр жилээ Баян сумын 90 жилийн ойд арван хэдээр ороод, Алтанбулагт Төв аймгийн баруун бүс болоход зургаалсан юм билээ. Тэгээд сүүлд аймгийн зүүн бүсэд уралдаад түрүүлсэн. Ингээд 2014 онд би хоёр түрүү хүртсэн.
-Хонгор голдуу адуугаар нааддаг юм биз дээ?
-Тэгсэн ноднин хавар таны нэг гайгүй даага байна гэж Ононгийн бага хүү Болдоо хэлэхгүй юу. “Дааган бие нь аятайхан, ер нь аятайхан адуу болох шинжтэй” гэнэ. Сунгаанаар нь манай хүү ч яваад, зээ хүү ч яваад сүртэй олуулаа үзэх юм боллоо. Тэгсэн даага маргааш нь сунгах байж. Тэгээд ажилтай улс чинь буцаад ирэхгүй юу. Маргааш нь асуусан “түрүүлсэн” гэж байна. Хоёр гурван эрлийз даага, хоёр гурван шүдлэн явсан үзүүр дээрээ ирээд тэднийгээ дийлээд түрүүлж байна гэнэ. Би яахав аймагт уралдчихъя. Улсад юу бараа аж дээ гэж бодоод хязаалангаа мордуулсан нь зургаалчихлаа. Дараа нь даагаа мордуулсан нь хасчихлаа. Ононгийн тамгатай юм болохгүй л гэнэ. Уул нь Тойруулгын угшил жаахан орсон. Хагас зуун жилийн өмнө 1966 онд орж ирсэн Буддёный азарганы зургаа дахь үеийн төл. Хараажаар монгол л доо. Даанч цэвэрхэн, товирхон л адуу. Улсын наадмын даага 12-нд уралддаг шүү дээ. Улсад мордуулчихмаар санагдаад Ононтой ярьсан “тэгэлгүй яахав” гэж байна. Тэгээд хүүхдүүдэд хэлж бүртгүүлээд мордуулсан чинь айрагдчихсан. Айрагдсаных нь дараа танай сэтгүүл их сайхан нэр өгсөн шүү дээ. Ганган хонгор гэж. Хүмүүс их гоё хийцтэй адуу юм гэдэг учраас түүгээр нь нэрлэж байгаа. Энэ жил уяан дундуур ханиагаад, улсад мордуулаагүй, жаал эмчилгээ хийж эдгэрүүлж байгаад аймагт мордуулсан. Хэд дахин хэмжиж байгаад гаргасан. Таваар давхисан. Нөгөө улсад арваар давхидаг соёолон хонгор дөрвөлсөн. Насны бөгсөнд энэ мэтчилэн сайхан л наадаж байна. Намайг наадуулж байгаа хүн нь манай уяач аав, хүү хоёр. Нийслэлийн Алдарт уяач Дашпүрэв, түүний хүү Ариунбаяр. Хуучны Гунгаабазар гуай гэж бүх хүний мэдэх уяач байсан даа. Тэдний хүргэн, зээ хүү хоёр.
-Танай хүүхдүүд моринд нэлээд сонирхолтой бололтой?
-Би ганц хүүтэй. Хүүгээ Хэнтийн Дадалд байдаг хэдэн адуу руугаа дагуулж очоод заагаад, зүслээд, тамгалаад өгчихсөн. Цаашид хэрхэх нь хүү, ач хүү хоёрын асуудал. Зээ хүү маань миний хэдэн адууны эзэн болох байх. Манайхны уяачийн удам миний үед л лав тасарсангүй. Яваандаа яахыг нь үр ач, зээ нар л мэдэх хэрэг.
-Уяачдын холбооны өнөөдрийн ажил үйлсийн талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Монголын бүх уяачдын нэгэн адил сэтгэл нэн ханамжтай байдаг. Маш зөв хүмүүсийг сонгосондоо баяртай явдаг. Сэргэлэн даргыг зургаа, долоон жил дэргэдээ дагуулж яваад хүний нь мөн чанарыг танин мэдээд “ Миний босгосон ажлыг цааш нь хөгжүүлээд явж чадна” гэсэн итгэл төрсөн юм. Алдаагүй. Хийсэн ажил нь тодорхой юм чинь энд нуршаад яах вэ. 4000 морины уралдаан, 11000 морьтны жагсаал, холбоо маань дэлхийн болон азийн морин уралдааны холбооны гишүүн болсон гэх мэт. Энэ хүний мэдлэг, туршлага хэрхэн аривжиж, сэтгэлгээний цар хүрээ нь ямар хэмжээгээр өргөжин тэлж, энэ хүн ажил албаны хувьд хэрхэн өсөж өндийж байгааг би төдийгүй монголын уяачид, монголын олон нийт бэлэхнээ харж байна.
Эцэст нь хэлэхэд энэ удаа би өөрийгөө жаахан ярьчихлаа. Тэгэх нь ч зөв болов уу, тэгэхгүй бол нэгдүгээрт, бүтсэн ажлын эзэн олон, хоёрдугаарт, ахмад үеийн хийсэн бүтээсэн зүйлийг одоогийн залуу үеийнхэн мартах, үгүйсгэх хандлага нэлээн үзэгдэж болжээ. Гэхдээ энэ бүх ажлыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хүчээр ялангуяа бизнесч залуучуудын дэмжлэгээр аймгуудын салбар холбоодын түшиг тулгууртайгаар, монголын бүх уяачдын сайхан сэтгэлийн эрч хүчээр хийж бүтээснийг онцлон тэмдэглэе.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
Эх сурвалж: “ТОД МАГНАЙ” сэтгүүл
Холбоотой мэдээ