Хиллари Клинтоны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үеийн зарим мэдээллийг Холбооны мөрдөх товчоо ил болгожээ.
Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн дарга байхдаа байнга л дипломат протоколыг зөрчин түүний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тусгай албаныхны толгойн өвчин болдог байжээ.Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, мөн Кондолиза Райс нарын хамгаалалтад ажилласан ХМТ-ны ажилтан энэ тухай ярьжээ.
Ил болгосон баримтаар Кондолиза Райс протоколоо яс барьдаг нэгэн байв. Харин Клинтон дэг журмыг үл тоон дураараа байсан тухай CBS News телевиз мэдээллээ. Жишээлбэл, гадаад айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Элчин сайдтай хамт явах ёстой байтал Клинтон машиндаа зөвхөн өөрийн туслах Хума Абедины хамт явдаг байсан нь Элчин сайд нарын дургүйцлийг хүргэж байжээ.
Клинтон 2009 онд Жакартад айлчлахдаа “өөрөө хүссэн” гээд аюулын эрсдэлтэй газарт очсон ба хамгаалалтын албаны анхааруулгыг үл тоосон гэж тэр ажилтан ярив. Мөн түүний ярьснаар, Клинтон ба түүний туслахууд Төрийн департаментын байрнаас тавилга, чийдэн зөөн Вашингтон дахь Клинтоны өргөөнд аваачжээ. Түүнийг дараа нь буцаасан эсэхийг мэдэхгүй гэж тэр хүн ярьсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР