Улс улсын хөлбөмбөгийн лигт олон жил “босоо” байсан түүхэн амжилтын эзэн багууд бий. Шилдэг тоглогчдоос бүрдсэн тэрхүү баг үеийн үед дурсагдах арвин түүхтэй бөгөөд улсынхаа шигшээ багийн цөмийг бүрдүүлж, дээд лигтээ хамгийн олон түрүү хүртсэн байдаг.
Английн “Манчестер юнайтед”, Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, Италийн “Ювентус” гэх мэт шилдэг клубүүд үндэснийхээ дээд лигт хамгийн олон түрүүлж, лигийнхээ нүүр царай болж, олон улсад танигдсан билээ. Харин манай улсын хөлбөмбөг, Үндэсний дээд лигийн түүх “Эрчим” клубтэй салшгүй холбоотой. 20 гаруй жилийн өмнө шаваа тавьж байсан тус клуб Монголын хөлбөмбөгийн Үндэсний дээд лигт 10 удаа түрүүлсэн далай даян дархан аварга гэдэгт хэн ч маргахгүй.
1994 оны дөрөвдүгээр сарын 16-нд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын дэргэд “Эрчим” хөлбөмбөгийн багийг байгуулж, тухайн жилийнхээ УАШТ-д түрүүлснээр дархан аваргуудын аугаа түүх эхэлсэн юм.
Байгуулагдсанаас нь хойш хоёр жилийн дараа Монголын Үндэсний дээд лигийн тэмцээн нээлтээ хийхэд Л.Доржсүрэн дасгалжуулагчийн удирдсан “Эрчим” аваргын цомыг өргөсөн билээ. Түүнээс хойш 1998, 2000, 2002, 2007, 2008, 2012, 2013 онд аваргын цом өргөв. “Эрчим”-ийн Үндэсний дээд лигт гурав дарааллан түрүүлэх боломжийг “Хоромхон” үгүй хийж 2014 онд аваргын цомыг булаасан юм. Нэг жил өнжөөд лигтээ дахин түрүүлэхэд олон зүйлс өөрчлөгдсөн байлаа. Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, Үндэсний дээд лигийн шагналын санг урьд хожид байгаагүйгээр өсгөлөө. Ийнхүү “Эрчим” 2014 онд “Хүрхрээ” хэмээх тодотголтой анхны Үндэсний дээд лигт аваргалжээ. Харин энэ жил “Хүрхрээ” Үндэсний дээд лигт түүхэндээ анх удаа 10 баг өрсөлдөхөд “Эрчим” ердөө ганцхан хожигдолтойгоор аваргалсан юм. Ингэснээр тус клуб Монголын хөлбөмбөгийн дээд лигт түүхэндээ 10 дахь түрүүгээ авч дархан аваргууд гэдгээ нотолсон юм. Үндэсний дээд лигийн аваргууд дараа жил нь Азийн тэмцээнд орохын зэрэгцээ улиралын нээлт болгож “Холбооны цом”-ын түрүү багтай “Супер цом”-ын тоглолт хийдэг уламжлалтай. 2011 оноос хойш зохиогдох болсон “Супер цом”-ыг “Эрчим” таван жил дарааллан өргөөд байгаа. Тиймдээ ч “дархан аварга” цолыг хүртсэн “Эрчим” 2017-2018 оны улирлын өмнө “Хангарьд” клубтэй “Супер цом”-ыг булаалдахаар болж, энэ улирлыг өндөрлүүллээ.
/"Хүрхрээ" үндэсний дээд лигийн багууд цуврал нийтлэл./
ЭХ СУРВАЛЖ: THE-MFF.MN