Хоёр гартай, нэг тархитай хүний төлөө

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Хоёр гартай, нэг тархитай хүний төлөө

Хүн яагаад хоёр гартай, ганцхан тархитай байдаг вэ гэж асуувал хэн ч гайхна. Гэхдээ дөрвөн гартай, хоёр тархитай мэт хөдөлмөрлөж, хоногийн 24 цаг цөөдөм ажилладаг хүмүүст бол заримдаа ийм гоморхмоор асуулт гарч ирдэг байж магадгүй. Хоёр тархи, дөрөв, бүр арван гартай мэт ажилладаг хүмүүсийн хувьд Монголд зуны улирал байхгүй. Өдөр болгон шинэ ажил ундарч, хоёр гар, нэг тархи, нэг бие нь гүйцмээргүй л байдаг хүмүүст үүнийг зориулахыг хүсэв.

Хэн нэгэн ажиллаж байвал /үүнд ажлаа оромдохыг хэлээгүй/ үр шимээ хүртэх нь зүй. Капиталист ч, социалист ч бай, бүр феодалийн гэдэг нийгэмд ч ялгаагүй. Аймшигтай дарангуйлалд байсан гэх феодалийн нийгэмд ч адтай арчаатай нэгэн нь цоролзоод л гарч байсан гэдэг юм билээ, ном судраас уншсанаар бол…

Харин зах зээлийн системд шилжив гэж тунхаглаад 20 жил болж байгаа Монголд өнөөдөр байдал ямар байна вэ? Ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хүмүүст үр өгөөжөө өгөөгүй гэж хэлэх аргагүй. Арваад жилийн тэртээ гэж хэлж байгаа ганзагын наймааны үед унаж бүдэрч явсан хүмүүс өнөөдөр хөлөө олох нь олж, хөлгүй тамын ёроолд живэх нь живсэн. Живээгүй амжилттай яваа хүмүүсийг бид өнөөдөр “Шинэ монголчууд” гэж нэрлэдэг. Цаг хугацааны эрхээр тэдний ихэнх нь зуугийн тал нас руу дөхөж ач, зээгээ үнэрлэж байгаа байх. Тэдний хувьд шилжилтийн гэх завсархан үед амьдарч, “алалцаж” байж амь гарч гарч чадсан. Өнөөдөр баян гэж бусдын атаархлыг цоролзуулж байгаа тэд шатахдаа шатаж, “цөм” хийхдээ хийж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гэдэг. Энд төрөөс төрсөн тэрбумтнуудыг хэлээгүй шүү. Хувь заяаны завшаанаар ч гэх юм уу урьд нь төрд алба хашиж байсан хүмүүс, тэдний хүүхдүүд, хүргэн, бэрчүүд мэдээллийн давуу байдлаа ашиглан хөлжсөн. Харах эзэнгүй болсон төрийн обьектүүдийг сулхан үнээр, зарим нь бараг үнэгүйгээр хувьчилж авснаас эхлээд хаана ямар ашигтай газар байхыг томьёолсон мэдээллийг хадгалж, бас “чулуу” болгож гэх мэтээр. Гэхдээ энэ бол түүх болон үлдсэн. Түүнийг шүүх нь өөр асуудал.

Ямар ч гэсэн хашааныхаа гадна ганц “Лада” машин сойх эрхгүй байсан тэр үеийг халсан. Түүний дараа дахиад нэг үеийнхэн ганзага хөөж, гахай үүрсэн мөнгөөрөө хаус барьж, компани байгуулж, бас шинэ үеийнхнээ өсгөж, төрүүлж, хүмүүжүүлж, бас дахиад л шинийг эрэлхийлж яваа. Түүний араас дахиад л шинэ монголчууд түрнэ.

Тэд зарим нэгний гомдоллоод байдаг шиг зах зээл рүү шилжих хэцүү үеийн талхны оочер, картын бараа, харанхуй хүйтэн нийтийн буюу бидний одоогийн сууж байгаа апартмейнтийг мэдэхгүй. Харин ч хэзээ ч тог нь тасардаггүй, орцонд нь хүйтэн мэстэй “хулигаан” хүлээж байх вий гэж айдаггүй тохилог сууцанд амьдарч байгаа. Үүнээс ч илүү их тохилог ертөнцийг тэд хүсч, бас өөрсдийнхөөрөө бүтээж байгаа. Яагаад гэвэл хоёр гартай, нэг тархитай хөдөлмөрлөж гэмээнэ сайхан амьдарч болох нийгэм байгаа гэдэгт итгэж байгаа учраас…

Дөрвөн мөчөөрөө тэлчлээд ч мөнгө олохгүй гутрах үе байдаг гэж хэн нэгэн хэлж байсан. Их ирээдүйг мөрөөдөөд, түүнийхээ хагасын хагасыг ч биелүүлэх гээд зүтгэхэд бараг бүхлээрээ биелчихдэг ч гэдэг. Тэр шинэ үеийнхэн юу хүсч байгаа гээч. Чадлынхаа хэмжээнд ажиллаад, хийснийхээ төлөө шударга үнэлгээгээр хөлсөө авч, хэнээс ч хараат бус амьдрахыг. Энэ бол гайхах ёстой асуудал биш. Жирийн л амьдралын хэмнэл, байх ёстой, мөрдөгдөх ёстой зарчим. Хоёр гартай, тархиндаа мэдлэгтэй хүн болгон өөрийнхөө хэмжээнд бүхнийг бүтээж чадна. Хэрвээ тархи нь л гэмтэлтэй биш бол…

Тийм л нийгэмд би амьдрахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл, солгой гартай гажуу тархитай, долдой үгтэй, буруу замаар мөнгө олохоо баатарлаг гавьяа гэж боддог хүмүүс биш,  хоёр гартай, эрүүл тархитай, ердийн боловсрол сэтгэхүйтэй хүн хангалттай ажилласныхаа тө­лөө хан­галт­тай сайхан амьдрах боломж­той байх нийгэмд…

А.ТУЯА

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж