УИХ-ын сонгуулийн үр дүнг эргэн санавал орон нутагт Завхан аймагт л Ардчилсан нам ялалт байгуулж байв. Тэгвэл энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ч Завхан аймгийн сонгогчид Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжиж бүтэн цэнхэр аймаг болохоо зарлалаа. Тэгвэл ганц Завхан ч биш басхүү Сүхбаатар аймаг цэнхэртэж Ардчилсан намынхан олонхи болоод байна. Учир нь аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт хоёр намын хооронд хамгийн ширүүн өрсөлдөөн явагдаж 32 суудлаас 16-г нь Ардын намынхан, 16-г нь Ардчилсан намынхан авсан бөгөөд сүүлийн 33 дахь эрхийн төлөө хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулсан юм.
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай зэрэгцэн явуулсан энэхүү санал хураалт Сүхбаатар аймгийн Дарьганга суманд явагдсан бөгөөд АН-аас нэр дэвшигч П.Мөнхжаргал тус сумын таван багийн дөрөвд нь өрсөлдөгчөө ялж давуу ялалт байгуулжээ. Ингэснээр аймгийн ИТХ-д Ардчилсан нам олонхи болж, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар ч Баруун-Урт зэрэг сумдад ялалт байгуулсан тул Сүхбаатар аймаг Завхантай адил цэнхэр аймаг болж байгаа аж.
Ер нь ч Сүхбаатар аймгийн сонгогчид дөрвөн сонгууль дараалан ардчилагчдыг дэмжиж байгаа нь энэ юм байна. Сонгуулийн өмнөхөн МоАН Санаачилга ТББ-ын хамт олон, АН-тай хамтран орон даяар сургалт зохион байгуулсан. Энэ сургалтыг Сүхбаатар аймагт ч мөн явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нарын МоАН Санаачилгын гишүүд Баруун-Урт, Дарьганга зэрэг сумдад очиж намынхаа нэр дэвшигчдийг дэмжин аймаг сумдаар ажиллахын зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзалт хийж явжээ.
Эндээс хэдийгээр АН-д одоогийн нөхцөл байдал хүнд байгаа боловч нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж чадвал, эв нэгдэлтэй байж чадвал Сүхбаатар аймаг шиг ямар ч газар нутагт Ардчилсан намыг дэмжигчид олноороо байгааг харж болно.
Б.БАТ