УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Төсвийн хүрээний мэдэгдэлд Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-д эзлэх эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувь, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой бусад томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх зэрэг зарчмыг баримтлах юм байна.
Түүнчлэн “Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Засгийн газраас өмч хувьчлалын бодлого боловсруулж, төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийн менежментийг сайжруулах замаар ашигт ажиллагааг дээшлүүлэх зэрэг оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх ажээ.
Уг хуулийн төсөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг тооцон үзэхэд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 22.8 хувь, 2018 онд 23.4 хувь, 2019 онд 22.7, нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2017 онд 32.7 хувь, 2018 онд 30.9 хувь, 2019 онд 28.2 хувь байхаар тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувь байхаар тусгагдсан байна.
Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон улсын өрийн нийт хэмжээг 2017-2019 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас хэтрэхгүй байхаар тооцож, хуулийн төслийг боловсруулжээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгой жилдээ 2.7 тэрбум ам.долларын орлого олж байна, тэгсэн хэрнээ 6 хувьтай тэнцэх ачааг үүрдэг. “Эрдэнэт”-ээ бид алдах гээд сууж байна. Хуучин НИК татварын гол ачааг үүрдэг байсан, хувьчлалын дараа татварын орлого нь буурсан.
Төсвийн хүрээний мэдэгдлийг харахаар дэлхийн зах зээл дээр уул уурхайн баялгийн үнэ хэзээ өсөх вэ гээд хараад сууж байна. Бид хөдөө аж ахуй дээр амьдрах ёстой. Ингэж байж тогтвортой эдийн засагтай болно. 2017-2018 онд хөдөө аж ахуйгаас олох орлогыг яагаад бууруулав.
Уул уурхайн төслүүд нь яваад байгаа хэрнээ ашиггүй, Оюутолгойд хэн саад болсон юм. Дубайн гэрээ байгуулаад 15 тэрбумын барьцаанд орчихоод сууж байна.
Сонгуулиар улс орноо боддог, бусад үед боддоггүй байж болохгүй. Авдартаа байгаагаа харийнханд зүгээр өгчихөөд зээл авах тухай яриад сууж болмооргүй байна.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр хөдөө аж ахуйн салбараас том өсөлт гарна. Цаашдаа энэ хэмжээгээр өсөлт гарна гэхэд бэрх байгаа. Ийм учраас бодитой хэмжээнд төсөөлсөн нь тэр.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2017 оны төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгөөр батлах болж байна. 2017, 2018 оны сорилт бол гадаад өрөө ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ. 60 хоногийн дараа 580 сая ам.доллар төлнө. Арилжааны банкуудын дотоод өрөнд 5 их наяд төлөх ёстой. Цаг хугацаа туллаа. Гэтэл төсвийн 2.5 их наядын алдагдлыг юугаар санхүүжүүлэх вэ. Том төслүүд шууд хөдлөөд эдийн засаг 3.8 хувиар өсөх үү. Төсвийн алдагдлаа ДНБ-ийн 10 хувь руу дөхүүлээд батлах юм бол зээлжих зэрэглэл буурна. Олон улсын зах зээл дээрээс босгох мөнгө маш үнэтэй босно.
Эдийн засгийн өсөлтөө өөдрөг авсан хэрнээ орлого нь 600 тэрбумаар өсөхөөр тооцож. Хэр бодитой төсөөлөл вэ. Төсвийн алдагдлыг буруулах боломж байна уу. Төсвийн зарлагын реформын асуудлыг нэлээн ярьсан. Ирэх онуудад энэ тал дээр юу хийх вэ. Хийж байгаа таамаглал нь төсвийн төсөөлөл дээрээ хэр буув.
Концессын гэрээний үнийн дүнг хэлж өгөөч, 2017, 2018, 2019 онд маш том зардал ирэх гээд байна. тооцсон тооцоолол байна уу.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Төсвийн алдагдал 2 их наядад хүрлээ гэлээ. Ийм нөхцөл байдалд Засгийн газар орсон. Тийм учраас 2016 оны төсвийн тодотголын алдагдлыг 18 хувьтай баталсан. Тодотгол хийгээгүй бол 28 хувьтай байсан. 2017 онд төсвийн алдагдлыг хоёр дахин шахам буулгаад оруулж ирсэн. Нэг зүйл ажиглагдсан нь орлого буурахаар зарлагаа бууруулдаггүй, зээл авдаг гинжин хэлхээ явж иржээ.
Одоо бид бондыг бондоор санхүүжүүлэхээс өөр эх үүсвэр алга. Засгийн газар хэд, хэдэн төрлийн хэлэлцээр хийж байна.
Сүүлийн жилүүдэд төсвийн орлогыг хэт өндөр тавьдаг байсан, үүнээс болж 1 их наяд төгрөгөөр буурдаг байсан. Ийм учраас орлогыг илүү бодитой болгохыг оролдсон.
Засгийн газар төсвийн зарлагын реформыг хийх гэж оролдсон. Найман төрлийн татварыг нэмэгдүүлье, хүн амын 2-3 хувьд хамаарах татвар оруулж ирсэн, батлуулж чадаагүй. Төсвийн зардал дээр тодорхой хэмжээний зардал бууруулахаар оруулж ирсэн ч УИХ хүлээж аваагүй.
Өмнөх Засгийн газрын үед 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний концесс байгуулагдсан, 2017 оны төсөвт тодорхой хэмжээний зардлыг төсөвт суулган оруулж ирсэн гэсэн хариулт өглөө.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ