УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг бодлогын баримт бичигт тусгасан асуудлыг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Мөнгөний бодлогод инфляцийг найман хувьд барихаар заажээ. Гэтэл дефляци бий болчихсон байдаг. Нэг л авцалдаж өгөхгүй юм, юу гэж ойлгох вэ?
-Мөнгөний бодлогын зах зээлд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2017-2019 онд жилийн 8 хувиас дээшгүй түвшинд байлгана гэж зорилт тавьсан.
Өнгөрсөн найм, есдүгээр сарын үнийн индекс дифляцитай гарлаа. Шалтгааныг нь харах юм бол хүнсний бүтээгдэхүүнүүдээс махны үнэ хямдарсан. Өмнөх жилүүдийн жишгийг харах юм бол хичээлийн шинэ жил эхлэх үеэр хүнсний биш бүтээгдэхүүний үнэ өсдөг байсан. Энэ жил дээрх хандлага ажиглагдсангүй. Монголбанк анхааралтай ажиглаж байна. Улирлын шинжтэй зүйл үү, эдийн засгийн суурь нөхцөл маань үнэ өсгөхгүй нөхцөл байдал үүсгэж байна уу гэдгийг ажиглаж байна.
-Ирэх онд валютын ханшийг тогтвортой хадгалах, нөөцөө хадгалах, нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Одоо бол бодлогын хүүг өсгөх замаар валютын ханшийг тогтворжуулах арга хэмжээ авч байна?
-Өнгөрсөн дөрвөн жилд Монголбанк валютын ханшийг тогтвортой барихын тулд 6 тэрбум ам.долларын интервенц хийсэн гэх тоо баримт бий. Энэ бодлогыг тэр хэмжээгээр үргэлжлүүлээд явах боломж байхгүй. Улсын валютын нөөц 1.4 тэрбум ам.долларын хэмжээтэй байгаа.
Хоёрдугаарт, валютын ханш маань эдийн засгийнхаа суурь нөхцөлтэй уялдсан байх ёстой. Ингэж байж гадны янз, янзын шокыг даван туулах чадвартай байдаг. Зохиомлоор ханшийг бариад байх юм бол зах зээлийн биш ханш үүсгэдэг. Өнгөрсөн хугацаанд зохиомол ханш явж ирсэн гэж хэлэхээр байгаа. Ийм учраас Монголбанк аль болох зах зээлийнх нь жишигт нийцүүлэх бодлого хэрэгжүүлэхийг зорьж байна. Улсын валютын нөөц хангалттай төвшинд бүрдээгүй учраас аль болох нөөцийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана.
Ханшийн огцом өөрчлөлт гарах юм бол Монголбанк зайлшгүй оролцож интервенцээ хийнэ.
-Төв банк өнгөрсөн есдүгээр сард бодлогын хүүг өсгөснөөр долларын ханшийг барина гэсэн ч хэсэг хугацааны дараа эргээд өслөө. Бодлого байгаа оносон уу?
-Ханшийн огцом өөрчлөлтөд нөлөөгөө үзүүлсэн гэдэгт Монголбанк итгэлтэй байна. Ханш зогсох ёстой биш, ханшны хөдөлгөөн маань эдийн засгийн орчны индикатор болж илэрхийлэгддэг учраас бага хэмжээгээр хөдөлж болно.
-Цаашдаа валютын ханш буурах уу?
-Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарна. Монголын эдийн засаг хүндрэлээ даван туулж, өсөлтийн арга хэмжээндээ орох юм бол төгрөг хүчтэй болж, ханш нь өснө. Тодорхой бус байдал үргэлжлэх юм бол ханш сулралтай хэвээр байна.
-“Оюутолгой” зэрэг томоохон компаниуд орлогоо Монголоор дамжуулдаггүй гадаад руу шууд гаргадаг нь валютын ханшид тодорхой хмжээгээр нөлөө үзүүлж байна гэх асуудал хөндөгдөх. Ямар арга хэмжээ авбал дээрх компаниуд орлогоо Монголоор дамжуулдаг болох вэ. Энэ асуудлаар төв банк Засгийн газартай санал солилцсон зүйл бий юу?
-Томоохон төслүүд Тогтвортой байдлын гэрээнд үндэслэгдэж хэрэгждэг. Монгол Улсын Засгийн газрын байгуулсан анхны гэрээгээр Оюутолгой төслийн орлого эхлээд Монгол Улсад орж ирж байж, дамжиж гардаг байсан. Сүүлд гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тухайн хөрөнгө оруулагч компанийн хувьд орлогоо заавал Монгол Улсаар эхний удаад дамжуулах, байлгах албагүй, гадны банкуудад байршиж болно гээд зөвшөөрчихсөн учраас төв банкны зүгээс ямар нэг санал хэллээ ч хэрэгжүүлэх боломжгүй.
Уг нь томоохон төслийн мөнгө Монголоор дамжиж байх юм бол тодорхой хэмжээгээр дэм болно.
-Хаашаа ч гүйж мэдэхээр 3 их наяд төгрөг зах зээлд байна. Ханшид бас тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлдэг бололтой юм. Тэдгээрийг буцаан татахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Ханшийн огцом савлагаанд дам нөлөөнүүд их байдаг. Тодорхой зорилгогүйгээр хэвтэж байдаг мөнгө, хувь хүний хадгаламж, аж ахуйн нэгжүүдийн чөлөөт эх үүсвэрүүд, банкуудын нэмэлт нөөц хэлбэрээр байгаа мөнгөнүүд ханшны томоохон савлагаан дээр валютын ханшийг дамлах маягаар нөлөө үзүүлээд яваад байгаа. Ийм учраас тэр эх үүсвэрүүдийг тодорхой төвшинд барих шаардлага бий. Үүнийг төв банкны үнэт цаасаар дамжуулж нөлөөллийг багасгадаг. Бодлогын хүү маань өөрөө төв банкны үнэт цаасаар дамжиж илэрхийлэгдэж байгаа. Том том савлагаа үүсгээд байгаа чөлөөт эх үүсвэрүүдийг цоожилчих юм бол нөлөө нь бага байна.
-Банкуудын төвшинд төлбөрийн чадвар, өөрийн хөрөнгийн чадвар зэрэг нь маш сайн байгаа ч чанаргүй зээлийн хэмжээ өссөн нь санаа зовоосон асуудлын нэг болж байна. Хэдий хэмжээний чанаргүй зээл үүсээд байна вэ, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?
-Статистикийн энэ оны гуравдугаар улирлын дүн мэдээгээр нийт зээлийн найман хувийг чанаргүй зээл эзлэх болсон. 2010 онтой харьцуулах юм бол чанаргүй зээлийн хэмжээ дөрөв дахин өссөн. Нэг их наяд руу ойртож байна. Эдийн засгийн суурь нөхцөлөөс хамаарч зээл чанаргүй болж байна. Чанаргүйднэ гэдэг банкны өөрийн хөрөнгө болоод дахин шинэ зээл гаргахад сөрөг нөлөө үзүүлдэг. Уул уурхай, барилгын салбарт чанаргүй зээлийн хэмжээ өндөр байна.
Тэгэхээр дээрх салбарт яаж эдийн засгийн өсөлт бий болгох вэ, яаж эргээд хэвийн байдалд нь оруулах вэ гэдэгт төсөв мөнгөний бодлого чиглэгдэх ёстой. Банкууд өөрсдөө хариуцлагатай ажиллах ёстой. Ялангуяа зээл чанаргүй болоод байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад байна уу, эсвэл зээл авсан зээлдэгчийн өөрийнх нь санхүүгийн сахилга бат тааруугаас шалтгаалж байна уу гэдгийг шалгаж байна.