Хууль сурталчлах 20 сая хаачсан бэ?

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Хууль сурталчлах 20 сая хаачсан бэ?

Дээхнэ үед хөдөө газар ганц гэрээр амьдардаг нэг мулгуу эр бурхан болсон эхнэрээ хөдөөлүүлэхээ мэдэхгүй гэртээ гурав хонуулчихаад явуулын хүн ирэхэд “Халуун зунаар хамаг саалиа хаяад, хараач үүнийг тэсгийгэд үхчихсэнийг нь” гээд гэдэс гүзээ рүү нь чичлээд сууж байсан юм гэдэг. Нэг тиймэрхүү зүйл л манай төрийнхөнд тохиолдоод байна даа.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр өчиг­дөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Байнгын хороо байнга ажиллана” гэж тодорсон байна лээ. Ухаандаа мөр холбож цэцэрхсэн нь тэр бололтой. Түү­нээс биш бүх гишүүд нь тараад амарчихсан байхад байн­га ажилладаг байнгын хороо гэж хаашаа харсан юм байх билээ. Ер нь ганц Хууль зүйн байнгын хорооныхон ч биш, УИХ, Засгийн газар ч тэр аяараа амарч, унтаж байна даа. Уг нь чуулганы завсарлага гэдэг гишүүдийн амардаг цаг биш, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хуулиар иргэд, ажилтан, ал­бан хаагчид жилд нэг удаа амардаг юм. Улсад ажилласан жилээсээ хамаараад ажлын 14 хоногоос эхлүүлэн амралтынх нь хоногийг тооцож гаргадаг. Тэгэхээр УИХ-ын эрхэм гишүүн хэнбэгуай ч байсан энэ хуулиас гажих ёсгүй юм.

Харин чуулган завсарласан хугацаанд бол тэд сонгогдсон тойрогтоо ажиллаж, дараагийн чуулганаар хэлэлцүүлэх асуудалдаа бэлтгэж, ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллах учиртай. Тэгдэг бол хавар, намрын чуулганы хэдэн сард дайны байдал зарлах шахан байж давчдуулан баталдаг хэдэн хуулийнх нь чанар ядаж сайжирч, нас нь жаахан уртсах байлгүй дээ. Харамсалтай нь үгүй бололтой. Хаврын чуулган өндөрлөөд арав хонож байхад Байнгын хороод тайлангаа тавиагүй л байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ирэх есдүгээр сард, Нийгмийн бодлго, боловсрол шинжлэх ухааны байнгын хороо наймдугаар сард хаврын чуулганаар хийсэн ажлынхаа тайланг тавих гэнэ. Харин Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо товоо гаргаагүй, Төрийн байгуулалт, Төсвийн байнгын хороо бүр тайлан ч тавихгүй гэсэн байна. УИХ-ын Тамгын газраас гаргаж өгсөн мэдээллээр бол.

Ингээд Хүннү гүрний 2020 жилийн ойгоор хүннү дээлтэй наадсан төрийн түшээд маань ёстой нэг хүннү нар шиг арилж өглөө дөө. Наадам өндөрлөснөөс хойш УИХ-ын гишүүд нь 100 хувь, Засгийн газрын гишүүдийн 70 хувь нь хөдөөлж гадаалсан байна. Наадмын долоо хоног бүтэн наадаж, амарч айрагдсан нөхдүүдэд ажлаа хийх цаг гэж бас баймаар. Яасан ч идэж ууж ханадаггүй ходоод гэдэс, амарч барагддаггүй бие цогцос байдаг юм. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэгчээр тэднийгээ дагаад төрийн байгууллагууд нь хүртэл хаалга үүдээ цоожлоод, ажилтан албан хаагчид нь гар газар хөл хөсөр жаргаж буй бололтой юм. Гадаад дотоодын ганц нэг зочин гийчний айлчлалаас өөрөөр энэ Монголын улс төрийг амь оруулж байгаа зүйл өнөөдөртөө лав алга. 

Уг нь улс төр унтаж буй энэ цагаар УИХ-ын эрхэм гишүүд цаг заваа ашиглан өнгөрсөн хаврын чуулганаар баталсан хууль тогтоомжоо иргэдэд сурталчилж, санал бодлыг нь сонсон сайн муугаа ярилцсан өргөн хүрээний хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулдаг бол ирэх намрын чуулганаар хийх ажлынх дүн нуруу, алдаа оноо, зөв буруу ч гэсэн тодроод гараад ирмээр. Түүний төлөө татвар төлөгчдийн мөнгө нь төсөв хүртэл батлуулаад, хууль сурталчлах нэрээр 20, 20 сая төгрөг халаасалсан гишүүдийн хийж байгаа ажил харин ч нэг алга. Чуулганы хуралдаан, байнгын хороодын хэлэлцүүлэг болохоор өмнөх асуудлаа шийдэх гэхээсээ хувийнхаа рейтингийг ахиулахын төлөөнөө камерын өмнө хадуурч, телевизийн эфирийг улайстал ярьдаг эрхмүүдийн хувьд тэр ажлаа хийдэг цаг нь яг одоо л байлтай. Харин манай нөхдүүдэд мэдэх мэдэхгүй хууль ярьж мунгинахын оронд /тэр нь ч бас өөр өөрийн тархи толгой, савны багтаамжаас яах аргагүй хамаарч байгаа юм л даа/ мэддэгээр нь хэдэн шуудай хорголжин ачаад айл айлын гадуу адуу үргээж очих нь илүү байдаг бололтой юм.

Чуулганы хуралдаанд дэнтэй дунтай, алдаг оног арай гэж суудаг нөхдүүдийн хувьд чуулганы завсарлага ч тэгээд амралтын цаг болдог юм байна. “Халуун зунаар хамаг саалиа хаяад” арилж өгсөн нөхдүүдийг хэн яалтай билээ. Жилийн дөрвөн улирал, 12 сараас долоохон сарыг нь үндсэн ажилдаа зарцуулдаг энэ цалинтай “ажилгүйчүүд”-ийг хэзээ, яаж ажлаа хийдэг болгох вэ?

Б.СЭМҮҮН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж