Монголын ХХ зууны нэрт сэхээтэн, доктор Сономын Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал” гардуулах ёслол өнөөдөр /2016.10.21/ Бодь таурт боллоо. Найм дахь “Гоо зүйн дээд шагнал”-ын эзнээр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр тодорлоо.
Тэрбээр “Дэлхийн сонгодог хөгжмийн өвийг үндэснийхээ өв, уламжлалтай хослуулан дотоод мэдрэхүй, гоо сайхныг өвөрмөц онцгой зохиомжоор илэрхийлэн туурвисан. Түүний зохиол, бүтээлүүд Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, түүний хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж буйг үнэлэн “Гоо зүйн дээд шагнал”-ын эзнээр өргөмжилж байгааг тус сангийн зүгээс тодотгож байв.
Энэхүү шагналыг "С.Лувсанвандан сан" 2005 оноос эхэлж олгосон. Анхны шагналын эзнээр 2005 онд “Шинэ төгөл”, “Бодь цамхаг” бүтээлээр архитекторч Ө.Ганболд, 2006 онд билгүүн номч Б.Ринчен гуайн ач, уран барималч Б.Дэнзэн, 2008 онд Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, 2010 онд Төрийн соёрхолт зохиолч Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа, 2012 онд дуурийн дуучин Э.Амартүвшин, 2014 онд бүжиг дэглээч Д.Энхгэрэл нарын уран бүтээлчид уг шагналыг хүртэж байжээ.
Ингээд “Гоо зүйн дээд шагнал”-ын найм дахь эзэнтэй цөөн хором ярилцснаа хүргэж байна.
Ш.Өлзийбаяр: Язгуур урлагаа дэлхийд таниулах нь бидний үүрэг
-Юуны өмнө “Гоо зүйн дээд шагнал”-ын найм дахь эзнээр тодорсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Миний бие энэ эрхэм хүний нэрэмжит шагналыг хүртсэндээ баяртай байна. Миний морин хуурын нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр концерт болон симфони найрал хөгжмийн бүтээлүүд, төгөлдөр хуурын бүтээлүүдийг маань үнэлж, олгосон гэж дуулсан. Хамгийн гол нь хийсэнд бус ирээдүйд хийх ажилд минь том итгэл найдвар өгч байгаа гэж бодож байна.
-Таны бүтээлийн дэлхийн сонгодог хөгжмийг ардын урлагтай хослуулснаараа онцлог шүү дээ?
-Монголын ардын язгуур урлаг яндашгүй баялаг өв сантай. Үүнийг дэлхийд түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахад мэргэжлийн хөгжмийн зохиолчдын үүрэг роль асар өндөр юм. Тийм учраас симфони найрал хөгжмийг үндэсний хөгжмийн зэмсэгүүдтэй хослуулан тоглох, тэр хэв шинжийг шингээж хөгжимдөх нь дэлхийд сонин содон байдаг. Миний хэд хэд бүтээл олон улсад тоглогдож, өндрөөр үнэлэгдсэн байдаг. Энэ нь манай ардын язгуур урлагтай салшгүй холбоотой.
-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайханг сонирхож болох уу?
-Би дөнгөж сая Улсын филармони дээрх шинэхэн бүтээлийнхээ сургуулилтаас ирлээ. Уг бүтээл маань” 286 дугаар галт тэрэг” гэдэг симфони найрал хөгжимд зориулсан зураглал. Мөн ахуйн ятга, алтайн ятга хэмээх шинээр бүтээгдсэн хоёр ятганд зориулсан найрал хөгжимтэй концерт байгаа. Гоцлол хөгжмийг ятгачин Мөнх-Эрдэнэ тоглоно. Ийм хоёр уран бүтээл дээр ажиллаж байна.
-Өөр бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна уу?
-“Чингисийн хүүхдүүд” хэмээх уран сайхны киноны хөгжим дээр ажиллаж байгаа. Монголын хурдан морь унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх учраас гадныханд их сонин байх. Тийм учраас хөгжмийг нь сайн хийхээр зорьж байна.