Орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөгчдийн дундаас Энхболдын Хулан гэдэг нэр сонин содон байсан. УИХ-ын даргын охины хувьд олны анхааралд илүүтэй өртөж байсан Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан гэдгээрээ онцгойрч байна. NEWS агентлагийн зүгээс түүнээс ярилцлага авах хүсэлт илгээхэд “Одоогоор сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байна. Сонгуулийн дүн эцэслэсний дараа илүү итгэлтэйгээр ярилцлага өгье” гэлээ. Гэвч тэрбээр цөөн асуултад хариулахаас цааргалаагүй юм.
-Сонгуулийн урьдчилсан дүнгээр Сонигинохайрхан дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр суух эрхийг сонгогчид танд өгчээ. Баяр хүргэе.
-Баярлалаа. Миний төлөө саналаа өгсөн бүх хүмүүст талархсанаа илэрхийлье.
-Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд нэр дэвшин ИТХ-д сонгогдлоо. Хорооныхоо иргэдийн тулгамдсан асуудал, бэрхшээл, хүндрэлийг хэр мэдэх вэ. Асуудлыг шийдэх гарцуудыг хэрхэн харж байна вэ?
-Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны сайн муу бүхий л асуудлыг би мэднэ. Энэ хорооныхоо МАН-ын үүрийн даргаар би дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Мөн дүүргийнхээ эмэгтэйчүүдийн байгууллагад сонгуульт ажилтай. Тэгэхээр хорооныхоо гудамж талбай, нүх сүв болгоныг мэднэ. Хороондоо хийж хэрэгжүүлэх ажлын талаар яривал урт түүх болно. Гэвч орон нутгийн сонгуулийн дүн бүрэн бүтнээрээ гараагүй, намын үүрийн ажил их байна. Тиймээс бүтэн сайнд нэмэлт санал хураалт явуулсны дараа, сонгуулийн дүн бүрэн гарснаас хойш дэлгэрэнгүй ярилцлагыг танай агентлагт өгье.
-Өөрийг тань УИХ-ын дарга, МАН-ын дарга аавынхаа нэр нүүрээр сонгуульд оролцож байна гэсэн хардлага байсан. Гэвч та намын анхан шатны байгууллагад багагүй хугацаанд ажиллаж байгаа юм байна. Ингэхэд МАН-д элсээд удаж байна уу. Намын ажилд, одоо улс төрд өөрийнхөө итгэл үнэмшлээр оролцож байгаа биз дээ?
-МАН нийслэлийн хэмжээнд 152 анхан шатны нэгж, байгууллагатай. Эдгээрийн нэг болох 45 дугаар намын үүрийн даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Намын анхан шатны нэгжид зөвхөн намын гишүүдийн төлөө ажиллахаас илүүтэй зургадугаар хорооны иргэдийн хүрээнд тэлж ажиллах, хороондоо тулгамдсан асуудлыг шийдэх үүднээс өөрөө хүсэлт гарган дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн. Миний энэ хүсэл зорилгод аав маань нөлөөлсөн гэж ойлгож болохгүй.
Ер нь бол МАН-ыг сонгох, намд элсэх хүсэл тэмүүлэл миний өсч торнисон орчин, гэр бүлийн хүмүүжлээс эхтэй гэдгийг үгүйсгэхгүй. Бага байхад өвөө маань Намын дээд сургуулийн захирлаар ажилладаг, аав намын шат шатны байгууллагад идэвхтэй ажиллаж, амьдралынхаа гарааг эхэлсэн болохоор би намд элсэхээр бүр багаасаа шийдсэн. Анх 16 настайдаа МАН-д элсэхээр өргөдөл бичиж байлаа. Тухайн үед “16 настайдаа намд элсэх боломжгүй, 18 хүрээд ирээрэй” гээд буцааж байсан. Тэгээд хоёр жилийн дараа 18 насныхаа төрсөн өдрөөр МАН-ын гишүүн болж байсан. Тэр өдөр бямба гариг байсныг сайн санаж байна. Тэгэхээр МАН бол миний өөрийн л сонголт. Түүнээс хойш 12 жил өнгөрчээ.
-Ах тань намд хэр идэвхтэй ажилладаг вэ. Өөрийг тань сонгуульд өрсөлдөхөөс өмнө Э.Анар Монголбанкинд аавынхаа нэр сүрээр орлоо гээд хэсэг шуугисан даа?
-Хүмүүс мэдэхгүй зүйлээ яаж ийм бардам ярьдгийг би ойлгохгүй байгаа. Манай ах Анарын хувьд 5-6 жилийн өмнө Японд эдийн засгийн мэргэжлээр төгсөж ирээд, Монголбанкинд мэргэжилтнээр ажилд орсон. Түүнээс хойш ажиллаж байгаа. Сая АНУ-д эдийн засгийн ухааны мастерийн зэрэг хамгаалсан хүн шүү дээ. Гэтэл хүмүүс гэнэт л нэг өдөр аавынхаа нэрээр Монголбанкинд орлоо гээд шуугиад эхэлсэн. Гэвч энэ бол сонгуулийн шоу байсан биз ээ. Ахыг маань анхнаасаа Монголбанкны ажилтан гэдгийг мэдэх хүмүүс цөөнгүй бий.
-Эмэгтэй хүний хувьд улс төрд зүтгэхэд цаг зав гаргахаас эхлээд тулгарах саад цөөнгүй. Ялангуяа гэр бүлийнхэн дэмжихгүй бол урагш алхахад хүнд. Хань тань намын ажлыг хэр дэмждэг вэ?
-Намайг хамгаас илүү ойлгож дэмжсэн хүн бол миний нөхөр. Хамаг зүрх сэтгэлээ намын ажилд, хорооны иргэдийн ахуй амьдралыг өөд татахад зориулж байгааг харж байгаа болохоор хэзээ ч үгүйсгэж буруутгаж байгаагүй. Бид хоёр өглөө хөтлөлцөж гараад орой хөтлөлцөөд гэртээ харьдаг болохоор би байнгын дэмжлэгтэй байдаг.