Өрнийнхөн бодитоос хийсвэр, дорнынхон хийсвэрээс бодитоор сэтгэдгийг эрт, эдүгээгийн жишээнүүд илт харуулаад байх юм. Жишээ нь, “Нэг ч газар буухгүй нисээд байвал хятад кино, нэг ч суманд оногдохгүй гүйгээд байвал америк кино!” гэж ажигч агаад хошин нэгний гаргасан үнэн үг ард олны дунд газар авч, алиа баясал авчран түгсээр.
Нээрээ л хятад киноны хүүхэн залуу, хүүхэд хөгшид нь ялгаагүй элдэв юм нэхэлгүй өөрөө хөөрөөд нисчихнэ. Харин өрнийнхний хүн нь байтугай хайрын бурхад ч далавчгүй бол хөрстөөс хөл хөндийрөхгүй. Ирээдүйг зөгнөсөн киноны баатрууд ч есөн шидийн төхөөрөмжийн хүчээр л ниснэ. Энэ бол ойлгож өгдөггүй филиософийн хичээл.
Энэ их гүн ухааныг хүн бүрийн мэдэх өөр жишээгээр нүдэнд тань буулгах гээд үзье. Өрнө, дорнынхны аль алийнх нь үлгэрт байдаг нисдэг морь номон дээр зураг болон буухдаа ялгаагаа харуулна. Яаж гэвэл Хөхөө намжилын Жонон хар далавчгүй, оросын Конён ворбунёк харин далавчтай. Бас л гүн ухаан, сэтгэлгээний ялгаа.
Энгийн ард бид ч хэл яриагаараа мэтгэлцэж, өрнө, дорноороо ялгардаг. Жишээлбэл, монгол хүн та “модон ширээ” гэж ярьдаг нь ширээ өөрөө үүсчихгүй, хүн хийх нь тодорхой тул “хэн нэгний хийсэн модон ширээ” гэж ярих нь илүүц гэж ухамсар анхдагч дорнын хүн гэдгээ нотолно. Харин матери анхдагч сэтгэлгээтэй англи хэлтэнд хийсэн эзэн нь биш, нүдэнд харагдаж байгаа ширээ л чухал тул “модоор хийгдсэн ширээ” гэж ярина.
Хэлээр илрэх энэхүү сэтгэлгээний ялгааг үг, дагавар, нөхцөлд алдалгүй буулгая, монголчууд аа!
“Егөөтэй 99 тайлбар” номын “Нисээд байвал дорно, гүйгээд байвал өрнө” өгүүллийн хэсгээс