Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Улсын маань хоймор болсон Хэнтийн нурууны салбар уулсын дундах Бурхантын хөндийд их бүтээн байгуулалтын эхний оч үсрээд 50 дахь жилтэйгээ золгож байна. Аж үйлдвэрийн томоохон төв, улсын хөгжлийг түүчээлэгчдийн тэргүүн эгнээнд ямагт зогсч ирсэн “Найрамдлын хот”-ын нийт иргэддээ Дархан хот үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье!

Хангайн сүрлэг уулсын дундаа исгэрэн давхих адуучин залуу, галбын говийн эзэн нь болсон ганган хүрэн тэмээн сүргийн дэргэдээс эрдмийн өргөөг зорьсон хөрслөг бор охид, Монгол орны өнцөг бүрээс цугласан залуус гар нийлэн босгосон энэ хот одоо ч залуусын хот хэвээрээ. Тэртээ жараад оны эхэнд төмөр замын өртөө төдий байсан энэ газарт өнөөдөр улсынхаа хоёр дахь нийслэл хэмээн нэ­­­­­рлэгдэх хүртлээ хөгжсөн хот сүндэрлэжээ.

Хагас зуун жилд Дарханчууд бид өнгө жавхаа бүрдсэн амгалан хотыг цогцлоох ирмүүн зорилго, эрч хүчээр дүүрэн тэмүүлсээр өдгөө 100 гаруй мянган хүн амтай, эрин зууны хөгжилтэй хөл нийлэн алхсан залуусын хотыг босгож чадлаа.
Дархан хотын их бүтээн байгуулалтын талаар шагшин биширсэн дуу, шүлэг орон даяар цуурайтаж, ажилсаг залуус нь сэтгэлийнхээ дуудлагаар шинэхэн хотыг зорьж байсан бишрэм тэр гавъяа Дарханы уугуул иргэд болох ахмад үеийнхнийх маань бөгөөд тэрхүү бахдам амжилтыг нь баярын энэ өдрүүдэд дурсахад нэн таатай байна. Өглөө нартай уралдаж, үдшийн бүрийтэй өрсөлдөж, амарч унтахаа умартан ажиллаж босгосон залуусын хотын их бүтээн байгуулалт өнөөдөр ч үргэлжлэн тэлсээр, төрөлх хотдоо улам бүр өнгө нэмсээр байна.

Олон зүйлээрээ Дарханыхан анхдагч байж чаддаг. Тэр дундаа цагаан морин жил өрнөсөн Ардчилсан хувьсгалын бүхий л үйл хэрэгт манлайлан оролцож ирсэн явдал үүний илэрхийлэл бөгөөд шинэ үеийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх бас нэгэн гавъяа гэж би хувьдаа боддог.

Дөрвөн том ой давхацсан хуртай зуны дэлгэр сайхан өдрүүд үргэлжилж байна. Дарханы 50 жилийн ой бол та бидний хувьд энэ жилийн тав дахь том ой билээ. Төрөлх хотынхоо хөгжлийн түүчээ болсон та бид 50 жилийнхээ ойг угтан олон сайхан ажил сэдэж, санаачлан гүйцэлдүүллээ.

Улс орны хөгжлийг урагш хөтөлсөн олон түүхэн шийдвэрийг хамтарсан Засгийн газар гаргалаа. Ирэх олон арван жилийн хөгжил, амжилтын суурийг хамтдаа тавилцсан их бүтээн байгуулалтын жилүүд ид өрнөж байна.

Ургах наран адил гэрэл цацруулан ирж яваа угтах он жилүүд танд болон танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг авчрах болтугай. Та бүхэн сайхан наадаарай.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж