ЗОГС! Сурагчид гараа өргөж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

ЗОГС! Сурагчид гараа өргөж байна

Шөнө, өдөр алинд ч гэрэлтдэг ханцуйвчийг сурагчид баруун гартаа зүүж, тухайн ханцуйвчтай гараа зам хөндлөн гарахдаа жолоочид харагдахаар дээш өргөн гардаг болох гэнэ-

Пүүжээ. Тэр Японд сурахыг мөрөөддөг байлаа. Гэвч, хэн нэгний буруугаас болж түүний мөрөөдөл үүрд тасарсан юм. Тэр сургуульдаа явж байхдаа осолд орж амиа алдсан. Түүнтэй адил сургуульдаа явахаар гарсан охин нь дахиж ээждээ үнсүүлээгүй. Урсгал сөрж, хурдтай давхиж явсан цагдаагийн машинд мөргүүлж  тэр охин бас амиа алдсан. Ийм эмгэнэлт осол бидний алхам тутамд гарч байна.

   Монголд бяцхан хүүхдүүдийн амьд явах эрхийг хэн хангах вэ?  Хүнлэг энэрэнгүй Монголын нийгэмд авто машины ослоор амь насаа алдах, эсвэл эрүүл мэндээрээ хохирч байгаа хүүхдийн тоо жилдээ 1000 орчим хүрдэг гээд жолооч та бодоод үз дээ.

Зам хөндлөн гарах гэж яваад автомашинд дайруулж  юмуу эсвэл  эцэг эхтэйгээ хамт орон нутгийн замд автомашинаар зорчиж явахдаа осолд өртөж, гэмтсэн хүүхдийн тоо он гарсаар 959-д хүрчээ. Харин 45 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алдсан тухай Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Ихэвчлэн 0-14 насныхан авто зам дээр осолд өртөж, бэртсэн байна. Жил ирэх бүр зам тээврийн осолд өртөх хүүхдийн тоо өсч байгаа Монголын нийгэмд анхаарах том асуудал болчихоод байгаа юм. Тиймээс хүүхдийн осол гэмтлийг бууруулах зорилгоорЗЦГ-аас шинэ арга санаачлан хэрэгжүүлж эхлүүлжээ. Шөнө, өдөр алинд ч гэрэлтдэг ханцуйвчийг сурагчид баруун гартаа зүүж, тухайн ханцуйвчтай гараа зам хөндлөн гарахдаа жолоочид харагдахаар дээш өргөн гардаг болох гэж байна. Гадаадын орнуудад хэрэгжээд удсан ч Монголд бол хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах  шинэ арга юм.  ЗЦГ-аас эхний ээлжид нийгмийн хариуцлагаа ухамсарласан хэд хэдэн компаниудын дэмжлэгээр  2,5 дугаар сургуулийн бага, дунд ангийн сурагчдад гэрэлтдэг ханцуйвчийг тараажээ.

Нийслэлийн бүх сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зам хөндлөн гарах гэрэлтдэг ханцуйвчийг ганцхан ЗЦГ бэлтгэж, тараана гэвэл санхүүгийн хувьд боломжгүй. Иймээс эцэг эхчүүд, аж ахуйн нэгжүүд хүүхдийг ослоос хамгаалах ажилд сайн дураараа нэгдэн орохыг энд уриалъя. Ирэх жилээс сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл дүрэмт хувцастай хамт нь оёж, худалдах боломжтойгоо илэрхийлжээ.

Хичээлээ тараад сургуулийнхаа хашаанаас гарангуут байнгын хөдөлгөөнтэй авто зам хүрээлсэн байршилтай ерөнхий боловсролын сургууль Улаанбаатар 60 байдаг. Жишээлбэл, Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль. Тус сургуулийн урд, зүүн талд туслах замууд үргэлжилнэ.  Харин тавдугаар сургуулийн тухайд баруун, зүүн, урд талдаа мөн л автозамтай. Хичээл эхлэх, тарах үед эцэг эхчүүд ээлжлэн жижүүрлэж, сурагчдыг зам хөндлөн гаргадаг ч, авто осолд өртөх хүүхдийн тоо буурахгүй л байна.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж