Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

”Оюунгүй” Монгол

Хүннү гүрний 2020 жилийн ой, Их Монгол улсыг байгуулсны 805 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсналын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой… гээл ярингуут монгол хүний ясны онцлог илэрч, цус нь хөөрч байгаа юм. “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг хөөрсөн хүн бас хүн алах нь юу юм, нийгмийн үнэт зүйл, үнэлэмж гээч юмыг жинхэнээсээ “будаа” болгож байгаа юм даа.

Энэ жилийн баяр наадмаар начны даваа 120 сая хүрч, найрааны үнэ 250 саяд хүрсэн гэнэ. Тэгээд нутгийн зөвлөлөөсөө мөнгө цуглуулж байж 250 сая төгрөгөөр худалдаж авсан начных нь цолыг нутгийн зөвлөл нь дахиад 170 сая төгрөгийг үнэтэй “Lexus 570” машинаар байлж байгаа юм даа. Сэлэнгэчүүд шинэ арслангаа, Увсчууд аваргаа “Lexus 570”-аар байллаа гэнгүүт Өмнөговийнхон өмдөө норгох шахаад шинэ начиндаа бас нэгийг авч өгч байгаа юм. Мөнгөөр авсан уу, хүчээр авсан уу падлий ч байхгүй. Ингээд улсад хорин татвар төлсөн гайгүй шиг хөрөнгөтний унаж тэвчээгүй машиныг наадмаар тав давсан найрааны начин хоёр хоёроор нь хооронд нь мөргөлүүлж тоглож байгаа юм даа. Монгол наадам ингэж мундраа хутгасаар цөөнгүй жилийг ардаа орхиж байна.

Энэ жилийн наадмын дундуур хоёр аймгийн нутгийн зөвлөл уулзаад “Начны найрааны ханш өсгөлөө” гэж нэг нь нэгийгээ алангаа алдсан гэнэ лээ. Махны үнэ, валютын ханш энэ тэр гэдэг байснаа одоо “Начны ханш” гэж ярьдаг болоод байгаа. Удахгүй баян айлын авгай нар “Sex shop”-уудад ороод “Аль вэ, тэр начин чинь ямар үнэтэй вэ”, “Залуухан гарьд байвал гурвыг хоёрын үнээр авья даа” гэх нь л дээ.

За, тэгээд үндэсний спорт гэж өөгшүүлсэн үндэсний бөхчүүдийн дэргэд дэлхийн спорт, олимп энэ тэр бол хүүхдийн тоглоом болж харагдаж байгаа юм. Оюуны спорт гэгддэг шатар, даам бол бүр байхгүй шүү дээ. Шатрын аваргууд, байт харвааныхан олимп, дэлхийн аваргад оролцох гэхээр зардлын мөнгө олддоггүй гэж байгаа юм. Хэдэн жилийн өмнө дөө, олон улсын түвшинд ажиллах топ менежерийг шалгаруулахаар уралдаан зарлахад шагналын сан нь арай гэж 50 сая төгрөг хүрч байсан юм. Тэгээд тэр тэмцээнд хэн гэдэг этгээд шалгарсан талаар бол өнөөдөр нэг ч монгол хүний ухаан санаанд байхгүй л дээ. Тэгсэн хэрнээ булчин шөрмөсөө бусдад гайхуулаад, болж өгвөл өөрсдийг нь барьж зодчихоод яваа бүдүүн хадуун хэдэн бөхдөө байдгаа барчих шахна. Ёстой нөгөө “илжиг модон хударгандаа” гэдэг л тэр байх даа.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж