С.Саянцэцэг “Virtuoso”-д саатна

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

С.Саянцэцэг “Virtuoso”-д саатна

Оны шилдэг, гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн “Virtuoso” гала тоглолт арваннэгдүгээр сарын 28-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт болохоор товлогджээ.

Зохион байгуулагч “Virtuoso” академийнхан 14 дэх жилдээ мэргэжлийн хөгжмийн урлагийн “гал гарсан” сайхан тоглолтыг үзэгч олонд хүргэхээр хэдийнэ бэлтгэл ажилдаа орсон байна.

Тухайн ондоо амжилт гаргасан хөгжмийн уран бүтээлчдийг оны төгсгөл үед нэгэн дор урьж, хэрхэн уран чадварлаг тоглодгийг нь үзэгчдэд хүргэж байх уг тоглолтыг төгөлдөр хуурч М.Цогбадрах анх 2000 онд санаачлан, зохион байгуулж ирсэн. Жил жилийн нэгдсэн тоглолт онцлогтой болдог бөгөөд энэ удаа камерный буюу цөөхүүл хөгжимчдийн нийлэмж тоглолтуудыг түлхүү сонсгохоороо онцлог.

“The Solace” нэгдэл

2016 онд камерный хөгжмийн төрлөөр цуврал тоглолтууд хийж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан мэргэжлийн залуу хөгжимчдийн “The Solace” нэгдэл тус гала тоглолтод уригдсан байна. Тус нэгдэл долоон хөгжимчний бүрэлдэхүүнтэй бөгөөд эдүгээ Улсын Филармони, Хөгжим бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагад хөгжимчин, багшаар ажиллаж байгаа вм. Тэдний гурав нь гадаадад Хөгжмийн дээд сургууль төгсөөд, эх орондоо ирж ажиллаж буй.

Хийлч Г.Тамир БНСУ-д, виолончельч О.Од ОХУ-д, эрдүү хийлч Э.Батмягмар АНУ-д төгссөн “ир бяр” ид жагсаад буй хөгжимчид. Хийлч Х.Санчир, Б.Хулан, виолончельч Б.Дариймаа, эрдүү хийлч Б.Анхтуяа нар эх орондоо боловсорсон мэргэжилтнүүд бөгөөд долуул хамтдаа дэлхийд алдаршсан П.И.Чайковскийн “Флоренцийн дурсамж” зэрэг зохиол тоглож, үзэгч олныг сонгодог хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялуулна.

Хийлч Г.Тамир

Италид Хөгжмийн академи төгсөөд ирсэн виолончельч Д.Амармэнд, төгөлдөр хуурч Б.Номингуа нарын хослон тоглох нь гайхамшигтай байх болно хэмээн зохион байгуулагчид ярив. Виолончель буюу морин хийл хөгжмөөр гаргуун тоглодог Д.Амармэндийг хөгжмийнхөн ясны хөгжимчин, жинхэнэ виртуозуран бүтээлч гэж дүгнэдэг юм билээ. Гэр бүлийн хоёр хоёул олон жил Итали улсад Хөгжмийн сургуулиудад суралцаж төгсөөд, одоо Хөгжим бүжгийн коллежид багшаар ажиллаж байгаа юм. Д.Амармэнд “Камерный чиглэлээр буюу хамтарч тоглох гэдэг нь хэдий тус тусдаа хүмүүс ч нэг хүн шиг тоглохыг хэлдэг хөгжмийн онцгой төрөл жанр аж. Нэг нь гоцолж, нөгөө нь дагах, хамсрах байдлаар биш, нэгэн түвшинд ур чадвар гаргаж тоглохыг хэлдэг” гэж ярьж байна.

Дээр нэр дурдсан эрдүү хийлч Э.Батмягмар гоцолж тоглох юм байна. “Virtuoso Gala Concert”-ийн түүхэнд эрдүү хийлээр гоцолж тоглож байсан нь үгүй гэнэ. Тэгэхээр энэ залуугийн тоглох С.Прокофьевын “Ромео, Жульетта” балетын хөгжмийн хэсэг үзэгчдийн сэтгэлийг гойд татах бололтой.

Энэ удаагийн гала тоглолтын хамгийн томоохон шигтгээ, магадгүй очир алмаз нь төгөлдөр хуурч С.Саянцэцэг байх аж. Дэлхийн нэр хүндтэй олон тайзнаа тоглож явдаг тэрбээр сүүлийн жилүүдэд Монголдоо тоглож, сонирхолтой концерт, арга хэмжээнүүд зохион байгуулах болсон. Испани улс дахь “Биёонд мюзик” олон улсын хөгжмийн наадмын захирал, төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанууын шүүгч түүнийг зохион байгуулагчид хүндэтгэн “Virtuoso Gala Concert-2016”-даа урилгаар тоглуулж буй юм билээ.

Төгөлдөр хуурч С.Саянцэцэг эдүгээ Хөгжим бүжгийн коллеж, СУИС-д багшилж, хувийн хөгжмийн сургалтын төвөө удирдаж буй. Тэрбээр ирэх сард БНХАУ дахь ажлаа амжуулж ирмэгцээ “Virtuoso”-ын тайзнаа тоглох нь ээ.

Хийлч, ХБК-ын IV курсын оюутан Б.Билгүүн энэ оны хавар хийсэн уран бүтээлийн бие даасан тоглолт болон уран бүтээлийн ерөнхий амжилтаараа тус гала тоглолтод уригдсан байна. Үндэсний хөгжимчдийн төлөөлөл мөн энэхүү нэр хүндтэй тайзнаа тоглоно.

Морин хуурч Э.Мөнхбаяр, хуучирч Э.Цэндсүрэн.

ҮДБЭЧ-ын морин хуурч Э.Мөнхбаяр, хуучирч Э.Цэндсүрэн нар хослон тоглох бол нийслэлийн “Улаанбаатар” чуулгын хөгжимчин лимбэчин Б.Мягмарцэрэн гоцолж, үндэсний үлээвэр хөгжмөөр хэрхэн жиргэдгийг харуулна. Мөн нэгдэж тоглож эхлээд удаагүй ч Г.Нямжанцан багшийнхаа удирдлагаар хэд хэдэн уралдаанд амжилт үзүүлж, саяхан Санкт-Петербург хотын Эрмитажд тоглолт хийгээд ирсэн үндэсний хөгжимчдийн “Нүүдэлчид” хамтлаг хөгжим эгшгээ өргөнө. “Virtuoso Gala Concert”-ыг хөгжмийн мэргэжлээр суралцаж буй, шилдэг хүүхдүүд нээдэг онцлогтой.

Энэхүү тоглолтыг санаачлагч М.Цогбадрах төгөлдөр хуурч тул энэ мэргэжлээр суралцагч хүүхдүүдэд урам өгөх, багаас нь тайзан дээр тоглуулж өсч дэвжих тэмүүлэл төрүүлэх хүслээр Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын бага ангийн шилдэг сурагчаар нээлгэдэг нь сэтгэл татам байдаг. Энэ удаа ч гэсэн уламжлалаа дагах аж.

Мөн Хөгжим бүжгийн коллежийн шилдэг нэгэн суралцагчийг тоглолт нээж тоглохыг урих бөгөөд сурагчдын нэрс хараахан тодроогүй байгаа юм байна. Энэ жилийн “Virtuoso” ийм тансаг, баялаг, дахин давтагдашгүй болох нь эндээс харагдаж буй болов уу.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж