Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж 2013 оноос хойш "Цагийн ажил" төслийг хэрэгжүүлж, 24 мянга гаруй оюутан залуусыг цагийн ажилд зуучилсан байна. Нэг цагийн ажлын хөлсний дундаж хэмжээ одоогоор 1000-5000₮, өдрийн 10-30 мянган төгрөг байгаа бөгөөд нийтэд нь тооцвол тус биржээр зуучлуулсан залуус 412 сая төгрөгийн цалин урамшуулал авсан гэсэн тооцоо гарчээ. Эдгээр тоон үзүүлэлтүүд нь Монгол Улсад цагийн ажлын системийг хөгжүүлэх шаардлагатайг илэрхийлэхийн сацуу оюутан залуучуудыг түр ажлын байраар хангах зорилготой "Цагийн ажил" төсөл үр дүнтэйг харуулж байгаа юм.
"Цагийн ажил" төслийн хүрээнд гадаад улс орнуудад цагийн хөдөлмөр эрхэлж байсан туршлагатай залуусын ажлын туршлага, тухайн улс орнуудын цагийн ажлын систем, давуу талууд, манай оронд цагийн ажлын систем одоо ямар түвшинд хөгжиж байгаа цаашид энэхүү системийг боловсронгуй болгоход анхаарах асуудлаар санал солилцох зорилгоор "Цагийн ажил-МОНГОЛД" хэлэлцүүлгийг удахгүй зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, Ажил олгогч байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл мөн гадаадын их дээд сургуульд суралцах хугацаандаа цагийн ажил идэвхтэй хийж байсан, тухайн улсын хөдөлмөр зуучлалын системийг тодорхой түвшинд мэддэг залуучууд оролцох юм байна. Хэлэлцүүлэг ирэх долоо хоногийн Пүрэв гаригийн /2016.10.27/-т 16.00-18.00 цагт болно.
Д.ЦЭЭНЭ