Улаанбаатарт зургаан орны боксчид өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт зургаан орны боксчид өрсөлдөж байна

Олон улсын сонирхогчдын боксын холбооны /AIBA/ 2016 оны календарчилсан хөтөлбөрт багтсан “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн өнгөрөгч Мягмар гаригт /2016.10.18/ Спортын төв ордонд эхэлсэн. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр амралттай бөгөөд маргааш үргэлжлэн явагдана.

Энэ удаагийн цомын тэмцээнд ОХУ, БНХАУ, Узбекстан, Сингапур, Унгар, Монголын эрэгтэй 61, эмэгтэй 24, нийт 81 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн жинд өрсөлдөж байна.

“Чингис хаан-Улаанбаатарын цом” тэмцээн нь “Рио 2016” олимпийн наадмаас хойш манай улсад болж буй анхны олон улсын тэмцээн болж байна. Мөн тэртээ 1969 оноос эхлэн зохиогдож эхэлсэн “Улаанбаатарын цом” Олон улсын тэмцээнийг “Чингис хаан-Улаанбаатарын цом” нэртэйгээр 16 жилийн дараа сэргээн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Тэмцээний эхний өдрүүдэд Д.Мөнх-Эрдэнэ /49 кг/, О.Мөнхсайхан /56 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, О.Батзориг /69 кг/, Ф.Мелибоев /Узбезстан, 69 кг/, Ху Ричабилиге /БНХАУ, 69 кг/, Б.Мөнх-Ирээдүй /69 кг/, Жилей Жан /БНХАУ, 75 кг/ нарын боксчид эхний ялалтаа авчээ.

Мөн эмэгтэй боксчдоос М.Нандинцэцэг, Турсуной Рахимов /Узбекстан/, Анита Боде /Унгар/, Л.Алтанцэцэг /бүгд 51 кг/, Д.Шинэцэцэг /54 кг/, М.Мафтуахон/Узбекстан/,  У.Шинэцэцэг, М.Мягмаржаргал/бүгд 60 кг/ нар өрсөлдөгчөө хожсон юм.

“Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн маргааш 14.00 цагаас эхлэх бөгөөд энэ сарын 22-ны өдөр өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж