
-Нийслэлд үерийн хамгаалалтын далан хэдийг барьж байгаа вэ?
-Нийслэлийн хөрөнгөөр нийт гурван далан, улсын хөрөнгөөр нэг үерийн хамгаалалтын далан барьж байгаа. Эдгээрийн ажил эхэлсэн бөгөөд энэ жил хоёр нь буюу Сэлбийн баруун эргийн далан, биокомбинатын үерийн далангуудыг ашиглалтад өгнө. Нэг нь ирэх жил, нэг нь гурван жилийн хугацаатай он дамжиж хийгдэж байгаа.
-Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны иргэд үерт автсан. Тэнд үерийн далан барьж байгаа юу?
-Энэ хэсэгт үерийн ус зайлуулах далан байдаг ч оршин суугчид барилга барьсан, хогоо хийж дүүргэснээс болж, далан бөглөрч айлууд усанд автаад байсан юм. Дүүргийн удирдлагууд нүүх шаардлага хүргүүлдэг ч эндхийн оршин суугчид А зэрэглэлийн бүсэд байршилтай газарт зөвшөөрлийн дагуу оршин сууж байгаа учраас нүүх боломжгүй гэдэг юм билээ. Тиймээс дүүргийн зүгээс 13, 14-р хорооны оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, Зүүн уулын үерийн хамгаалалтын байгууламжийн ажлыг эхлүүлсэн байгаа. Анх хоёр жилийн өмнөөс төлөвлөгдөж, наадмын өмнө ажил нь эхэлсэн. Далан барихын тулд Нарантуул захын урд уулзвараас Чулуун-Овооны уулзвар хүртэлх замыг хааж хөдөлгөөнийг түр зогсоогоод байсан. Нийтдээ 24 метр урт даланг ирэх сарын 1 гэхэд хийгээд дуусна гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлсэн. Нийт 12 тэрбум төгрөгөөр хийгдэх Зүүн уулын үерийн хамгаалалтын байгууламжийн ажил долдугаар сарын 15-нд эхэлсэн. Хоёр жилийн өмнөөс яригдаж, зураг төсөл нь хийгдэж, энэ жил улсын төсөвт гурван сая төгрөг суусан байна. Энэ онд төмөр зам дагуу хоёр, автозамын гурван гаргалгаа гаргах юм.
-Энэ далангийн дагуу Нарны замын зүүн хэсгийг хаасан байгаа гэсэн?
-Нарны зам дагуу төмөр замыг хоёр газар сэтэлсэн. Уг даланг “Эм Эм Жи Капитал” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж, 50 гаруй ажилчин, таван хүнд даацын кран техник хэрэгсэлтэй ажиллан Нарантуулын замыг хоёр газар сэтэлж, дөрвөлжин төмөр бетон хийцүүдийг угсарч байгаа юм. Нарны зам дагуу хоорондоо 800 метр зайд хоёр гаргалгаа хийж, мөн тэр дагуу харалдаа төмөр замыг хоёр газраар сэтэлж байгаа юм. Нийт 24 метр урттай 2х2 харьцаатай төмөр бетон хийцээр угсарч далд хоолой тавина. Хоёр талаар хийгдэж байгаа 3,7 км гарц нийлж Туул голд цутгах юм.
-Тус дүүрэгт ирэх жил мөн үерийн далан барина гэсэн үү?
-Тиймээ. Ирэх жил 5, 22, 19, 24, 9, 17, 8 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх үерийн далан сувгийг инженерийн байгууламж болгон засварлаж, Дандарын гудамжны дээшээ Цайз руу өгсөх гаргалгаа хийнэ. Ингэснээр дүүргийн иргэд үер усны аюулд өртөх эрсдэл бүрэн шийдэгдэх байх. Бусад дүүргүүдэд ч мөн адил үерийн ус зайлуулах шаардлагатай газар судалгаа хийж үерийн далан барина.
