“Гоёл” наадам гоё хэвээрээ юу?

Хуучирсан мэдээ: 2016.10.20-нд нийтлэгдсэн

“Гоёл” наадам гоё хэвээрээ юу?

Энэ удаагийн “Монгол сервис” булангаараа Монголын загварын чиг хандлагыг тодорхойлдог хамгийн том шоу болох “Гоёл” наадмын талаар хөндөж, шүүмжлэлтэй тал болон ололттой талыг магтан алдаршуулах болно.


Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл” наадам загварын салбарынхны хүсэн хүлээдэг наадам мөнөөсөө мөн. Энэхүү наадмаар тухайн жилийнхээ загварын чиг хандлага, шинэ дүр төрхийг тодорхойлдог гэж үздэг. Гэвч үнэхээр “Гоёл” наадам бидний амьдралыг “гоёл” болж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй юм.

Жил бүрийн өвөл зохион байгуулдаг “Гоёл” наадмыг анх 1988 онд монголчуудад хувцаслах соёлыг түгээх зорилгоор тухайн томоохон үйлдвэрүүдийн Зохион бүтээх товчоодын дизайнеруудын дунд зохион байгуулсан түүхтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд “Гоёл” наадмын загварын чиг хандлага, хувцаслалтын соёл гэхээсээ илүү оролцож буй загвар өмсөгч, топуудын талаар хэл ам гарч, багагүй шүүмжлэл дагуулах болсон нь нууц биш болжээ.

Энэ наадмын анхны шоунд Үслэг болон Савхин эдлэлийн үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр, Шилмэл загвар зохион бүтээх төв зэрэг улсын томоохон үйлдвэрүүд бүтээлээ толилуулдаг байжээ. Энэ уламжлалаа өнөө цагт ч гэсэн хадгалж, орчин цагийн загварын ертөнцийн томоохон агентлагууд болох “Монгол модель”, “Шилмэл загвар” тэргүүтэй агентлагийнхан дизайнераараа, моделиороо, бүтээлээрээ өрсөлдөх болсон билээ. Тийм ч учраас “Гоёл” наадам нь загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгч, үе үеийн загвар өмсөгчдийг нэгтгэж чаддагаараа бусад загварын шоунаас онцлог гэж хэлж болно.

“ТОП” ТОДОТГОЛТОЙ ХОВ ЖИВ

“Гоёл” наадам 2001 оноос “Топ” хэмээх тодотголтой, шагналын эзнийг тодруулдаг болсон. Тэрхүү “Топ” тодотголтой титмийг хүртсэн хэнбугайн ч нэр хүнд гэрлийн хурдаар өсдөг. Тиймээс ч “Гоёл” наадмын “Топ”-ыг тойрсон хэл ам, хов жив багагүй гарсаар ирсэн. Тэр ч бүү хэл уг наадмыг ивээн тэтгэдэг “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын наадам хэмээн шүүмжилж, “Ц.Мянганбаяртай холбогдсон хүүхнүүд “Гоёл”-д түрүүлдэг” гэсэн яриа хүртэл байдаг. 2012 онд “Гоёл” наадмын анхны топ модель Э.Одгэрэл  “Болормаа бид хоёр ярилцаад “Гоёл” наадамд дахин оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан. Уг наадмын утга учир алдагдаад удаж байна. Одоо цагт Ц.Мянганбаяртай нэр холбогдсон хүмүүс л топ модель болдог болсон байна шүү дээ” хэмээн хэвлэл мэдээллээр зарласан нь шуугиан тарьсан.

Ийнхүү шүүмжлэх болсон нь 2006 оны “Топ модель” Д.Пүрэвсүрэн түүний охиныг төрүүлсэн бол 2008 оны “Топ модель”-иор шалгарсан Г.Алимаа мөн л Ц.Мянганбаярын нарийн бичгээр ажиллаж байсан бөгөөд 2012 оны “Топ”-оор тодорсон О.Пүрэвдуламыг бас л түүний гэргий болсон гэсэн мэдээллүүд хэвлэлээр ар араасаа гарч байв.

“Гоёл” наадмын “Топ модель”-иор анх 2001 онд загвар өмсөгч Э.Одгэрэл, Д.Болормаа нар зэрэг шалгарсан бол 2002 онд Д.Цолмон, 2003 онд Э.Туяацэцэг, 2004 онд Х.Ундраа, 2005 онд Т.Баянзул, 2006 онд Д.Пүрэвсүрэн, 2007 онд Г.Уранцэцэг, 2008 онд Г.Алимаа, 2009 онд О.Уянга, 2010 онд Ч.Уранбилэг, 2011 онд Э.Сэлэнгэ, 2012 онд О.Пүрэвдулам, 2013 онд С.Ариунбилэг, 2014 онд Х.Бадамгэрэл, 2015 онд Х.Уянга нар тус тус шалгарчээ.

Энэ жилийн “Гоёл-2017” наадам удахгүй эхэлнэ. Жилээс жилд үнэ цэнээ алдаж байна гэх шүүмжлэлийг дагуулж байгаа уг наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 28 дахь жилдээ зохион байгуулах юм.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж