Аравдугаар сарын 20. Энэ өдөр монголчуудын хувьд түүхэнд тэмдэглэгдэх өдрийн нэг билээ. Тэртээ 1968 оны аравдугаар сарын 20-ны өдөр Мексикийн Мехико хотноо болсон зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн төрлөөс Монголын гурван тамирчин медаль хүртсэн юм. Тэр дундаа жингийн дарааллаар 52 кг-ын жинд Ч.Дамдиншарав хүрэл медалийн төлөө барилдан ялалт байгуулж, олимпийн медалийн буухиаг эхлүүлж байсан түүхтэй. Түүний араас 70 кг-д Д.Сэрээтэр хүрэл, 87 кг-д Ж.Мөнхбат нар мөнгөн медаль хүртэж байсан юм.
Монгол улсын олимпийн анхны медальтан болсон Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав нь 1964, 1968, 1972 оны Олимпийн наадамд тамирчин, 1980, 2000, 2004 оны Олимпийн наадамд дасгалжуулагчаар оролцсон юм. Мөн ДАШТ-нд 10, Дэлхийн цомын тэмцээнд хоёр, ААШТ, Азийн спортын наадамд тус тус оролцож байжээ.
Эдүгээ манай улс зуны олимпийн их наадмаас 26, паралимпийн наадмаас гурван медаль хүртээд байгаа. Олимпийн анхны медалийг чөлөөт бөхийн тамирчин Ч.Дамдиншарав авчирч байсан бол олимпийн анхны хос медалийн эзэн нь жүдо бөхийн тамирчин Н.Түвшинбаяр билээ. Мөн паралимпийн наадмын анхны медалийг Д.Баатаржав эх орондоо авчирсан.
2016 он спортынхны хувьд хамгийн оргил жил. Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмаас Д.Сумъяа /жүдо бөх/ МӨНГӨ, Д.Отгондалай/бокс/, Паралимпийн XV наадмаас Б.Ууганхүү /жүдо бөх/, Э.Содномпилжээ /пауэрлифтинг/ нар ХҮРЭЛ медаль хүртсэн юм.
ОЛИМПИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
- “Токио 1964” – 21 тамирчин
- “Мехико 1968” – 16 тамирчин
- “Мюнхен 1972” – 43 тамирчин
- “Монреаль 1976” – 31 тамирчин
- “Москва 1980” – 43 тамирчин
- “Сөүл 1988” – 28 тамирчин
- “Барселона 1992” -33 тамирчин
- “Атланта 1996” – 16 тамирчин
- “Сидней 2000” – 20 тамирчин
- “Афин 2004” – 20 тамирчин
- “Бээжин 2008” – 29 тамирчин
- “Лондон 2012” – 29 тамирчин
- “Рио 2016” – 43 тамирчин
ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУД
Алтан медальтнууд:
- Н.Түвшинбаяр – “Бээжин-2008”, жүдо бөх
- Э.Бадар-Ууган – “Бээжин-2008”, бокс
Мөнгөн медальтнууд:
- Ж.Мөнхбат – “Мехико-1968”, чөлөөт бөх
- Х.Баянмөнх – “Мюнхен-1972”, чөлөөт бөх
- З.Ойдов – “Монреаль-1976”, чөлөөт бөх
- Ж.Даваажав – “Москва-1980”, чөлөөт бөх
- Ц.Дамдин – “Москва-1980”, жүдо бөх
- О.Гүндэгмаа – “Бээжин-2008”, буудлага
- П.Сэрдамба – “Бээжин-2008”, бокс
- Н.Түвшинбаяр – “Лондон 2012”, жүдо бөх
- Н.Төгсцогт – “Лондон 2012”, бокс
- Д.Сумъяа – “Рио 2016”, жүдо бөх
Хүрэл медальтнууд:
- Ч.Дамдиншарав – “Мехико-1968”, чөлөөт бөх
- Д.Сэрээтэр – “Мехико-1968”, чөлөөт бөх
- Т.Артаг – “Мехико-1968” чөлөөт бөх
- Д.Оюунболд – “Москва-1980”, чөлөөт бөх
- Р.Даваадалай – “Москва-1980”, жүдо бөх
- Н.Энхбат – “Сөүл-1988”, бокс
- Н.Баярсайхан – “Барселона-1992”, бокс
- Д.Мөнхбаяр – “Барселона-1992”, буудлага
- Д.Нармандах – “Атланта-1996”, жүдо бөх
- Х.Цагаанбаатар – “Афин-2004”, жүдо бөх
- С.Ням-Очир – “Лондон 2012”, жүдо бөх
- С.Батцэцэг – “Лондон 2012”, чөлөөт бөх
- У.Мөнх-Эрдэнэ – “Лондон 2012”, бокс
- Д.Отгондалай – “Рио 2016”, бокс
ПАРАЛИМПИЙН НААДАМ:
Алтан медаль:
- Д.Баатаржав – “Бээжин 2008”
Хүрэл медальтнууд:
- Б.Ууганхүү – “Рио 2016”, жүдо бөх
- Э.Содномпилжээ – “Рио 2016”, пауэрлифтинг
Ч.БОЛОР