Аляскад нефтийн том ордыг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.10.20-нд нийтлэгдсэн

Аляскад нефтийн том ордыг илрүүлэв

caelusenergy.com

Аляскийн Смитийн буланд 2,5 тэрбум баррель газрын тосны нөөц бүхий том ордыг  илрүүлжээ. Хайгуулийн ажлыг олонд төдийлөн танигдаагүй “Caelus Energy” компани явуулсан байна.

“Caelus Energy” компани энэ сарын эхээр Аляскт 1,8-2,4 тэрбум баррелийн олборлолтын нөөцтэй, өндөр чанарын нефтийн ордыг илрүүлсэнээ зарлав. Нөөцийн нийт хэмжээг дөрвөн тэрбум баррель гэж тооцоолжээ.

Туйлын цагирагаас хойд зүгт ойролцоогоор 500 км-ийн зайд, АНУ-ын хамгийн хойд талын хот Барроугаас зүүн өмнө зүгт 80 км-т орших гүехэн устай Смитийн булангаас уг ордыг илрүүлжээ.

“Caelus Energy” компанийг удирддаг “Apollo Global Management” сангийн тооцоолсноор энэ ордыг ашиглаж эхлэх нь Норт-Слоуп бүсэд шинэ амьдрал цэцэглүүлэ, орон нутгийн залуучуудын дунд харьцангуй өндөр байгаа ажилгүйдлийг бууруулахад ихээхэн нэмэртэй болох тухай The Wall Street Journal сонин бичив.

Мексикийн буланд байгаа тээврийн жижиг чиргүүл хөлөг онгоцуудыг ордын тийш нь зөөж живүүлээд, дээр нь хиймэл арал бий болгон усан доорхи өрөмдлөгийг эхлэхээр компани төлөвлөж байгаа юм. Хэрэв хайгуулийн урьдчилсан дүн нь батлагдвал, 2015 онд “Exxon Mobil” компанийн Гайаны эрэгт илрүүлсэн ордоос нөөцөөр хамаагүй илүү байх ажээ. Өдрийн олборлолтыг 200 мянган баррельд хүргэх төлөвлөгөөтэй. Энэ нь “ConocoPhillips”-ийн 2000 онд нээж байсан Алпайн ордынхоос илүү юм. Алпайнаас одоо өдөрт 139 мянган баррель нефть олборлодог гэж Alaska Dispatch News сонин бичжээ.

Гэхдээ үнэлгээг компани өөрөө гаргасан, хөндлөнгийн шинжээчид нотлоогүйг бас тооцон үзэх хэрэгтэй. Мөн ордын байршил байгаль, цаг уурын хүнд нөхцөлтэйг бас бодолцох учиртай. 

“Олборлолт амар биш. Ижил нөхцөлтэй дэлхийн төслүүдийг бид судалж байна” хэмээн “Caelus Energy” компанийн гүйцэтгэх захирал Жеймс Массельман хэлэв. Тэр өмнө нь Африкийн баруун эрэгт том ордуудыг илрүүлж байсан “Kosmos Energy”, “Triton Energy” компанийг удирдаж байсан туршлагатай. АНУ-ын усан эргийн дагуу 200 км хоолой татан нефть дамжуулах хоолойн сүлжээнд холбоно гэдгийг Массельман нэмэн дуулгав.

Төслийг хэрэгжүүлэхэд 800 сая орчим ам.доллар хэрэгтэй ба Аляскад олборлолт буурч байгаа нөхцөлд Засгийн газар уг төслийг дэмжих бололтой. Аляскийн хоолойн сүлжээ нь одоо эрсдэлтэй байгаа. Хоолойгоор шахах нефть багассанаас  элэгдэл нь нэмэгдсэн гэнэ. Смитийн булангаас өдөрт хэдэн мянган баррель нефтийг шахах нь хоолойн элэгдлийн насыг арав гаруй жилээр нэмэгдүүлэх юм.

Уг төслийг дэмжихээ Аляскийн захирагч Билл Уокер хэлээд Арктикийн бүс энэ салбарын цаашдын судалгаа хайгуулийг нэмэгдүүлэхэд нээлттэй байх ёстой гэв.

Харин хүрээлэн буй орчныг хамгаалагчид энэ төслийг эсэргүүцэх байх. 1970-аад онд Аляскад анх нефть илрэхэд америкчууд уг мэдээг их л өөдрөгөөр хүлээн авч байсан юм. Тухайн үед Ойрхи Дорнод нефтийн нийлүүлэлтээ зогсооно гэж сүрдүүлж байсан болохоор арга ч үгүй сайхан мэдээ байсан байх. Харин одоо байгаль орчны асуудал зөвхөн экологчдыг биш энгийн иргэдийг ч догдлуулах болсон юм.

Олон нийтийн эсэргүүцлийн улмаас Аляскад нефть олборлохоос “Royal Dutch Shell” компани саяхан татгалзан туршилтын өрөмдлөгөө зогсоосон юм. “Caelus Energy” компани 10 км-ын зайтай хоёр цооног өрөмдсөн ба гурав дахийг нь 2018 онд өрөмдөх төлөвлөгөөтэй. Хугацаа ингэж алслагдсан нь өрөмдлөгийг зөвхөн өвлийн саруудад хийдэгтэй холбоотой. Мөн компани бүрэн тайлан тооцоогоо хийгээгүй байна.

Одоогоос бараг 150 жилийн өмнө Оросын эзэнт улсын Засгийн газар Аляскийг 7,2 сая ам.доллараар /өнөөгийн үнэлгээгээр 320 сая ам.доллар/ АНУ-д худалдсан юм. Өнөөдөр баррель нефтийн үнэ 50 ам.долларын орчим байгаа гэж тооцвол шинэ ордын олборлолт наад зах нь 100 тэрбум долларын ашигтай байх ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж